Г.Тэмүүлэн 2019.05.30 | Vip76.mn

2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөлөл батлагдлаа

2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөлөл батлагдлаа

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийлээ.

Уг тогтоолын төсөлд төсвийн тогтвортой байдлыг хангах, сахилга батыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөв санхүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онуудад 6 хувиар өсөхөөр төсөөллөө хэмээн Сангийн сайд танилцуулсан. Ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцын түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ.

Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар төлөхөөр тооцоолж, уг эргэн төлөлттэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 2021 онд илүү сайжруулан, 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувь, 2023 оноос эхлэн ашигтай байхаар тус тус төсөөлсөн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Баттөмөр асуулт асууж хариулт авав. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 64,3 хувийн саналаар дэмжигдэв.