2011.11.15

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км,Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км замыг ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газар аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Үүний нэг болох Баянхонгор аймгийн төвийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээртэй холбох хатуу хучилттай замын зарим хэсгийг ашиглалтад орууллаа. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км, Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км замын хатуу хучилтыг бүрэн дуусгаж, тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэжээ. Эдгээр замын хөдөлгөөнийг нээх арга хэмжээнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга оролцлоо.

2008 оноос хойш тендер зарлаж, ажил нь эхэлсэн ч тодорхой хугацаанд хөрөнгө мөнгөний гачигдалд орж замын барилгын ажил удааширсан. Улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгасан зам нээгдсэнээр Баянхонгор аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар  холбогдоход 107 км зай үлдээд байна. Дээрх замын 57 км-ийг барих ажлыг гүйцэтгэх ёстой байсан компани ажлаа хийгээгүйгээс энэ онд дахин тендер шалгаруулсан юм. Гэсэн хэдий ч замын компаниуд ирэх онд багтааж замын ажлаа дуусгаж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ажлын явц ямар байгаатай салбарын сайд танилцав. Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км хатуу хучилттай авто замыг ЗТБХБЯ-ны захиалгаар "Улаанбаатар АЗЗА" ТӨХК, "Чайлган" ХХК тус замын гүйцэтгэлийг хийжээ. Зураг төслийг "Мон Ази" ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад оруулснаа хүлээлгэж өглөө. Уг зам нийтдээ 9.5 тэрбум төгрөгөөр бүтсэн аж. Харин нөгөө талаас нь буюу Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км хатуу хучилттай авто замын ажлыг "Төв АЗЗА" ТӨХК, "Ялгуусан" ХХК хамтран гүйцэтгэж. Зураг төслийг "МСРС" ХХК гаргаж, нийтдээ 5.2 тэрбум төгрөгөөр барьж дуусгаад хүлээлгэн өгч, хөдөлгөөнийг нээсэн юм.




Х.Баттулга:ЗТБХБЯ авто замын стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байна

Дээрх хоёр замын хөдөлгөөнийг нээсний дараа ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Хатуу хучилттай замын ажил харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн учир гүйцэтгэсэн компаниудад үнийн зөрүүний асуудал үүссэн гэлээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Нийтдээ улсын хэмжээнд авто замын ажлын гүйцэтгэлээс 34 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа. Үүний талыг нь өнгөрсөн онд шийдсэн. Жишээ нь, Арвайхээр-Баянхонгорын чиглэлийн замын хувьд нэлээн алдагдал гарсан. Төсөвт 5.2 тэрбум төгрөгөөр барина гэж суулгасан. Нэг км-ийг 195 сая төгрөгөөр барьсан нь өнөөдрийн хувьд бага мөнгө байгаа юм. Замын компаниуд маань нэлээн хүчин зүтгэл гаргаж байж ажлаа дуусгалаа. Цаашдаа Баянхонгор-Өвөрхангайн чиглэлд 107 км замыг хатуу хучилттай болгох ажил үлдээд байна. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн зам гэхэд Говь-Алтайгаас ажил нь эхлээд явж байгаа. Засгийн газар аймгуудын төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавиад ажиллаж байгаа.

-Уул уурхай ашиглах нь сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаагаас замуудын чанар баталгаат хугацаанаасаа өмнө эвдэрч муудах тохиолдол гардаг. Чанар, даацын тухайд ЗТБХБЯ-наас ямар ажил хийж байна вэ?

-Манайд урьд нь.уул уурхайн зам гэж байгаагүй. Эрдэнэтийн үйлдвэр дотор л уул уурхайн зам байсан. Сүүлийн үед томоохон уурхайнууд нээгдэж эхлэхээр уурхайгаас хилийн боомт руу, нийслэл рүү гэх мэт чиглэлийн зам гарч ирж байгаа юм. Тээвэрлэлтээ дагаад стандартууд янз бүр. Хот хоорондох, хот доторх, уурхайн зам ямар байх вэ гээд техник, стандартын тал дээр манай яам нэлээд ажил хийж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Авто замын стандартыг мөрдүүлэхэд тодорхой ажлууд хийнэ.

-Баянхонгор-Өвөрхангайн чиглэлийн үлдэж буй 107 км замыг хэзээ бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бэ?

-Үлдсэн 107 км замын 57 км-ийг Хятад, Монголын хамтарсан компани энэ онд тендерийг нь авсан. Өмнө нь тендерт ялсан компани ажлаа хийж чадаагүй. Харин 50 км замын ажлыг өөр компани гүйцэтгэнэ. Замын ажилтай танилцахад хайрган хучилт дутуу харагдлаа. Мөн шорооны ажлууд хийх болон асфальтаа тавих ажил үлдсэн байна. Ирэх оны долоо, наймдугаар сард замын ажил дуусна гэсэн зорилттой ажиллаж байна.

Б.Батмөнх: Шинэ зам ашиглалтад орсноор улсад 3.5-4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан

"Улаанбаатар АЗЗА" ТӨХК-ийн захирал Б.Батмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн замын ажлыг нэлээд урт хугацаанд гүйцэтгэсэн байна. Ямар учраас ингэж удаан ажилласан юм бэ?

-Манай компани анх 2008 онд 9.5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажлыг авсан. Хэдийгээр урт хугацаа өнгөрсөн ч гэсэн дэлхий нийтэд санхүүгийн хямрал нүүрлэсэн учир төсөв мөнгөний хувьд хүндрэл гарсан юм. Тиймээс энэ жил замын барилгын ажлаа дуусгалаа. ЗТБХБ-ын сайд Баттулга уг замын ажлын хөрөнгө мөнгөний асуудалд маш их анхаарал хандуулсаар ирсэн. Хувиасаа тэрбум гаруй төгрөг энэ замын ажилд гаргаж өгсөн. Үүнд нь Баянхонгор аймгийн ард иргэд болон манай компанийн ажилтнууд талархаж явдгаа энэ дашрамд хэлье. Зам ашиглалтад орсноор улсад 3.5-4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан болов уу.

-Эдийн засгийн хямралаас үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү нь хэдэн төгрөг болсон бол?

-УИХ, Засгийн газарт 4.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор. олгоно уу гэсэн үнийн зөрүүгээ гаргаж өгөөд байна. Нэг км замыг 250 орчим сая төгрөгөөр тавьсан. Өнөөдрийн байдлаар 420-450 сая төгрөгийн өртгөөр нэг км зам тавьдаг. Үндсэндээ үүнээс 50 хувийнх нь үнээр ажилласан гэсэн үг.


М.Ганбаатар: Улсын комисс баталгаат хугацаа нь хэлэн жил байхыг тогтоож өгнө

"Төв АЗЗА" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

-Замын барилгын ажил саатсан ч гэсэн гүйцэтгэгч компаниуд асуудлыг шийдсэн гэсэн. Хэрхэн яаж шийдсэн юм бол?

-2008 онд тендерт шалгарч нэг км замыг 195 сая төгрөгөөр буюу нийт 5 тэрбум 265 сая төгрөгөөр барих тооцоо гарган авсан. Барилгын ажлын явцад зам, барилгын материал, үнэ тарифын өөрчлөлтөөс шалтгаалж одоогийн өртгөөр 350 сая төгрөгөөр нэг км замыг барьж дууслаа. Зах зээлийн үнээс харьцангуй доогуур өртгөөр барьсан. Үнэ тарифын өөрчлөлтөөс шалтгаалж алдагдалд ч орсон. Гэсэн хэдий ч хоёр компани үл хөдлөх хөрөнгөө барьцаалж
банкнаас хүүтэй зээл авч ажлаа гүйцэтгэж  дууссан. Цаашид захиалагч болон бусад холбогдох албаны байгууллага зөрүү хөрөнгийг шийдэж өгөх байх гэж найдаж байгаа.

-Үнэ тарифын өөрчлөлтөөс хэдэн төгрөгийн зөрүү гарч байгаа вэ?

-Нийтдээ 2.8 тэрбум төгрөг болсон.

-Замын даац хэдэн тоннынх вэ. Чанарын баталгааг хэдэн жилээр гаргаж өгсөн бэ?

-Чанарын тухайд техник ашиглалтын төвшин тогтоох холбогдох баг ирээд ажиллаад явсан. Замын чанар, даацын хувьд тавигдах шаардлагын хэмжээнд байна гэж үзсэн. 60 тоннын даацтай авто машин энэ замаар зорчих боломжтой. Улсын комисс хүлээж аваад баталгаат хугацааг хэдэн жил байхыг тогтоож өгөх учиртай.
Эх сурвалж:Ардчилал сонин Л.Номин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.