УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа
2011.02.11

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын намрын ээлжит чуулганы завсарлагаар байнгын хороод, намын бүлгүүдээс хууль сурталчлах болон УИХ-ын 2011 оны хаврын ээлжит чуулганы бэлтгэлийг хангах талаар хийх ажлын төлөвлөгөө, чиглэл, анхаарах асуудлыг ярилцав.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдааны өмнө хэлэхдээ, УИХ-ын 2011 оны хаврын ээлжит чуулганы бэлтгэлийг хангах ажил өнөөдрөөс эхэлж байна.  Энэ Их Хурлын бүрэн эрхийн үлдэж буй арван долоон сар нь та бидний дөрвөн жилийн ажлын хувь заяаг шийдвэрлэх хугацаа юм. Мөн Улсын Их Хурал гаргасан шийдвэрүүдийнхээ хэрэгжилтийг хангуулж, үр дүнг тооцох  хугацаа. Хэлэлцүүлэх дарааллаа хүлээсэн олон хууль, бодлогын баримт бичгүүдийг эцэслэн шийдвэрлэх ёстой хугацаа юм. Иймээс бид ажлаа сар бүрээр төлөвлөж, шаргуу ажиллах хэрэгтэй болж байна. Энэ шаардлага Засгийн газарт ч нэгэн адил хамаарна гэдгийг 2010 оны намрын чуулганы ажиллагааг хааж өчигдөр хэлсэн үгэндээ би онцлон дурдсан.

 

Байнгын хороод хууль сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн намрын чуулганы бэлтгэлийг сайтар базаах талаар чуулганы завсарлагаар ямар ажил хийж, ямар үр дүнд хүрсэн байхаа нарийн төлөвлөж ажил хэрэг болгох хэрэгтэй. УИХ дахь намны бүлгүүд ч бодлогын асуудлаа тодорхойлж, бэлтгэлээ хангах шаардлагын үүднээс төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй юм гээд чуулганы завсарлагаар байнгын хороодоос хийхээр төлөвлөж буй ажлын чиглэлийн талаар сонсов.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат:

-Манай байнгын хороо Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гарган зарчмын зөрүүтэй асуудлын талаар намын бүлгүүдтэй ярилцаж хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн харилцааны чиглэлээр ШУА-тай хамтран семинар зөвлөлгөөн хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар салбарын яамнаас нээлттэй сонсгол авахаар төлөвлөж байгаа. Мөн энэ чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж  санал солилцохоос гадна орон нутагт ажлын хэсэг томилж ажиллуулна. Түүнчлэн соёлын үнэт өв, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалттай танилцаж, энэ чиглэлээр хил, гаалийн байгууллагуудтай хамтарсан ажил зохион байгуулах бодолтой байгаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл:

-Байнгын хорооны гишүүдтэйгээ өчигдөр уулзаж орон нутагт ажиллах үеэрээ Бэлчээрийн тухай, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлд санал авах чиглэл өгсөн. Энэ хоёр хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангахад голлож анхаарна. Салбарын чиглэлээр хууль эрх зүйн ямар өөрчлөлт хийх, ямар асуудалд голлож анхаарах шаардлагатай байгаа талаар яамдаас авсан саналыг судалж дүгнэлт гаргахын зэрэгцээ хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэд хэдэн газар шалгалт хийхээр төлөвлөж байгаа.

Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа:

-Төсвийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангахад голлож анхаарна. Ирэх сарын сүүлчээр Замын-Үүдийн гаалийн ажилтай танилцахаар төлөвлөж байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих чиглэлээр Сангийн яамтай хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил нэлээд бий.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт:

-Манай байнгын хороо чуулганы завсарлагаар 20-иод ажил хийж гүйцэтгэх төлөвлөгөө гаргасан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх ажлын явц байдлын талаар салбарын сайдын сонсголыг нээлттэй хэлбэрээр сонсохоор төлөвлөж байгаа тул бэлтгэл хангах чиглэлээр хийх ажил нэлээд бий. Мөн Тавантолгойн орд, цөмийн энергийн асуудалд байнгын хороо анхаарахаас гадна Компанийн, Ашигт малтмалын, Хадгаламж зээлийн хоршооны, Валютын хадгаламжийн тухай зэрэг хуулиудын төсөл дээр гишүүд төвлөрч ажиллана гэлээ.

 

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо гол анхаарлаа УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахад чиглүүлэхийн сацуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр ажиллах юм байна. Түүнчлэн Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл зэрэг газарт хуулийн хэрэгжилттэй танилцаж, УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны үйл ажиллагааны тайланг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангуулах, нутгийн удирдлагын асуудлаар гурван аймагт сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж:

-УИХ-ын Тамгын газар намрын чуулганы завсарлагаар их ачаалалтай ажиллана. Чуулган, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал, хууль тогтоомжийн төслүүдийг хаврын чуулганы өмнө цахим хэлбэрээр гишүүдэд дамжуулдаг цаасгүй технологид шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ чиглэлээр хэд хэдэн удаа сургалт зохион байгуулна. УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг ирэх долоо хоногт Дорноговь аймагт зохион байгуулах гэж байна. Цаашдаа Архангай аймгаас эхлээд бүх аймагт зохиогдох юм. Мөн Тамгын газрын 2010 оны үйл ажиллагааны тайланг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэлийг хангуулна гэлээ.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү байнгын хорооны үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулдаг байх, хуралдаанд яамдын удирдлага, ажлын хэсгийн гишүүдийг заавал оролцуулах, байнгын хорооны ажлын албыг бэхжүүлж мэргэжлийн хүнээр хангах, байнгын хороодын хуралдааны цагийг аль болохоор давхардуулахгүй байлгаж гишүүдийн оролцоог жигд байлгах, хуралдааны санал хураалтад техник хэрэгсэл ашиглах боломж бүрдүүлэх талаар Тамгын газар, байнгын хороодын удирдлагууд анхаарах хэрэгтэй байгааг хэллээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдааны төгсгөлд чуулганы завсарлагаар болон хаврын чуулганы бэлтгэл хангах талаар тэдэнд ажлын чиглэл зөвлөмж өгөв. Тэрбээр хэлэхдээ:

 

-Байнгын хороод чуулганы завсарлагаар хийх ажлын болон хаврын чуулганы бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж хэрэгжүүлэх, бодлогоо олон түмэнд хүргэж сурталчлахад анхаарах, дэд хороодоо сайн шахаж ажиллуулах хэрэгтэй байна.

 

-УИХ бодлогын шинжтэй олон том асуудлыг шийдэж байгаа ч түүнийгээ олон нийтэд ойлгуулах ажлыг орхигдуулаад байна. Иймээс хууль сурталчлах ажилд онцгой анхаарч тухайн байнгын хороогоор хэлэлцэж шийдүүлсэн бодлогын гол асуудлаа гишүүн бүртээ хуваарилан иргэд сонгогчдод хүргэж сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах нь чухал. Намын бүлгийн дарга нар ч хуулийг агуулгаар нь өргөн далайцтай сурталчлах чиглэлийг бүлгийн гишүүддээ өгөх нь зүйтэй.

 

-УИХ-аас баталсан шийдвэр заавал хэрэгжиж байх ёстой, гишүүд ч олонхиороо баталсан шийдвэрээ хүндэтгэж хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэгэнт батлагдсан хуулиа шүүмжилж эсрэг үг яриа гаргадаг явдлыг цаашдаа гишүүний ёс  зүйн асуудлын хүрээнд авч үзэж байх нь зүйтэй юм. Энэ талаар намын бүлгүүд гишүүдтэйгээ ажиллах хэрэгтэй. Төрийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн захиргааны албан хаагч хүн төрийн хуулийг шүүмжлээд сууж байгааг байнгын хороо анхаарч тийм хүнтэй хариуцлага ярих ёстой.

 

-Хууль сурталчлах ажилд Засгийн газар, яамдын хүчийг дайчлах, энэ талаар хийж буй ажлыг нь тооцож үнэлэлт дүгнэлт өгдөг байх, тухайн салбартай холбоотой хууль нэг бүрийг сурталчлах, хэрэгжүүлэх төлөвлөгөөг салбарын яамаар нь гаргуулан авч шахаж ажиллах хэрэгтэй.

 

-УИХ-ын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад бодлогын гол асуудлууд орсон байх, хэлэлцэх бэлтгэлийг нь сайтар хангаж өргөн баригдсан байх ёстой. Иймээс байнгын хороодын саналыг авсны үндсэн дээр хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох болно. Намын бүлгүүд бодлогын гол хуулиуд дээр ярилцаж тохиролцох асуудал байгаа бол хаврын чуулганы өмнө асуудлаа шийдэж бодлогоо нэгтгэсэн байх хэрэгтэй. Аар саар зүйлээс болоод хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаар завсарлага авч хугацаа алддаг явдлыг цөөлөх хэрэгтэй байна.

 

-Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагуудтай ажиллах талаар байнгын хороод анхаарч хуулийн төсөл боловсруулахаас эхлээд хэрэгжилтийг хангах уулзалт, хэлэлцүүлэг зэрэгт татан оролцуулж санал бодлыг нь сонсож байх нь зүйтэйг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.