2020.08.21

О.Цогтгэрэл: 2021 оны төсвийн төсөөллийг хэт өөдрөгөөр тооцох нь эрсдэлтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

“Сүүлийн 4 жил ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Тодорхой хэмжээний үр дүнтэй ажилласан гээд яриад байдаг. Гэтэл аливаа зүйл үр дүнгээрээ л хэмжигддэг. 2016 онд энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд төсвийн алдагдал 2 оронтой тоонд байгаад л орж ирж байсан. Одоо энэ хөтөлбөр дуусаад дараагийн хөтөлбөрийн тухай яриад явж байхад төсвийн алдагдал 9,9 буюу дахиад гүйцэтгэлээрээ 2 оронтой тоонд л явж байна. Ингээд амжилтгүй л энэ хөтөлбөр хэрэгжилттэй байлаа. Дараа дараагийн санхүүжилт, олон улсын зах зээл дээрх үзүүлэлт зэрэгт нөлөөлөх байх.

Сангийн яамны оруулж ирж байгаа төсвийн төсөөлөлд тооцоолол хийхээд шийдвэр гаргах суурь тулах цэг 2 зүйлд тулгуурлаад байна. 2020 оны төсвийн тэлэлээр давчихна. 2021 онд V хэлбэрийн буюу огцом хэлбэрийн өсөлт дэлхий нийтэд үүснэ гэдэг 2 зүйлд тулгуурлаад бусад бүх тооцоо хийгдээд байх шиг байна. Ингэж тооцоохоор хэт өөдрөг талдаа тооцоод байгаа юм биш үү? 2021 онд магадгүй зиг заг хэлбэрийнх байвал яах вэ? аажим өсөлт байвал яах вэ? ковидын нөлөө дамжираад L хэлбэрийн эдийн засаг болвол яах вэ гэдгийг тооцож үзсэн үү?”