
ЖАРГАЛАНТ-ХИЛЭНТИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЖИЛ 40%-ТАЙ БАЙНА
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Хилэнтийн гүүр хүртэлх автозамын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж буй Классик рөүд ХХК-ын захирал Ч.Төгсбаттай өнөөдөр уулзаж мэдээлэл авлаа.
Замын хээрийн хэмжилт, үнэлгээний судалгааг хийж дууссан бөгөөд одоо геологи, археологи, палеонтологи, ус зүй, геологийн судалгаа хийгдэж байна. Авто замын трасст Бумбатын даваа, Шивэртийн даваа, Зөөлөнгийн даваа, Цагаан бургастын давааг дайран өнгөрч өндөршилтийн түвшин эрсдэлтэй түвшинд байгаа тул эдгээр даваануудад 600м-1,2км замыг сайжруулсан шороон зам хэлбэрээр шийдвэрлэх нь аюулгүй байдлын хувьд хамгийн тохиромжтой байгаа талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.
Жаргалант сум- Цэцэг баг- Идрийн голын гүүр, улсын чанартай А31 зам, Шинэ Идэр, Бумбат-Шивэрт-Цагаан бургас- Хилэнгийн гүүр хүртэл 152 км, зураг төсөл нь хийгдсэн Жаргал -Цэцүүх чиглэлийн 24 км нийт 176 км хатуу хучилттай авто зам тавих юм. Автозамын ТЭЗҮ, зурагт төслийг ирэх 7 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ба гүйцэтгэл 40% орчим байна.