Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэл тайланг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Энэ асуудлыг Төрийн байгуулалтын БХ, Эдийн засгийн БХ-ны хамтарсан хурлаар онцолж авч хэлэлцсэн. Зарим хурлуудыг илүү чанаржуулах шаардлагатай байна. Хэн удирдаж байгаагаас хамаарч байж мэднэ. Асуултын хариултыг чанартай авах хэрэгцээ гардаг. Чуулган дээр УИХ-ын дарга гишүүдийг шахаж хариултын чанартай өгөхөд анхаарч байгаад талархаж байна. Ард иргэдээ төлөөлөөд энд сууж байгаагийн хувьд үнэлгээний асуудал дээр гишүүд хариуцлагатай, үүрэгтэй оролцох ёстой гэсэн ҮАГ-аас гаргасан зөвлөмжийн агуулгыг хэлж өгье.
Гишүүд бид улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа хоорондын уялдаа нийцлийг нь анхаарах ёстой. Зөвхөн ЗГ-аас нэхээд суух биш, хууль батлахаас өмнө харилцаа хамаарал, ач холбогдлыг нь сайтар нягталж оролцох ёстой.
Дараагийн бидний хариуцах ажил бол хөгжлийн бодлогын баримт бичиг, төсвийн ерөнхийлөн захирагчийн саналд үндэслээгүй, аливаа судалгаа тооцоолол хийгээгүй арга хэмжээг УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд нэмж оруулдгийг болиулах хэрэгтэй.
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд туссан арга хэмжээг хугацаанд нь биелүүлээгүй хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага буюу төсвийн ерөнхийлөн захирагчид тооцох хууль эрх зүйн зохицуулалт, шалгуурыг тодорхой болгож холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог болох гэсэн 3 асуудал дээр анхаарал хандуулдаг байхыг сануулж хэлье.
УИХ-ын гишүүд бид шүүмжлэхийн төлөө шүүмжлэх биш хэрхэн ЗГ-таа дэмтэй, харилцан хамтын ажиллагаагаа оновчтой явуулах уу, улс орноо хөгжүүлэх үү гэдэгт санаа бодлоо чилээх ёстой.
Мөн тухайн асуудлын хэлэлцэх хугацаа богино байна. Нэг газрын 2 тайлан нийлээд 100 гаруй хуудсанд агуулагдах мэдээлэл дээр ажиллахад хангалтгүй гэж үзэж байна.