Т.Доржханд: Монгол Улс эрчим хүчний экспортлогч орон болж хөгжинө
2025.05.05

Т.Доржханд: Монгол Улс эрчим хүчний экспортлогч орон болж хөгжинө

Улсын Төсвийн 80 гаран хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг манай оронд энэ ачааг үүрэлцэх хоёрдогч том салбарын асуудал яригдсаар 30 орчим жилийн нүүрийг үзээд буй.

Өнөөдрийн хүрэн эрчим хүчнээс ногоон эрчим хүч рүү шилжих, төрийн монополь болсон энэ салбарыг төрөөс хувийн сектор руу шилжүүлэх, төвлөрсөн системийг тархмал эх үүсвэр буюу задлах тогтолцоо, эрчим хүчний технологийн шинэчлэл хийх энэ алхмуудыг зайлшгүй хийх шаардлагатай болж эдгээр нь нийлээд цогц агуулгаараа эрчим хүчний реформ болохыг хүлээн зөвшөөрснөөр өнгөрөгч оны сүүлээр Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж Шадар сайд Т.Доржханд ахлан ажиллахаар болсон билээ. Эрчим хүчний Үндэсний хороо Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван намын төлөөлөл, УИХ-ын гишүүд, холбогдох төрийн бус байгууллагууд, иргэний нийтийн байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөл бүгд хамтран ажиллаж байна.

Монгол Улс бол энергийн эх орон юм

Реформ нь богино, дунд, урт хугацаанд үргэлжилнэ. Харин урт хугацаанд эрчим хүчний экспортлогч орон болох зорилготой. Манай улс энергийн эх орон болох өгөгдөл дээрээ үндэслээд уул уурхайн салбараас хараатай байдаг энэ улсынхаа эдийн засгийн хоёр дахь том салбарыг эрчим хүчний салбар болгох нь зүйтэй юм. Дунд хугацаанд буюу 2024-2028 оны хугацаанд Монгол Улс биеэ даасан хараат бус тусгаар эрчим хүчний системтэй болно гэсэн зорилт тавьж байна. Өнөөдөр нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ дунджаар 10 хувиар өссөөр буй.

Харин богино хугацаандаа үнэ тарифын өөрчлөлт хийхээс эхэлнэ. Энэ шилжилтийг хийхдээ иргэд, бизнес эрхлэгчдэдээ аль болох дарамт үүсгэхгүйгээр олон улсын туршлага дээр үндэслээд хийх нь зүйтэй гэсэн байдлаар шийдвэрүүд гарахыг зорьж байгаа аж.

Шадар сайд Т.Доржханд өнгөрөгч 12 дугаар сард Монгол Улс эрчим хүчний реформ руу орж байгаагаа зарлах үеэрээ "Эрчим хүчний цогц шилжилт хийж байгаа болохоор бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ салбарт үүсээд байгаа төрийн монопол болсон асуудлыг цэгцэлнэ. Хувийн секторын оролцоог хангана. Нээлттэй, ил тод системийг бий болгоно. Авлигал, хээл хахууль, үр ашиггүй байдлыг бид цэгцэлнэ гэдгээ онцолсон юм.

Хөрөнгө оруулагчид МОНГОЛ УЛСЫГ СОНИРХОЖ БАЙНА

2024 оны 11 дүгээр сард болсон Шанхайн экспогийн үеэр Монгол, БНХАУ-ын Ерөнхий сайд нар яриа хэлэлцээ хийж, эрчим хүчний төслүүдэд хамтарч ажиллах ойлголцолд хүрсэн.

Мөн Арабын орнуудад хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татах, тухай бүс нутагтаа топ 10-т багтдаг "Aqua power" компанитай хамтарч ажиллахаар болж өнөөдрийн байдлаар 10 ГВт хүчин чадалтай экспортын эрчим хүчний эх үүсвэр барих төслийн судалгааны ажил хийгдэж, энэ оны эцэс гэхэд хөрөнгө оруулалтын эхний шатны ажлууд хийгдэхээр тохиролцоод байна. Энэ нь томоохон төслүүдээ урагшуулах суурь тавигдсан гэсэн үг.

Мөн 7 хоногийн өмнө Монгол Улсын Эрчим хүчний үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус компани нь Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ бол манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхам бөгөөд уг төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх, мөн төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байна.

Зээлжих зэрэглэл өсөж, улс төр, эдийн засаг тогтворжсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчид ийнхүү манай орныг сонирхож байгаа бөгөөд реформын хүрээнд хийхээр төлөвлөсөн тулах төслүүдийнхээ хөрөнгө оруулалтуудыг амжилттай татсаар байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн