У.Хүрэлсүх Ц.Даваасүрэн Ч.Улаан Н.Цэрэнбат Д.Сумъяабазар 2019.08.28 | Өдрийн сонин

У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцөд ургасан шарилжийг тасдаж яваа болохоос зүлгийг нь зулгаагаагүй шүү

У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцөд ургасан шарилжийг тасдаж яваа болохоос зүлгийг нь зулгаагаагүй шүү

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бизнес эрхлэгчидтэй нүүр тулсан зургаа дахь уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтыг МҮХАҮТ зохион байгуулсан юм.

Уулзалтад оролцохоор 250 гаруй компани, 10 орчим төрийн бус байгууллагын төлөөлөл бүртгүүлжээ. Сайд нараас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар ирсэн харагдав.

Уулзалтыг нээж үг хэлсэн МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин “2018 оны бизнесийн итгэлийн судалгаагаар бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлт өндөр дүнтэй гарсан. Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь 2012 оноос хойших зургаан жилийн хугацаан дахь анхны эерэг үзүүлэлт. Үүнээс гадна бизнесийн орчны тулгамдсан асуудал ч судалгаанд туссан. Зээлийн хүү өндөр, хугацаа богино, бодлогын тогтворгүй байдал гэсэн хоёр асуудлыг бизнес эрхлэгчид нэрлэснийг онцлох учиртай.

Ер нь төр хувийн хэвшлийн харилцан ойлголцол, зөвлөлдөх механизм их чухал. Өнөөгийн байдлаас харахад төр хувийн хэвшил харилцан бие биенээ дэмжихээс гадна тулгарсан асуудлуудтайгаа хамтарч тэмцэх шаардлага үүсчихсэн. Үүнээс гадна том төслүүд дээр үндэсний компаниуд консорциум болон ажиллах байдлаар хувийн хэвшлүүд хоорондоо нэгдэн ажиллах шаардлага, боломж бидэнд бий” гэсэн бол гүйцэтгэх засаглалын тэргүүн “Хууль номоороо бизнес эрхэлж яваа баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ.

Харин хулгай луйвар хийж, улсын баялгийг хувьдаа авч байгаа хулгайч бизнес эрхлэгчидтэй хатуу үзнэ. Улс төр, бизнесийн мафи шинжтэй болчихсон олигархиудтай ясаа цайтал хатуу тэмцэнэ гэж би амласан. Тэрийгээ ч хэрэгжүүлж эхэлж байгаа” хэмээн онцоллоо.

Ерөнхий сайд асуулт хариулт эхлэхийн өмнө “Та нар энд ирсэн төрийн сайд, дарга нараас хүссэн асуултаа асуугаарай. Эдний хэн нь ч сайн, хэн нь муу ажиллаж явааг хэлээд өг. Хаалгаа сахиулаад суулгаад байгаа бол нуулгүй хэл. Бизнес эрхлэгчдэд маш олон зовлон бий. Миний хувьд ямар ч асуултад хариулна. Энд ирээд сууж байгаа сайд, дарга нар асуултад нь хариуцлагатай хариулаарай. Асуудлыг нь шийдэх бол тэрийгээ хэл. Чадахгүй гэвэл амжихгүй гэдгээ ярь” гэж сануулав.

Бизнес эрхлэгчдийн хувьд бодлогын, бизнесийн орчны гэхээс илүү компанидаа тулгамдсан асуудлыг гүйцэтгэх засаглалын тэргүүнд хэлж, дайж байлаа. Төрийн байгууллагын хүнд суртал, авлига бизнес эрхлэгчдэд асуудал болсон нь хурлын үеэр яригдсан асуудлуудаас тод анзаарагдаж байсныг онцолъё. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажлаа хийх гэхээс илүү бизнест саад болж байна, энэ янзаараа ажиллавал татан буулгаж шинэ бүтэц гаргаж ирэхгүй бол компаниуд сөхрөх нь гэсэн утгатай санал шүүмжлэл давтамжтай дуулдлаа.

Танхимд цугласан бизнес эрхлэгчид Мэргэжлийн хяналт руу хандсан шүүмжлэл бүрд алга нижигнүүлж байв. “Барилгын салбар дахь дээрмээ зогсоо. Барилгынхан газраа худалдаж авдаг. Дэд бүтцээ өөрсдийнхөө хөрөнгөөр татдаг. Барилгаа ашиглалтад оруулангуут бүх дэд бүтцийг маань төр дээрэмдэж авдаг. Ямар ч мөнгөгүйгээр авдаг гэдгийг тодотгомоор байна. Биднээс дээрэмдэж авсан дэд бүтцээ хажуугийн хэрэглэгчид хахуулийн шугамаар өгдөг”, “Монголд үндэсний хяналт гэж байх хэрэг байна уу. Мэргэжлийн хяналтынхныг жинхэнэ утгаар нь ажиллуул, эсвэл тараа, ийм л хоёр зам үлдээд байна” гэх мэт цөөнгүй санал, шүүмжлэлийг Ерөнхий сайд дэвтэртээ тэмдэглэн авч байв.

Уулзалтын үеэр өрнөсөн асуулт хариултыг тоймлон хүргэе.

-Ноос ноолуурын салбарыг төр засгаас овоохон дэмжээд өгөөч. Монгол Улс жилдээ 9000 тонн ноолуур бэлддэг. 1000 тонноор нь эцсийн бүтээгдэхүүн хийдэг. 30 мянган тонн ноос бэлтгээд 10 мянган тонноор нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бусад нь угаагдаад Хятад руу гардаг. Бэлтгэсэн ноос, ноолуураа бүгдийг нь эцсийн бүтээгдэхүүн болговол Монгол Улсад 50-60 мянган ажлын байр бий болно.

Энэ салбар хөгжихгүй байгаа нь тодорхой ганц л шалтгаантай. Төр засгийн дориун дэмжлэг хэрэгтэй байна. Хааяахан бага сага дэмжлэг үзүүлээд явбал өнөөгийнхөө байр суурин дээр үлгэн салган гэлдэрнэ. Тэгэхээр энэ салбарт хөрөнгө оруулах орон зай маш их байна. Ноолуурын түүхий эдийн нөөцөө харвал “Говь” шиг есөн компани байгуулах бололцоо бий. Ноолуурын салбар жилдээ 10 хувийн л ашигтай. Ноосны салбарын жилийн ашиг нь зургаан хувь. Нийт борлуулалтынхаа орлогын 5-30 хувийг татвар хураамжид төлдөг.

“Чингис” бондоос том дэмжлэг авах үед ноолуурын салбар эрс сэргэсэн. Таван өнгөөр хэвлэдэг байснаа найман өнгөөр хэвлэдэг болсон гэх мэт маш олон эерэг өөрчлөлт гарсан. Гэтэл сүүлийн үед дэмжлэг байхгүй боллоо. Татварын тухайд маш өндөр. Өндөр хөгжилд хүрсэн зарим улс хөнгөн үйлдвэрлэлийн салбараа эхэн үед нь татвараар дэмжиж босгож ирсэн байдаг юм. 2018 оны ноосны урамшуулал өнөөг хүртэл байхгүй. Яамнаас шалгаад байгаа сурагтай. Ноосны урамшууллын үндэсний үйлдвэрлэлд өгдөг өгөөж байхгүй болсон. Ноос ноолуурын салбарт томоохон дэмжлэг, арга хэмжээ авах боломж байна уу?

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэдэг бол зүйтэй санал. Дэмжиж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар ноолуурын үйлдвэрлэл, ялангуяа экспортын хувьд техникийн зохицуулалт хийх асуудал хэлэлцэгдэнэ. Манайд ноолуурын анхан шатны боловсруулалтыг бүрэн хийх хэмжээний хүчин чадал суурилагдчихсан. Энэ хүчин чадлаа ашиглаж завдахгүй яваа. Тийм учраас бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулахад чанарын шаардлага, техникийн зохицуулалт хийх асуудал байгаа юм.

Бага хүүтэй зээлийн хүрэлцээ муугаас болоод түүхий эдээ ахиу авч чадахгүй яваа бэрхшээл бий. Энэ жил ноолуурын салбарт бага хүүтэй зээл ахиу олгуулах талаар багагүй хөөцөлдсөн ч үр дүн нь санаснаар гарсангүй. Өнөө жил болж өгвөл 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ноолуур бэлдье гэж хөөцөлдсөн ч хугацаа алдсан. Цаашдаа анхаарч ажиллана. Ноосон дээр ч адилхан асуудал бий. Онцгой анхаарах ёстой асуудал нь ноосны урамшуулал. 2018 оны урамшууллыг өгөөгүй яваа. Шалгаж байна.

Ямар асуудал үүссэнийг ярья. Аваад боловсруулчихсан ноос, малчдаас авсан ноолуурын падааны тоо хэмжээ алд дэлэм зөрсөн. 108 үйлдвэр ноос бэлтгэж боловсруулсан тайлангаа гаргасан. Үүний 50 гаруй хувь нь нотлогдохгүй байна. Ийм шалтгаанаар нэг бүрчлэн шалгахаас аргагүй. Үүнээс болж үүсч буй асуудлыг ойлгож байна. Малчдад очих ёстой урамшуулал саатаж байгаа. Шалгаж дуусаад зөрчилгүй малчдын урамшууллыг өгнө.

-Улаанбаатар хотын хоёр том хогийн цэг аюултай хог хаягдлын бүс болчихоод байна. Энэ салбарт анхаарахгүй бол болохгүй нь ээ, Ерөнхий сайд аа. Улаанбаатар хотыг тойрсон аюултай хог хаягдлын дунд бид амьдарч байна. Нэг сая тонн нүүрс түлдэг гэж санаа зовж ярьдаг хэрнээ 1.5 сая тонн аюултай хог хаягдал дунд амьдардгаа ярихгүй юм. Улаанбаатар хот 28 тэрбум төгрөгийг хогондоо зарцуулдаг. Бүр тодруулж хэлбэл хогоо булахад л ийм хэмжээний мөнгө хэрэглэдэг. Хог хаягдлын менежмэнт гэж алга. Энэ салбарт экологийн татвар бий болгож өгөөч.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Гол асуудал нь санхүүгийн механизм, хог хаягдлын менежмэнтийн систем дээр очоод уначихаад байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд экологийн татвар тогтоох шаардлага бий. Хуулийн төслийг нь боловсруулсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орох байх.

-Сая олон лиценз цуцлагдлаа. Архангай аймгийн Цэнхэр суман дахь лиценз нь цуцлагдсан арваад компанийн нэгнийх нь төлөөлөл байна. Уул уурхай, тэр дундаа алтны салбарт бүх зүйл муу биш, бас бүх юм сайн биш. Хууль дүрэм журмаараа ажилладаг олон компани бий. Тийм соёл бүрдчихсэн. Уул уурхайн салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн компаниуд бий болсон. Ийм компаниудаа дэмжээч гэж хүсье. Хуулийн дагуу ажиллаж байгаа компаниудын тухай мэдээлэл Засгийн газарт үнэн зөвөөрөө очихгүй байна уу. Архангайн Цэнхэр суманд хууль номоороо ажиллаж яваа нь ч бий, хуулиа дагахгүй ажилладаг нь ч байгаа. Лицензийг хуйгаар нь биш ялгаж салгаж хүчингүй болгооч гэсэн хүсэлтийг Ерөнхий сайдад хандан тавимаар байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар сүүлийн үед уул уурхайтай холбоотой асуудалд нэлээд хатуу байр суурь барьж, зарим нэг арга хэмжээ авсан. Авахаас өөр аргагүй юм билээ. Орхоны хөндий ямар сайхан байлаа, одоо ямар болов. Бидэнд уух ус, байгаль дэлхий хэрэгтэй юу, алт хэрэгтэй юу гэдэг тавих учиртай асуулт. Засгийн газар хууль дүрмийнхээ дагуу алт олборлож яваа компаниудтай юм ярихгүй. Харин ч дэмжинэ.

Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байгаа нь үнэн. Дэмжлэг үзүүлнэ. Хууль бус уул уурхайтай цаашдаа ч тэмцэнэ. Байгалийн хуулийн өмнө хүн бүхэн бөхийх ёстой. Улс орны хууль байгалийн хуулийг дагаж гардаг учиртай. Тийм учраас экосистемийг нурааж сүйтгэгчидтэй Монголын төр хатуу тэмцэх ёстой. Лицензийг олноор нь хураасан гэх асуудалд зарим нэг хариуцлагатай компани багтчихсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм бол эргэж харж болно. Ер нь сүүлийн жилүүдэд Монголд мафи үүссэн. Уул уурхайн баялгийг хууль бусаар ухаж, хууль бусаар хөлжсөн, ингээд ч зогсохгүй төрийн эрх мэдэл бүхий байгууллагад үр хүүхдээ хүртэл шургуулсан мафи бий болчихсон. Эднийг би улс төр, бизнесийн олигархи гэж нэрлэж байгаа. Энэ нөхөдтэй хатуу тэмцэнэ.

Дараагийн сонгууль сайхан болно гэдэгт би итгэлтэй яваа. Улс төрийн сонголтыг хийхэд хамгийн өндөр үүрэгтэй оролцдог хүмүүс бол энд суугаа бизнес эрхлэгч та бүхэн. Дараагийн сонгуульд хулгайч нарыг битгий сонгоорой. Энэ үгийг би намынхандаа хэлж байгаа. Бусад намуудыг ч уриалж яваа. Хулгайч хүний нэрийг УИХ-д дэвшүүлэхгүй. Хулгайч хүн нэр дэвшвэл битгий сонгоорой. Хууль бусаар баяжсан, нэн ялангуяа газрын баялгаар хууль бусаар баяжсан олигархиудтай Монголын төр тэмцэнэ. Би бизнесийн ертөнцөд ургасан шарилжийг зулгааж байгаа болохоос зүлгийг нь зулгаагаагүй шүү (алга ташив). Хог шарилж болж ургасан олигархиуд та нарын бизнесийг булааж авч байна. Баялаг бүтээж яваа жирийн бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлж байна. Зарим нь дарамталж байж мэднэ.

Ханаж цадталаа баяжсан олигархиуд шөлний газрыг хүртэл булааж авч байна. Засаг төр энэ бүхэнтэй тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ. Зарим нэг олигархид би “Намайг худалдаж авч чадахгүй шүү” гэж хэлж байгаа. Одоо бол Монголын төрд хууль дүрэм үйлчлэх ёстой. Дүрэм журмыг нь мөрддөг бизнес эрхлэгчидтэй болох шаардлагатай. Би үүн дээр гадна, дотны бизнес эрхлэгчдэд яг адил хандана. Монголын хууль дүрмийг биелүүлнэ шүү гаднын хөрөнгө оруулагчид аа. Монгол бол тусгаар тогтносон, хэдэн мянганы төрт ёсны түүхтэй, өндөр соёлтой улс. Тийм учраас Монголын хууль тогтоомжийг ягштал мөрдөөрэй. Хууль журмыг дагахгүй бол гарч явж болно. Бас чөлөөтэй орж ирж болно. Хамгийн гол нь Монголын хууль тогтоомжийг мөрдөж, Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандах ёстой.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Би 2018 онд алтны форумд оролцож нэг үг хэлж байсан. Алтны тусгай зөвшөөрөл хугацаатай, энэ хугацаанд та бүхний талбайд хэн ч нэвтрэх эрхгүй гэж. Дараахан нь 202 уул уурхайн компанид албан бичиг явуулсан. Байгаль орчны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудын ийм ийм заалтуудыг хэрэгжүүлж ажиллах тухай бичиг байсан юм. Үүний дараа УИХ-ын чуулганы тавдугаар сарын 2-ны хурлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн саналыг үндэслэж гаргана гэсэн заалтыг баталсан. Өөрөөр хэлбэл сая болсон процесс хуулийн дагуу өрнөсөн. Цаашдаа барих бодлого тодорхой. Байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.

-Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Уул уурхай бол хамгийн хүнд ачааг үүрч яваа салбар. Энэ салбар сайн, муу хоёр талтай байгаа. Байгаль орчны сайдтай санал нэг байна. Алтны салбарын аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд хариуцлагатай, сахилга баттай, байгаль орчинд ээлтэй, орон нутгийн хамтын ажиллагаа явуулж чаддаг аж ахуйн нэгж байгаач гэж хэлмээр байна. Учир нь Монголд алт зайлшгүй хэрэгтэй. Алтны нөөц яг өнөөхөндөө есөн тонн байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард алтны татварыг бууруулах санал гаргаж хэлэлцүүлсэн ч харамсалтай нь унасан. Ямар нэг аж ахуйн нэгжийн лобби огт ороогүй шүү. Өмнөх тооцоо, судалгаа, статистикууд, Монголбанкны саналыг үндэслэсэн юм. Өмнө нь 2.5 байсан алтны татварын хувь өнөөдөр 5 хувь болчихсон. Алтны тушаалт хөнгөлөлттэй татвар үйлчилж байсан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар доогуур яваа. Оны эцсээр 21 тонн хүрнэ гэсэн төсөөлөл бий. Энэ хэмжээндээ хүрэхгүй болов уу гэсэн болгоомжлол байна.

-2020, 2021 он сонгуулийн хариуцлагатай жилүүд. Хөрөнгө оруулагчид улстөрийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовж байна. Монголын эдийн засгийн өсөлтийн тулгуур болсон том төслүүд болох Оюу толгой, Таван толгой дээр ямар байр суурьтай байна вэ. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад үүсээд буй нөхцөл байдлаас гадна цахилгаан станцын асуудал яаж шийдэгдэхээр байна. Оюу толгойд үүссэн байдал цаашид хэрхэх, Таван толгойн IPO хэзээ гарах гэх мэт тодорхой асуудлуудад хариу өгөөч?

-Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Оюу толгой компани дээр үүссэн тодорхой асуудал байгаа. Гүний бүтээн байгуулалтын хувьд геотехникийн тодорхой асуудал үүссэн. Үүн дээр технологийн шийдэл хэрэгтэй гэдгийг төслийн зүгээс танилцуулсан байгаа. Оюу толгой дээр хэд хэдэн асуудлыг шийдэх ёстой. Эхнийх нь татвартай хамаатай асуудал. Процесс өрнөж байна. Дараагийн асуудал нь зээлийн хүү. Эцсийн бүлэгт Монгол улсын эрх ашгийн төлөө шийдэгдэх ёстой гэсэн хатуу байр суурин дээр байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын тухайд Оюу толгой сайн ажиллаж байгаа. Ганц Ханбогдод биш, Даланзадгадын бүтээн байгуулалтад анхаарах учиртай. 250-300 мянган хүн амтай хот байгуулахын төлөө хамтраад ажиллая гэсэн саналыг өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын удирдлагуудад уриалаад явж байна.

Таван толгойн IPO-ийн хувьд Зүүн Цанхи тойрсон асуудал бий. Зүүн Цанхи бол найман тусгай зөвшөөрлийн зөвхөн нэг нь. Охин компани байгуулсан. Дэлхийн нэр хүндтэй санхүүгийн байгууллага, хуулийн зөвлөх бүгд оролцоод явна. Яг олон улсын дүрмээр тоглоно. Зүүн Цанхийнхаа 30 хувийг 1-2 тэрбум байх болов уу гэсэн таамаг бий. Гадаад зах зээлийн нөхцөл, дотоодын улстөрийн хүчин зүйл, компанийн засаглал гэх мэт олон асуудлаас Таван толгойн үнэ цэнэ шалтгаална. Таван толгойн IPO-той холбоотой асуудлыг УИХ-аар оруулж шийдүүлнэ гэсэн байр суурьтай яваа. Оюу толгой дээр үүсээд буй асуудлын хувьд УИХ-аар оруулаагүйд л хамаг учир байгаа юм.

-Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Оюу толгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээгээр бол үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүч авах ёстой байсан. Харамсалтай нь аваагүй. Хөрөнгө оруулалтын гэрээний заалт зөрчигдсөн гэсэн үг. Дөрвөн жилийн дотор цахилгаан авна гэсэн гэрээний заалтыг хууль бусаар түдгэлзүүлсэн. Энэ хууль бус гэрээг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчингүй болгосон. Тэгээд дахин гэрээ байгуулсан. Дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ ав гэсэн агуулгатай гэрээ.

Энэ байр суурин дээрээ бид хатуу зогсоно. Ерөнхий сайд сая Монголын хуулийг хүндэтгэж ажилла гэлээ. Бусдын гар хөл болж улс эх орныхоо эрх ашгийг хохироодог улс сүүлийн үед цөөрсөн. Тийм учраас хуулийн дагуу үүргээ биелүүлж ажилла гэж сануулмаар байна. Ингэж чадвал 2023 оны гуравдугаар сард цахилгаан станц ашиглалтад орох ёстой. Гэрээнийхээ дагуу явах байх гэж найдаж байна.

Хөрөнгө оруулагч гэдэг бол зээлдэгч биш. Тийм учраас станцдаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Дахиад зээл авч Монгол улсыг өрөнд оруулж болохгүй.