“Худалдааны бодлогогүй Монгол” хэлэлцүүлгээр худалдааны нөхцөл, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
2021.01.12

“Худалдааны бодлогогүй Монгол” хэлэлцүүлгээр худалдааны нөхцөл, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Худалдааны бодлогогүй Монгол” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, хэлэлцүүлгийг нээлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Манай улсын худалдааны бодлого тодорхойгүй байна. Хэн, ямар байгууллага худалдааны бодлогыг зангидаж, хэрэгжүүлж байгаа нь ойлгомжгүй. Ерөнхий сайд худалдааны асуудалд өөрөө анхаарал хандуулах нь зөв.

АНУ БНХАУ улсууд бие биедээ харилцан татвараа 10-аас 25 хувь болгон нэмснээр Худалдааны дайн эхэллээ. Японы эдийн засгийн төлөвлөлтийг хариуцдаг байгууллага нь худалдаандаа ихээхэн анхаардаг.

Бид шинэ хуулиа Худалдааны хууль гэх үү, Арилжааны хууль гэж нэрлэх үү гээд нэрнээс эхлээд шийдэх асуудал олон байна. Худалдааны хуулийн төслийг УИХ-аар дөрвөн удаа хэлэлцсэн ч амжилтад хүрээгүй юм билээ. Худалдаа хөгжлийг боомилж байгаа тул энэ асуудлыг заавал ярилцах нь зөв. Ченжүүдийг бүгд үзэн яддаг. Гэтэл энэ тогтолцоог нураах биш илүү төгөлдөржүүлбэл бидэнд ашигтай.

Одоо манай улсад худалдааны маргааныг Иргэний хуулиар зохицуулж байна. Гэтэл энэ хуульд дистрибьютерийн талаар огт тусгаагүй. Мөн орчин үед дижитал чөлөөт бүс байгуулах боломжтой. Манай улс гурван чөлөөт бүстэй. Тэдгээрт багагүй хөрөнгө оруулсан ч үр дүн бага байна.

ХХААХҮЯ дотоод худалдааг хариуцдаг тул тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлэлцүүлэгт оролцон, дараах мэдээллийг өгөв:               

2020 оны байдлаар худалдааны салбар манай улсын ДНБ-ий 16 хувийг эзэлжээ. 100 орчим мянган хүн энэ салбарт ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 14 хувийг эзэлнэ. Цар тахлын улмаас 2020 онд 1.6 их наяд төгрөгөөр худалдаа буурсан. Харин 2018-2019 онд худалдаа өсөлттэй байв. Худалдаанд тулгамдсан олон асуудал бий. 50 орчим хуулийн 100-аад заалтаар худалдааг зохицуулдаг. Бие даасан хууль байхгүй. Мөн төрөөс баримталж буй бодлогын олон баримт бичиг бий. “Алсын хараа 2050”, “Эрүүл хүнс, Эрүүл монгол” хүн хөгжлийн хөтөлбөр зэргийг дурдаж болно.

ГХЯ, ХХААХҮЯ-ны хоёр сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан Худалдааны хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлаа хангах, зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох, өрсөлдөх чадвартай дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих нь нь энэ хуулийн зорилт. Учир нь хүнсээ дотоодоосоо тогтвортой хангах шаардлагатай. Цаашлаад манай улс нэмүү өртөг шингэсэн хүнс экспортлох боломжтой гэж ажлын хэсэг үзжээ.

Хууль батлахаас өмнө тандан судалгаа хийж, хуулийн төслийн үзэл баримтлалыг ажлын хэсэг боловсруулжээ.

ГХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу хэлэлцүүлэгт оролцогчдод дараах мэдээллийг өгөв: 

1990-ээд оноос хойш манай улс эдийн засгаа либералчлах бодлого баримтлан, багагүй амжилтад хүрсэн. 30 жилийн өмнөхтэй харьцуулахад худалдаа хийж буй орнуудын тоо эрс өссөн. Манай экспорт 12 дахин өсөөд байна. Нийт 73 оронд манай экспорт хүрдэг. Худалдааны орлого төсвийн 30-40 хувийг бүрдүүлж байна. Валютын ханшид мөн ихээхэн нөлөөтэй ч гадаад худалдааны бүтцэд уул уурхай илт давамгайлдаг. Худалдаа, хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох бодлого уул уурхайн салбарт эерэг үр нөлөөгөө үзүүллээ. Гэвч худалдааны цөөн түнштэй, нийт худалдааны 92 хувийг ердөө 6 улстай хийдэг. Мөн манай бараа бүтээгдэхүүний төрөл бага байна.

Бид хууль батлах бүрдээ эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэх гээд байдаг. Энэ удаад энэ алдааг битгий давтаасай.

Манай яам гадаад худалдааны удирдлагыг  хариуцдаг. Гадаад харилцааны сайд Экспортыг дэмжих зөвлөлийг ахалж байна. Худалдааг хөгжүүлэхийн тулд салбар хоорондын уялдааг мөн манай яам хангах үүрэгтэй. Сангийн яамтай хамтран ажилладаг. Өмнө нь Үндэсний  хөгжлийн яам худалдааг хариуцдаг байв. Ингэж өөр өөр байгууллагад хариуцуулах нь ямар сөрөг дагавартайг бид бүгд мэднэ. Хөрөнгө оруулалтыг мөн энэ замаар  олон байгууллагад хамаатуулж ирлээ. Худалдаанд оролцож буй байгууллагууд Ерөнхий сайдын, ЗГХЭГ-ын, Сангийн яам гэх мэт өөр өөр байгууллагын харьяанд ажиллаж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ЯМАР АЖЛУУД ХИЙЖ БАЙНА ВЭ?  
“Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжүүлж байна.
  • Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн гүйцэтгэлийг гаргана.
  • Худалдааг хөнгөвчлөх замын зургийг ДХБ-тай хамтран гаргалаа.
  • 2019 онд Олон улсын худалдааны төвтэй хамтран худалдаа, хөрөнгө оруулалтын замын зургаа мөн гаргасан. Бид аль салбарт илүү анхаарах хэрэгтэйг энэ баримт тодорхойлон, 8 салбарыг нэрлэсэн.
  • Гадаад худалдааны нэгдсэн сан байгуулав.
  • ЕХ-той хамтран хорио цээрийн баримт бичиг батлав.
  • Москва, Бээжинд гадаад худалдаа хариуцсан атташе ажиллаж байна.
  • Ази Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээнд (AFTA) нэгдэн орлоо.
  • Евро Азийн нэгдсэн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах судалгааг эхлүүлсэн. Хойд хөрштэй хийж буй худалдаагаа эерэгжүүлэх нь бидний гол зорилго.
Тулгамдсан асуудал:  

Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн орсон хэлэлцээр буюу хуулийг олон нийтэд сурталчлах, энэ хэлэлцээг үндэсний хуульдаа нэвтрүүлэх, худалдааны бүтцээ боловсронгуй болгох шаардлага бий. ДХБ гишүүн орнуудадаа олон боломж олгодог. Зах зээлээ хамгаалах, шинэ компаниудыг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах боломжийг олгодог ч бид бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Учир нь ААН-үүдийн энэ талын чадавх бэхжээгүй байна. 

ХУДАЛДААНЫ БОДЛОГОГҮЙ БИШ, ХАРИН Ч БОДЛОГЫН ИЛҮҮДЭЛТЭЙ БАЙНА.
Монголбанкны судалгааны газрын захирал С.Дэмбэрэл:

Манай улс худалдааны бодлогын илүүдэлтэй. Учир нь маш их баримтыг баталсан ч хэрэгжилт хангалтгүй. Ганцхан жишээ хэлэхэд 2018 онд баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийн хэрэгжилт их муу. Бодлогоо батлуулахаас өмнө сайн судалгаа хийдэг ч бодит ажил хэрэг болохгүй байна. 90/10 гэсэн одоогийн гадаад худалдааны буруу харилцааг хэдэн жилийн дараа 60/40 болгох вэ?

Жижиг улс атлаа нээлттэй зах зээлтэй байх ёстой гэж бид үзлээ. Нөгөө талаас хэт их хаалтан дотор, эх оронч маягийн үзэл баримтлалууд ч манай албан ёсны баримт бичигт тусгалаа оллоо. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалъя гэх өнгө аяс илэрч байна. Манай салбарыг хамгаалаад өгөөч гээд сайдынхаа үүдийг сахидаг. Жишээ нь нарийн ногооны дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих шийдвэр  харин ч сөрөг үр дүн үзүүлсэн.

Уул уурхайн бус экспортыг дэмжихдээ компаниудтай хамтран, санхүүжилтийн систем бүрдүүлэх нь зөв. Монголбанк өөрийн эрх үүргийн хүрээнд репо санхүүжилтийн багц гаргалаа.  Засгийн газар экспорт гаргадаг компаниудаа жилийн 100 мянган ам.доллар хүртэл экспорт гаргадаг гэх мэтээр борлуулалтын орлогоор нь бүлэглэх нь зөв. ГХЯ дангаараа экспорт хийж чадахгүй. Хувийн хэвшилтэй заавал хамтрах шаардлагатай. Би үүний гэрч нь байна. Уул уурхайн бус экспортыг дэмжих тухай тогтоолын төсөл санаачлах хэрэгтэй. Хувийн хэвшлийг сэдэлжүүлэхэд санхүүжилт чухал.       

Бид хууль батлах бүрдээ эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэх гээд байдаг. Энэ удаад энэ алдааг битгий давтаасай.  Яамдад одоо ч эдийн засагт оролцох дуршил өндөр хэвээр байна. ЭСЯ бүр нэг экспортын барааг суугаа орондоо нэвтрүүлэх үүрэг хүлээлгэх нь зөв. Үүнийг элчин сайд бүрд албан ёсоор үүрэг болго. Иймэрхүү бодит, прагматик ажил хийхгүй бол хууль батлаад юу ч өөрчлөгдөхгүй. МҮХАҮТ-ыг хуулийн төслийн ажлын хэсэгт оруулаад өнгөрөх биш цаашид хамтран ажиллах хэрэгтэй.       

ДЭЛХИЙН 205 ОРНЫ 195 НЬ БИЕ ДААСАН ХУДАЛДААНЫ ЯАМТАЙ БАЙНА.      
МҮХАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

Худалдааны яам ажиллах нь зөв.  Учир нь худалдаа эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй явсаар ирлээ. Гадаад дотоод худалдаагаа нэг газарт нэгтгэх шаардлагатай. Дэлхийн 205 орны 195 нь бие даасан Худалдааны яамтай байна. Манай улсаас гадаад зах зээлд гаргадаг бүтээгдэхүүн их цөөн. Холбоодууд ч экспортыг өсгөхийн төлөө ажиллахгүй байна. Нэгдэхгүйгээр бид томоохон үнийн дүн бүхий худалдаа хийж чадахгүй.

Иймд МҮХАҮТ самрын экспортод анхаарч эхэлсэн. Өнөөдрийг хүртэл бид самраа нэмүү өртөг огт шингээлгүй урд хөрш рүү гаргасаар байна. Энэ бизнес ченжийн зарчмаар явсаар байгаа тул бид системээр нь зурагласан. Ингэснээр ЕХ, АНУ-тай шууд харилцах боломж бүрдлээ. Ченжийн тогтолцоо энэ салбарыг хөгжүүлэхгүй, тушсаар л байна. Уг нь экспортын орлого нэмэх маш том боломж бидэнд бий.

БНСУ-тай чөлөөт худалдааны гэрээ хийх судалгаа дуусаагүй тул Засгийн газарт танилцуулаагүй байна.
Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, эдийн засагч Б.Дөлгөөн:

Худалдаа дан ганц компаниудын асуудал биш. Суурь асуудал нь манай дэд бүтэцтэй холбоотой. Тээвэр, дулаан, цахилгаан гэх мэт дэд бүтэц ихээхэн дутагдалтай. Импортын 1 тонн чингэлэг тутмын үнэ 50 хувиар өндөр байна. Мөн тээврийн өртөг өндөр байгаа нь уул уурхайн бус экспортын салбарт сөргөөр нөлөөлдөг. Эдийн засгийн цогц байдлын индексээс харахад манай улс хөрөнгө санхүү гэхээс илүүтэй нөү хаугүй байна. Тэгэхээр нөү хау нутагшуулах шаардлагатай. Энэ нь дотроо 3 төрөл. Цаасан дээр буулгасан мэдлэг, түүлс төрлийн мэдлэг болон нөү хау буюу шууд импортлох боломжгүй мэдлэг юм. Гурав дахь төрлийн нөү хауг бид заавал өөрийн биеэр туршиж байж л олж авна. Иймд нөүхау нутагшуулахад төрийн дэмжлэг хэрэгтэй.          

ГХЯ-ны Гадаад худалдаа хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзий:     
БИД АНХ УДАА БҮС НУТГИЙН ИНТЕГРАЦАД НЭГДЭН ОРЛОО.

AFTA-д манай улс энэ оны эхний өдрөөс гишүүнээр элсэн ороод байна. Үүнд 6 улс багтдаг. Нийт хүн ам нь 2 тэрбумд хүрнэ. Бид анх удаа бүс нутгийн интеграцад нэгдэн орлоо. Үүний үр дүнд БНХАУ руу гаргаж буй нүүрсний татварыг 50 хувиар буурууллаа.   

Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийг манай яамны цахим хуудсанд байршуулсан. Нийт 900 хуудас гэрээ бий. Үүнд тарифын хөнгөлөлтийн жагсаалт бий. Бид сэтгэлийн хөөрлөөр энэ байгууллагад нэгдэн ороогүй. Энэхүү олон улсын худалдааны гэрээгээр зөвхөн барааны худалдааг зохицуулна. Хоёр талын чөлөөт худалдааны гэрээ хийх үү эсвэл Бүс нутгийн худалдааны гэрээнд нэгдэх үү гэдгийг судалж байна. БНСУ-тай чөлөөт худалдааны гэрээ хийх судалгаа дуусаагүй тул Засгийн газарт танилцуулаагүй байна. Евро Азийн эдийн засгийн холбоонд нэгдэх ажлын хэсгийн цахим уулзалт болсон. Нэлээн том ажлын хэсэг байгуулж, Монголбанк, Сангийн яам, ХХААХҮЯ гэх мэт олон байгууллагын төлөөлөл багтсан. Дэмпингийн эсрэг хуультай болох тухай олон жил ярьж байна.         

Гаальтай машинууд зах зээлийг эвдэж байна. 

Импортын тарифаа өсгөн, дотоодын ААН-үүдээ хамгаалах нь үнэ өсгөх эрсдэлтэй байдаг. Энэ нь хэрэглэгчид сөргөөр нөлөөлдөг тул сайн судлах хэрэгтэй.

Манай улс Япон улстай 2016 онд Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Ирэх онд энэ хэлэлцээний үр дүнг эргэж харах саналыг Японы талд хүргүүлсэн. МҮХАҮТ-та хамтран судалгаа хийснээ мөн хүргүүлсэн. Энэ гэрээг байгуулсны дараа богино хугацаанд манай экспорт 120 орчим хувиар өссөн ч японы импортын өсөлттэй харьцуулахад бага байна.

Цахим худалдааны салбарт ГХЯ ихээхэн анхаарч, энэ онд ХХМТГ-тай хамтран ажиллана.

Тяньжин дахь ложистикийн төвийн ажил ямар ахицтай байгаа талаар товч танилцуулахад “Монголио порт групп” гэх төрийн өмчит компанийг байгуулсан. Энэ компанийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл манайд алга. Тус компани Тяньжин порт хэмээх хятадын компанитай хамтран олон улсын боомтод ажиллахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас зогсонги байдалд орсон. Замын-Үүдийн чөлөөт бүсийн гэрээ мөн зогсонги байдалд байна.

ӨНДӨР ТЕХНОЛОГИГҮЙ САЛБАРУУДЫГ ДЭМЖДЭГ ТУЛ БИД ХӨГЖИХГҮЙ БАЙНА
Эдийн засагч Н.Дашзэвэг:

Ноос яагаад үнэгүйдэв гэхээр манайд аж үйлдвэрийн бодлого байхгүй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бий ч хэрэгжилт муу. Улсын төсвийг энэ бодлоготойгоо уяагүй. Бид багахан хөрөнгөтэй тул төр хөрөнгөө маш үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Өндөр технологигүй салбаруудыг дэмждэг тул бид хөгжихгүй байна. Тувагийн нүүрс манайтай өрсөлдөх эрсдэл үүслээ. Увс, Ховдыг аймгаар нь харвал огт хөгжихгүй. Урагшаа хойшоо хилээр яаж гарах вэ гэж л хармаар байна. Ийм стратеги дутмаг байна.

Гаальтай машинууд зах зээлийг эвдэж байна. НӨАТ-ын хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хүүхдэд чиглэсэн болон хүнсний салбарын компаниудад бага НӨАТ ногдуулах нь зөв. Гэвч улсын төсөвт энэ татварын орлого багагүй жин эзэлдэг тул Сангийн яам хууль өөрчлөх сонирхолгүй. Импортын тарифаа эргэж харах цаг болсон гэв.               

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхий Сайдаас “Гадаад худалдааны бодлого зохицуулалтын талаар асуулга асуусан гэдгээ танилцууллаа.

Асуулгын хариуг энэ баасан гаригийн 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.