
ХЭНТИЙ. ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ЧАНДГАН, ХЭНТИЙ, БАЯНЗҮРХ, НАРАН БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
“Эргэх холбоо-9” багийн сүүлчийн уулзалтууд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандган, Хэнтий, Баянзүрх, сумын төвийн Наран багуудад зохион байгуулж Өмнөдэлгэр сумын иргэдтэй уулзалт хийснээр өндөрлөж байна.
Өмнөдэлгэр сум 7000 шахам хүн амтай, 6 баг, 1 тосгонтой Хэнтий аймагтаа 3 дугаар байранд ордог томоохон сум юм. Малын тоогоороо 2017 онд улсад 2 дугаарт, 2015, 2016, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад улсдаа тэргүүлж байна.
Тус сум төсвийн 10 байгууллагатай, 52 ААНэгжтэй, 9 ТББ-тай, мал аж ахуй, газар тариалан хослуулан эрхэлдэг хэзээнээсээ хөдөлмөрч улс юм. Хурхын САА -нь Хэнтий аймгийн газар тариалангийн төв бүс буюу аймгийн хэмжээний газар тариалангийн талбайн 80 хувь нь тус суманд харьяалагддаг.
Сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт өрнөсөн. Тухайлбал, Жаргалтхаан -Өмнөдэлгэр чиглэлийн 52,5 км авто зам, соёлын төв, сум доторх авто зам, 20 ортой эмнэлгийн өргөтгөлийн барилга, Хурхын голд хөв,цөөрөм байгуулах гэх мэт томоохон ажлууд хийгдсэн бол Өмнөдэлгэр – Биндэр чиглэлийн 152,5 км авто зам, 640 суудалтай ЕБС-ийн барилга, Ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлуудын төсөв улсын төсөвт тусгагдан ажил үргэлжилж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан