
2025.03.17
"ХСҮТ-2"-ийн боловсон хүчин АНУ-д бэлтгэгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний төлөөллийн хамтаар АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчтэй хийх хамтын ажиллагааны албан уулзалтыг өнгөрсөн 7 хоногт хийгээд ирлээ.
Уулзалтаар АНУ-ын Юта мужийн их сургууль болон Монгол Улсын АШУҮИС, ХСҮТ-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр АНУ-ын Юта мужийн их сургуульд Монгол Улсын АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтанг сургаж, шинээр байгуулах “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-д ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг бэлтгэхээр болжээ.
Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар болон бусад албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.