Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын  сайд Х.Баттулгын мэндчилгээ
2011.08.05

Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баттулгын мэндчилгээ

Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 73 жилийн ойг тохиолдуулан төмөр замын  тээврийг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан хөдөлмөрлөж буй нийт төмөр замчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

 

Манай улсад анхны төмөр замыг ашиглалтад оруулснаас хойш эдүгээ улсын эдийн засгийн гол бүс нутгуудыг холбосон хийгээд олон улсын тээврийн сүлжээний  бүрэлдэхүүн  хэсэг болж,  манай улсын гадаад харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг нэр хүндтэй томоохон салбар болон хөгжиж чадсан нь  эрхэм хүндэт төмөр замчид Та бүхний нөр их хөдөлмөрийн ач гавъяа гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

 

Монгол Улсын Засгийн газраас төмөр замын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, төмөр замын сүлжээг өргөжүүлэх,  техник, технологийг шинэчлэх, тээх нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахад шаардагдах бүхий л бололцоот арга хэмжээг авч дэмжлэг үзүүлж байгаа таатай боломжийг төмөр замчид Та бүхэн бүрэн  ашиглаж техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархаж буйгаа илэрхийлье.

 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй,  найдвартай хангахад чиглэгдсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ бий болгоход онцгой үүрэгтэй Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 км гаруй шинэ төмөр замын барилгын ажлын нээлтийг  энэ оны  4 дүгээр сарын 22-ны өдөр хийж газар шорооны ажлыг эхлүүлээд байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Москва хотноо 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын 1949 оны Хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурсан нь тус нийгэмлэгийн техник, технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр болно гэж үзэж байна.

 

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлж Монгол Улсын стратегийн ашигт малтмалын орд газруудыг  эдийн засгийн эргэлтэд оруулан  боловсруулах үйлдвэр хөгжүүлэх, төмөр замын тээврийн үр ашигтай, үндэсний нэгдсэн сүлжээ бий болох үйлсэд манай төмөр замчид улс орны хөгжлийн манлайлагчийн хувьд онцгой үүрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч  байна.

 

Төмөр замчид Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД,

МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН  “УБТЗ”

НИЙГЭМЛЭГИЙН  МОНГОЛЫН ТАЛЫН

ЕРӨНХИЙ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧ                                                       Х.БАТТУЛГА

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.