2025.06.20
Ц.Идэрбат: Төрийн бодлого залгамж халаатай, уялдаатай явах ёстой
УИХ-ын чуулганы 2025.06.20ны өдийн хурадпаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Идэрбат асуулт асуув.
Хэлэлцэх эсэхийг нь дэмжиж байгаа. Аливаа эрсдэл, учрал, тохиол олон зүйлүүдийг харахад стандартаа бид гаргаагүй, гаргасныг нь мөрдөөгүй. Хувь хүний хариуцлагагүй байдал гээд л олон зүйлүүдэд нөлөөлөөд байдаг. Тэр дундаа стандарт алдагдсанаас болоод харамсалтай үйл явцууд их болдог. Дараа нь судлахад олон юмнууд зөрчигдсөн байдаг. Тийм учраас стандарт батлах нь зүйтэй. Стандартаа шинэчлэх нь зүйтэй гэдэгтэй би санал нэг байгаа. Тийм учраас дэмжинэ гэсэн байр суурьтай байна. Нөгөө талдаа стандарт нэг л гарсан бол мөрдөх л ёстой. Ялангуяа хүний эрүүл мэнд. Ийм үйлчилгээ явуулах боломжтой юу, үгүй юу гэдгийг хянаж шалгадаг тэр байгууллага маань бидний санасан шиг ажиллаж чадахгүй байна. Салбарын яаман дээрээ очсон л гэнэ. Аймаг дээр байгаа хэлтэс рүүгээ агентлаг руугаа очсон л гэнэ. Хяналтаа хийж чадахаа больсон гэж байна. Айлын хатавчинд оччихсон юм шиг 2 нөхөр тэнд унах унаа ч байхгүй, бензин ч байхгүй, нөгөө агентлагийн дарга нь хөдөө гадаа явуулах ямар ч бололцоогоор хангахгүй тэгээд л аймгийн төв дээр байдаг 2, 3 хүн болж хувирсан байна. Тэгэхээр бид энэ стандарт батлах нэг хэрэг. Стандартыг мөрдөх гэж байна уу? мөрдөхгүй байна уу гэдэг хяналтын систем чинь өшөө сайжрахгүй л байна шүү дээ. Төсвийн тодотголоор машин унаа, бензин тос, томилолтыг нь хаана гэж байна. Дахиад явахгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр ярих гээд байгаа зүйл хэрэгжихгүй болох гээд байна. Тийм учраас энэ мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг чиглэлийг авсан тэр төрийн байгууллага ажлаа сайн хиймээр байгаа юм. Урьд нь тэнд шалгуулж байсан нөхөр өнөөдөр тэр шалгадаг хүмүүсийг удирдаад сууж байгаа учраас эс үйлдэхүй хийгээд байгаа. Энийг бүр орон нутгийн байгууллагуудаас энэ мэргэжлийн хяналтад ажиллаж байсан байцаагч нараас та бүхэн бүр тодруулаарай.
Хоёрдугаарт стандартыг мөрдүүлэх асуудал дээр олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг бид нар яаж хийх ёстой юм бэ? Өнөөдөр Улаанбаатар хот ширэнгэ боллоо л гэнэ. Ямар 5 ханатай гэр барьж байгаа биш нэг шөнийн дотор барьчхаагүй. Тэнд л стандарт алдагдсан. Тэгэхээр энэ олон нийтийн хяналтыг энэ стандарт руу чиглүүлэх механизмыг сурталчлах ийм зүйлүүдийг бид хиймээр байна. Мөн аялал жуулчлалын стандартыг мөрдүүлэх тал дээр юу туссан бэ гэдгийг асуумаар байна. Бид учраа олоод яваад байдаг байх. Харин гаднын өндөр стандарттай газраас ирсэн хүмүүс нүд нь орой дээрээ гараад л явна шүү дээ. Бэртэж гэмтээд байна гэж байгаа. Тийм учраас зүүн бүс аялал жуулчлалын бүс нутаг. Бид нар жуулчин оруулж ирмээр байдаг. Тэгэхээр стандарт мөрдүүлэх тал дээр ямар зүйл туссан байгаа юм. Төрийн бодлого залгамж халаатай, уялдаатай явах ёстой. Монгол Улсын ЗГ-аас аялал жуулчлалын бизнес, малчдад олгодог, бусад ЖДҮ-д олгодог хөнгөлөлттэй зээлүүдийг олгоно гэдэг чиглэл гарсан. Энэ хэвээрээ байгаа юу? Тэгэхээр тэр зээлийг авсан хүмүүс ямар стандартыг эхнээсээ мөрдөж явах юм бэ гэдгээ ойлгож, бизнес төлөвлөгөө, зээл, хувь юмаа авбал яадаг юм гэж.
Түүний асуултад, Шадар сайд С.Амарсайхан хариуллаа