"МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО"-ны хамт олныг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2025.03.19

"МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО"-ны хамт олныг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ажлын алба, Холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн клубын удирдах зөвлөлийн төлөөлөлийг хүлээн авч цэргийн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.

Х.Булгантуяа Монгол цэргийн нэгдсэн холбоо нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, үндэсний түүх, соёл, эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах чиглэлээр мөн түүнчлэн цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудыг энгийн мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцуулах зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж, амжилтанд хүрч байгаад талархаж байдгаа илэрхийлж, халуун дулаан яриа өрнүүллээ.

Дэслэгч генерал Ц.Тогоо хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн чиглэлээр олон сайхан арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлсэнд ахмадууд их баярлаж талархаж байдгийг хэллээ.

Монгол цэргийн нэгдсэн холбоо нь УИХ-ын эрхэм гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон шинэлэг ажлууд, ялангуяа цэргийн тэтгэвэрт гарч байгаа ахмадуудыг ажлын байраар хангах, энгийн мэргэжил эзэмшүүлэх, нийгмийн зарим асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр холбооноос хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар ярьлаа.

Мөн түүнчлэн цэргийнхэн ажиллаж байх хугацаандаа гадуур орлого олох хөдөлмөр эрхлэх боломжгүй, тэдний гэр бүл, хүүхдүүдийн нийгмийн асуудал хоцрогддог, цэргийн тэтгэвэрт гараад тэтгэвэрээсээ өөр орлого байдаггүй зэрэг хүндрэлүүд байдгийг дурьдаад, цэргийхэнд тэтгэвэр өвлөгдөх тухай хууль үйлчлэхгүй байгаад олон ахмад настангууд сэтгэл дундуур байгааг цаашид анхаарч үзэхийг хүслээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан