Төмөр зам дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи туршиж байна
2011.11.09

Төмөр зам дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи туршиж байна

Төмөр замын ачаа тээвэрлэлтийн үед зам төмөр их хэмжээгээр элэгддэг. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалтай ч холбоотой байдаг гэнэ. Манай улсад өнөөдөр ашиглаж байгаа орос технологийн зам төмрийг 7-8 жил ашиглаад л солих шаардлагатай болдог аж. Харин Улаанбаатар төмөр зам компаниас эл замыг "Япон стиль" компанийн гангаар үйлдвэрлэсэн удаан эдэлгээтэй, хат өндөртэй зам төмрөөр солин туршиж үзэхээр Хонхор өртөөний ойролцоох тойрогт 25 метрийн урттай арван ширхгийг суурилуулжээ. Зургаан сарын дараа энэхүү зам төмрийн элэгдлийг нь хэмжиж үзэх юм байна. Төмөр замын салбарт шилдэг технологийг нэвтрүүлэхээр замын даацыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, шинээр барих төмөр замын эд ангийг Монгол Улсад үйлдвэрлэх боломж, бололцоог бий болгох зорилгоор ЗТБХБ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан аж. Уг ажлын хэсэг нь Японы дээрх компанийн бүтээгдэхүүнийг сонгожээ. Япон технологиор хийсэн энэхүү зам төмөр нь дэлхийд танигдсан сайн чанартай гэнэ.

Оросууд хүртэл нийт төмөр замынхаа 20 гаруй хувийг Японы энэхүү зам төмрөөр солиод байгаа аж. "Япон стиль" компани нь зам үйлдвэрлэх түүхий эдээ Индонез, Австралиас авдаг. Хэрэв энэ туршилт амжилттай болж, Таван толгойн төсөл хэрэгжээд эхэлбэл манай улс дотооддоо ган үйлдвэрлээд зогсохгүй экспортлох боломжтой болох юм байна.


Төмөр замын газрын дэд дарга Л.Пүрэвбаатараас Японы технологийн талаар тодрууллаа.

-Манайд ашиглаж байгаа Оросын зам төмрийг 7-8 жил ашиглаад сольдог гэж байна. Харин Японы зам төмрийг ашигласнаар эдийн засгийн хувьд ямар өөрчлөлт гарах бол?

-Энэ зам төмөр нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай замд энгийн замаас 5-6 жил урт хугацаагаар ашигладаг юм. Энэ нь бусад зам төмөр үйлдвэрлэгч компанийг бодвол 20-30 хувиар илүү гэсэн тооцоо байдаг.

-Японд үйлдвэрлэсэн зам төмөр нь үнийн хувьд ямар байгаа юм бэ?

-Үнийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн зам төмрөөс үнэтэй. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас нэг тонн зам төмөр авахад 1150-1200 ам.доллараар авдаг бол Японых тонн нь 1600-1800 ам.доллар байх жишээтэй. Хэдийгээр үнэ нь өндөр ч ашиглах хугацаа нь урт. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

-25 метрийн урттай зам төмөр  нь дуу чимээтэй, элэгдэл, хорогдол ихтэй байдаг тухай ярьжбайна.  Тэгэхээр энэ замыг илүү уртасгах боломж бий юу?

-Тийм ээ.  Монголд 25 метрийн урттай богино зам төмрийг хэрэглэхээсээ илүү хооронд нь холбож гагнаад 150, 200, 800 метр   урт болгоод ашиглавал дуу чимээ, эдэлгээ урт болно гэсэн тооцоо бий.


ЗТБХБЯ-наас мөн өдрийн үдээс өмнө "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулийн төсөл боловсруулснаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан юм. Уг төслийн жагсаалтад шинээр гаргах найм, шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулах нийт 21 хууль багтжээ. УИХ-аас дээрх хөтөлбөрийг батлахдаа 18 хууль нэмж тусгаснаар нийт 39 болон өргөжжээ.

Хуулийн төслийг боловсруулах тал дээр ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа боловч холбогдох мэргэжлийнхэн, хуульчид, Японы "JAICA", Германы "GIZ" -ийн гадаад зөвлөхүүд зарим хуулийн төслийг бие даасан байх шаардлагагүй, мөрдөгдөж буй зарим хуульд бүлэг, зүйл болгон тусгах замаар нэмэлт өөрчлөлт хийх боломжтой гэж үзжээ. УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах саналыг ЗТБХБ- ын сайд Х.Баттулга санаачлан Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр оруулан хэлэлцүүлж, гишүүдээс дэмжлэг авч чадлаа. Ингээд "Шинэ бүтээн байгуулалт "-тай холбоотой гишүүдийн асуултад Х.Баттулга сайд дараах хариултыг өглөө.

-"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны хөтөлбөр ямар шатандаа яваа вэ. Хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл саад байна?

-"100 мянган айл орон сууц" хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, гурван хотын барилгын компаниудаас  санал  авч тендер зарласан. Дээрх барилгын компаниудаас 160 мянган айлын орон сууцны зураг төсөл, материал манай яаманд ирээд байгаа. Ер нь, цаасан дээрх ажлын гүйцэтгэл 80, 90 Хувьтай явж байна.


-Таван сумыг загвар болгоно гэж яриад байгаа. Аль аймгийн ямар сум орж байна?


-Монголд нийт 330 сум байгаа. Эхний ээлжид загвар таван сум байгуулахаар болсон. Төв аймгийн Эрдэнэ, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Хөвсгөл аймгаас тус бүр нэг, нэг сум сонгоно. Тэгээд дараагийн ээлжид 96 загвар сум байгуулна.

-Бүсийн нэмэгдэл гээд тодорхойгүй зүйл байх юм?

-Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Бямбацогт нарын 30 гишүүн ажиллаж байна.

-Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс, Ханбогд сумыг хот болгох боломжтой юу?

-Алтанхуяг шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Манай яамны зүгээс дэд бүтцийнх нь талаар саналаа хүргүүлсэн.

-Хот төлөвлөлт, ногоон байгууламжийн тухай хуулийг дангаар нь батлах хэрэгтэй байсан юм. Яагаад татаад авчихав?

-Хот байгуулалтын тухай хуулиндаа байдаг юм билээ. Тиймээс Хот суурины ногоон
байгууламжийн тухай хуулийн төслийг дээрх хуулинд нэмэлт өөрчлөлт   болгон   нэгтгэх
боломжтой. Тэрнээс татаад авчихсан юм биш.

-Сумдуудад ирэх онд сургууль, цэцэрлэг, орон сууц олноор барихаар төсөвт орсон. Загвар сум гэдэгтэй энэ бүгд уялдаа холбоотой байгаа юу?

-Уялдаа холбоо гэх юм байхгүй. Аймаг, сумдад барилга баригдах болохоор орон нутгийн компаниудад тендерийг нь авчихдаг. Тэгээд цэвдэгтэй газар 25-ын ханатай барилга барьчихаж байх жишээний. Энэ бүгдийг болиулж Канад технологийг нутагшуулъя гээд байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.