Толгойтоос эмээлт өртөө хүртэлх 13,7 км төмөр замыг иж бүрэн солилоо
2011.08.18

Толгойтоос эмээлт өртөө хүртэлх 13,7 км төмөр замыг иж бүрэн солилоо

-Нэг км төмөр замын их засварт 600 орчим сая төгрөг зарцуулжээ-

Улаанбаатар Төмөр замынхан бүтээн байгуулалтын чанартай томоохон ажлын ард гарав. Наадмын дараа эхэлсэн төмөр замын их засварын ажил өчигдөр шуударч, найм дахь удаагаа тэд цонхоллоо. Төмөр замаа ч шинэчлэв. Лхагва, бямба гаригт төмөр замын зам засварын машинист станцынхан цонхолж Толгойт өртөөнөөс Эмээлт өртөө хүртэлх 13.7 км төмөр замыг иж бүрэн сольж өчигдөр хүлээлгэн өглөө. Эмээлт өртөөний замын хоёрдугаар ангийнхан их засварын ажилд гар бие оролцож байв. Өөрөөр хэлбэл, цонхтой үед тухайн чиглэлийн замд илчит тэрэгний хөдөлгөөн зогсож, сая нэг төмөр замын дэр мод амсхийдэг бололтой. Энэ үеэр л их засварын ажил ид өрнөнө. Ажилчид дуу нийлүүлэн дэр модтой замаа хөшиж өргөх бүр зам урагш сунах ажээ. Төмөр замын дэр модыг уг нь 17 жил болоод солих ёстой ч манайх 30 жилийн дараа "тэтгэвэрт" нь гаргав. Цаг тухайд нь их засвар хийж амжаагүй нь өнөө л хөрөнгө мөнгөгүйтэй холбоотой гэсэн. Цонх гэдэг нь их засвар юм уу даа. Түүнийгээ төмөр замынхан ингэж нэрлэдэг юм байна.  Энэ жилээс дэр модноос гадна бетонон дэрийг төмөр замдаа тавихаар болжээ. Бетонон дэр 40 жилийг даах дэвшилттэй талтай. Цаашид ч тавихаар болж байгаа юм билээ. Төмөр замчдын найм дахь цонх өмнөх цонхнуудаас ялгарах, басхүү тодорч товойхын учир энэ.

Зуун дамжсан төмөр замын дэр мод 30 жилийн настай байв

Хатуу хучилттай замд манайх гурван жил хүрэх үгүйтэй нөхөөс хийж, зарим газрыг нь ховхолж шинээр хайрга дэвсэн дахиад л зам тавих болдог. Жилийн жилд иймэрхүү замд хэчнээн ч тэрбум төгрөгийг газарт болоод халаасанд шингээв. Хашрахгүй юм. Мөнгийг ч бас зам засварт хайрлахгүй загнана. Гэтэл XX зуунд төмөр зам тавьчхаад XXI зуунд их засвар хийлээ. Бүр мартчихсан тууж явна. Толгойт өртөөнөөс Эмээлт өртөө хүртэлх төмөр замын дэр мод гэхэд л 1981 оных байх жишээтэй. Энэ үед төрсөн хүүхэд 30 нас хүрчихсэн. Өнөө төмөр зам нь бараг л хэвээрээ. Дэр мод нь өгөршөөд, төмөр нь элэгдсэнийг эс тооцвол төмөр зам гэдэг мөнх настай эд ээ. Ер нь уул уурхайн бүтээгдэхүүн үнэд орж, мөнгөтэй байгаа үедээ төр төмөр замын салбараа дэмжээд Мянганы зам гэдэг шиг 1100 км-ын төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа даруй хөрөнгөжүүлж, шалгарсан компанийг ажилд нь гаргаасай билээ. Урин цагт холдож байна.

Нэг нь хайрга зуурна, нөгөө нь эрэг боолт чангална

"Төмөр замын их засварыг хийхэд 13 үйлдэл хийдэг" гэж ахмад төмөр замчин Д.Банзар гуай ярилаа. Гэхдээ төмөр зам тавих нь хялбар ажил биш ээ. Хэмжээ, хэлтгий гээд тооцоолол нь тун нарийн. Төмөр зам тавихад чимхлүүр ажил их гэдэг. Ул шороон дээрээ угсарч бэлдсэн дэр модтой төмөр замаа тавьж, хооронд нь замаа холбоно. Замыг дээш өргөнө. Эрэг боолтыг нь чангална. Шахна. Чигчинэ. Хайрга шороо дэвсэнэ. Чиг заана. Шороогоо дэртэйгээ тэнцүүлнэ. Тэгш усаар тавьсан замаа нягталж шалгана. Төмөр замын царигийн стандарт нь 1524 байх ёстой ажээ. Түүнээс 1540, 1510 байж болохгүй нь. Ийм л зөрүү гарвал эрсдэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, давхиж буй галт тэрэг хазайна гэсэн үг. Тахир зам дээр бол хажуулдах ч аюултай гэнэ. Төмөр замын их засварын ажлын үеэр эрэгт боолт чангалах нь илүү юм. Харин Эмээлтийн шороон замд хайрга  зуураад,  бас бус бүдүүн тойм ажил хийгээд л болчхоор санагдсан. Гэтэл хотоос баруун чиглэлийн автомашины замын ажил сураггүй байв. Энэ жил цас эрт орох гэнэ лээ.

Хөтлийн бетонон дэр төмөр замын гол бүтээгдэхүүн

УБТЗ-ын Замын аж ахуйн албаны 60 жилийн ой өнөө жил тохиож байна. Түүхэн ойгоо замынхан ирэх сарын 16-нд тэмдэглэхээр болжээ. Замын алба гэдэг 3500 гаруй хүний ахуй амьдралыг авч явдаг, ажил олгогч том газар юм. Энэ жилийн замын их засварын ажил нугарч байна. Хангай говио холбосон төмөр замтай болчихсон. Замаа засаад их засвар хийх туршлагатай, чадвартай замчид зөндөө. Тэд 60 жилийн үүх түүхтэй. Манайх ОХУ-аас замын гантай төмрөө авч, бетонон дэрээ Хөтлийн үйлдвэрт хийдэг аж. Дэр модны тухайд УБТЗ бараг л өөрсдөө бэлтгэчихдэг гэв. БОАЖЯ, орон нутгийн байгаль орчны байцаагчаас модны зөвшөөрөл авдаг байна. Ер нь алсдаа Замын аж ахуйн албаныхан модноос татгалзаад бетонон дэр төмөр замдаа тавихаар болжээ. Гэхдээ нэг дутагдал нь мод шиг уян хатан биш. Үүнийг гэхдээ мэргэжлийн улс тооцсон байх л даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.