Хархорин, Дүнжингарав худалдааны төвд ажиллалаа
Хархорин, Дүнжингарав худалдааны төвд худалдаа эрхлэгч, ҮЭ-ийн хорооны гишүүдэд МҮЭ-ийн холбоо, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ОУХБ-аас хамтарсан Албан бусын төслийн хүрээнд Албан бус салбарт ажиллагч, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнуудад зориулан гаргасан “Нийгмийн даатгал” гарын авлага ном, зурагт хуудас болон түрээсийн гэрээнд тэгш эрхтэй оролцож эрхээ хамгаалах боломжтойг худалдаа эрхлэгчдэд уриалсан наалтыг тарааж, ажлын байранд нь байрлуулах ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн холбооны дэд дарга Ё.Соёлмаа, Хархорин худалдааны төвийн ҮЭ-ийн хорооны дарга О.Баярмагнай, Дүнжингарав худалдааны төвийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Сүхбат болон МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газар, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны удирдлага, ажилтнууд оролцож худалдаа эрхлэгч нарт мэдээлэл өгч, ажлын байрны уулзалтуудыг хийлээ. Худалдаа эрхлэгч ҮЭ-ийн гишүүдийн зүгээс ҮЭ-ийн хорооны зүгээс ажлын байранд ажиллаж, хэрэгцээтэй гарын авлага, тараах материал өгсөнд талархаж байгаагаа илэрхийлж, өөрсдийн ажлын байранд тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл солилцлоо.
Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дэргэд байгуулагдсан Албан бус салбарт ажиллагчдад зориулсан ҮЭ-ийн мэдээллийн төвөөс нийслэлийн томоохон гурван худалдааны төвд явуулсан судалгаагаар ажлын байраа буюу лангуу, талбай түрээсийн гэрээгээр ашиглаж хөдөлмөр эрхэлж байгаа хувиараа худалдаа эрхлэгчдийн хувьд түрээсийн гэрээндээ өөрсдийн саналыг тусгуулж гэрээг тэгш эрхтэйгээр байгуулах эрхээ эдэлж чадахгүй, түрээслэгчээс өгсөн гэрээний загварт шууд гарын үсэг зурж гэрээ байгуулан ажиллаж эхэлж байгаа нь эргээд өөрт нь эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж байна гэсэн дүгнэлт гараад байгаа юм.