Эмэгтэйчүүдийн квотын системийг 90 гаруй орон хуульчлан хэрэгжүүлж байна
2011.02.07

Эмэгтэйчүүдийн квотын системийг 90 гаруй орон хуульчлан хэрэгжүүлж байна

Төмөр Туулай жилийн босгон дээр УИХ-аар баталсан  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн  Үндэсний хорооны дэд дарга Б.Долгор нар өнөөдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийв.

Дөрвөн парламент дамжин хэлэлцэгдсэн энэхүү хуулийн төсөл чамбай бэлтгэгдсэн төдийгүй  хүйсийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоход  ажлын хэсгийн ахлагчийн хувьд  ихээхэн  анхаарал тавьж  ажилласан  гэдгийг  Д.Очирбат дарга хурлын эхэнд онцлон тэмдэглэлээ.  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн квотын асуудал тусгагдаагүй. Учир нь  уг асуудал  УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хууль ямар хувилбараар батлагдан гарсантай уялдан  яригдах юм байна. Түүнчлэн аливаа байгууллагын дарга нь эрэгтэй байвал орлогч нь эмэгтэй байхаар хуулийн төсөлд  оруулж  ирсэн ч ажлын хэсэг дээр энэ заалт хасагджээ. Харин төрийн улс төрийн , төрийн захиргааны удирдах албан тушаалтны  квотыг хамгийн анхан шатнаас  эхлэн өгсүүлэх хэлбэрээр буюу тухайлбал, пирамид хэлбэртэй байхаар  тусгасан байна. Харин төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл хэт давамгайлах байдлыг бий болгохгүйн үүднээс 40:60 харьцаатай байхаар заажээ.

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн квотын системийг 90 гаруй орон, үүнээс 40 гаруй нь Үндсэн хуулиар, 50 гаруй нь Сонгуулийн хуулиараа хуульчлан хэрэгжүүлж байгаа аж. Үүний дотор Соц-интерний 62 орон сонгуулийн квоттой байдаг байна. Манай УИХ-д 1992 онд эмэгтэйчүүд 7,7% нэр дэвшиж байсан бол 2008 онд 19%  болж өссөн байна. Гэвч 2000 онд хамгийн олон буюу 9 эмэгтэй 12% байсан бол одоогийн их хуралд 3 эмэгтэй буюу 3,9% болон буурчээ. Дэлхийд хамгийн бага хувьтай 20 орны тоонд Тонго, Иемен, Оман зэрэг оронтой хамт Монгол явж байна. Түүнчлэн Жендэр хөгжлийн индексээр манайх дэлхийн 140 орноос 94-т оржээ.

 

Одоо орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 30,2% , ИТХ-ын тэргүүлэгчдийн 29,5%8, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн 22,2%, сайд 6.6%,дэд сайд 25%, Аймаг, нийслэлийн засаг дарга 0%, сум, дүүргийн засаг дарга 17,4%, аймаг, нийслэл, дүүргийн засаг даргын орлогч 17,3%, хороон засаг даргын 46,5%  нь эмэгтэйчүүд байна. Харин Монгол банк 0%, Авлигатай тэмцэх газар 0%, Төрийн албаны зөвлөл 0%, Яамдын ТНБД 0%, яамдын газар хэлтсийн дарга, орлогч 26,5%, агентлагийнй дарга 4,7%, бусад төв байгууллагууд 30%, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ дарга 31,2%, ЗДТГ хэлтэс, албадын дарга 28,1% эзэлж байна. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу ЭМЯ-ны харьяа 16 эмнэлгийн даргын 18,7% , аймаг, нийслэлийн ЭМГ-ын даргын 50%, ЕБСургуулийн удирдах ажилтны 53,3%, ИДСургуулийн удирдах ажилтны 37,5% эмэгтэйчүүд байна. Үүний дотор ЕБСургуулийн 226 захирлаас 59,2% , сумдын боловсрол, соёлын 813 байгууллагын дарга нарын 75,1%, нийслэлийн соёл урлагийн байгууллагын 53 газрын удирдлагын 41,5% нь тус тус эмэгтэйчүүд байгаа ажээ.

 

Мөн энэхүү хуулиар зар мэдээнд аливаа ажилд иргэдийг авахдаа нас , хүйсээр ялгаварлахгүй байхыг заажээ. Түүнчлэн хуульд заасан бас нэг чухал заалт нь жендерийн тэгш байдалд хяналт тавьж ажиллах үүргийг Хүний эрхийн үндэсний комисс хүлээсэн байна. Хүний эрхийн үндэсний комисс нь жил бүр жендерийн тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа талаарх тайлан гаргана. Харин Засгийн газар хоёр жил тутамд энэ талаарх тайланг УИХ-д танилцуулж, улмаар чиглэл авах юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.