Шинэ төмөр замын ажлыг шахаж, шавдуулж байна
2011.05.24

Шинэ төмөр замын ажлыг шахаж, шавдуулж байна

ам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга болон холбогдох албаныхан Баруун-Уртаас Сайншандын чиглэлд барьж буй төмөр замын ажилтай өнгөрсөн амралтын өдөр танилцсан юм. Сүхбаатарт очсоныхоо маргааш бид Баруун-Урт хотоос зүүн тийшээ 30 орчим километр яваад Баруун-Урт-Сайншанд чиглэлд барих 50 километр төмөр замын хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн газарт очлоо. Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд 1100 километр төмөр зам барихаар дөрвөн газарт хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм. Төмөр зам барих ажлын суурь болох хөрс хуулах, далан, гүүр, хиймэл төхөөрөмж барих ажлыг хоорондоо 50, 50 км-ийн зайтай газарт зэрэг хийх аж. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг гурван төрлийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр болсон. Үүний нэг нь компани өөрийн хөрөнгөөр ажил хийж, төрд шилжүүлсний дараа мөнгөө гаргуулж авах хувил­бар. Баруун-Уртаас Сайн­шандын чиглэлд тавих тө­мөр замын ажлыг 100 хувь дотоодын хөрөнгө оруу­лалт­тай  “KHNR” компани гүй­цэтгэж байгаа ажээ. Тус ком­панийн ажилчид биднийг тэнд очихоос гурав хоногийн өмнө ажлын талбайдаа ирц­гээжээ. Одоогоор 42 хү­ний бүрэлдэхүүнтэй ажил­лаж байгаа бөгөөд энэ хуга­цаанд төвхнөөд үндсэн ажилдаа аль хэдийнэ орсон байлаа. Гэхдээ зарим техник хэрэгсэл, хүн хүч нь хараахан ирж амжаагүй байсан юм.  Ямартай ч Х.Баттулга сайдыг ажилтай нь танилцахаар очих үед тэнд 7-8 орчим том оврын техник хэрэгс­лээр хөрс хуулах ажлыг хийж байлаа. Нийт 50 км газрын хөрсийг хуулж, төмөр зам барих ёстойгоос нэг км орчим  газрын хөрсийг хуулжээ. Тус компанийн захи­рал З.Баасандоржын хэлж буйгаар 50 км төмөр замыг иж бүрнээр нь барихад нийт 100 сая орчим ам.доллар шаардлагатай аж. Ийм хэм­жээний хөрөнгөөр замын дээд, доод хэсэг, гүүр, хоолойн тө­хөөрөмжийг иж бүрнээр нь барина гэсэн үг. Хэдийгээр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай ч “KHNR” ком­панийнханд 2-3 сарын хуга­цаанд өөрсдийн хөрөнгөөр уг ажлыг үргэлжлүүлэх бо­ломж бий гэсэн. Хөрөнгө, сан­хүүжилтын тал дээр са­наа зовох зүйл байхгүй ч тус компанийнханд дизель түлш­ний хомсдол тулгарсан аж.  

Гэсэн ч “Петровис” компани энэ тал дээр дэмжиж, туслахаар болсон байна.
Тавантолгойн нүүрсийг дэлхийн бусад улс орон руу экспортолж эхэлсэн энэ үед шинэ төмөр замыг аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулах шаардлага тулгарч байгаа. Түүнчлэн нүүрсээ тээвэрлэх гэж шороон замаар хэдэн зуун км явдаг, үүнээс үүдэн байгаль орчин сүйдэж, олон талын бэрхшээл учирч буй. Салбарын сайд ч хөрс хуулах ажилтай танилцах үеэрээ энэ асуудлыг онцолж байсан. Тэрбээр “УИХ-аас төмөр замын талаар баримтлах бодлогыг хуульчилсан.  Засгийн газарт ч үүрэг өгсөн. Тиймээс зуны дэлгэр цагийг ашиглаж, нэлээд эрчимтэй ажиллах ёстой. Ажлыг эрчимжүүлэх үүднээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийнхныг шахаж, шавдуулж байна. Орон нутгийн иргэд бүтээн байгуулалтын ажлыг эерэгээр хүлээж авч байгаа. Энэ зам ашиглалтад орсноор зүүн аймгийн иргэд хилийн дээс алхахын тулд заавал Улаанбаатарт ирэх шаардлагагүй болно” хэмээн яри­лаа.

Ямартай ч тус яамныхан болон гүйцэтгэгч компаниуд төмөр зам барих ажлыг төлөвлөсөн хугацаандаа амжуулахыг хичээж байгаа хэмээсэн. Уг ажлыг ирэх аравдугаар сар гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж. Гэсэн ч саяхнаас дөрвөн газарт эхлүүлсэн хөрс хуулах ажилд нэлээд их цаг шаардагдаж байгаа юм байна. Хөрс хуулж дууссаны дараа карьерууд ажиллах бөгөөд далан, гүүр, худаг гаргах гээд чамгүй олон ажил давхцаж байгаа ажээ. Тиймээс шинэ төмөр зам барихад аймаг, орон нутгийнхны оролцоо  чухал гэдгийг албаны хүмүүс онцолж байв. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Баруун-Урт-Сайншанд, Баруун-Урт-Хөөт чиглэлд төмөр зам барих энэхүү ажилд Засгийн газрын төдийгүй Сүхбаатар аймгийнхны оролцоо чухал гэдгийг ойлгож байна. Орон нутгийн зүгээс бүхий л бололцоогоор тусална” гэсэн юм. Шинэ төмөр зам барих ажилд тус аймгаас 40 гаруй хүн оролцох ажээ. Ерөнхийдөө мэргэжлийн хүмүүс нь холбогдох ажлаа, мэргэжлийн бус хүмүүс нь барилгын туслах ажилд гар, бие оролцох юм байна.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдыг төмөр замын ажилтай танилцахад “Монголын төмөр зам” ТӨХК-ийнхан  ч байлцсан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа энэ үеэр “Шинэ төмөр зам барих техник эдийн засгийн үндэслэл ирэх наймдугаар сард бэлэн болно. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах анхан шатны сонгон шалгаруулалтыг саяхан зарласан. Одоогийн байдлаар 10 гаруй компани саналаа ирүүлсэн байна. Энэ сарын 27-нд анхан шатны шалгаруулалтаа дуусгана. Улмаар ирэх зургадугаар сард багтааж тендерийн жинхэнэ шалгаруулалтыг зарлана. Гүүр, хоолой, хиймэл байгууламжуудын зураг наймдугаар сард гарах байх. Энэ ажлыг төмөр замын даланг барих ажилтай зэрэг хийнэ” гэсэн мэдээллийг өглөө. Мөн тэрбээр шинэ төмөр зам барих ажилд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж байгааг онцолсон. Гагцхүү үүнийг хэр сайн зохион байгуулах нь чухал юм. Ямартай ч тус компанид энэ талаарх зөвлөлгөөг Европын томоохон хөрөнгө оруулалтын банк өгч байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.