Япон төмөр зам эдэлгээ сайтай
2011.11.09

Япон төмөр зам эдэлгээ сайтай

Япон улсад үйлдвэрлэсэн толгойн гүн хатаалгатай БНН 3705 маягийн зам төмрийг хамгийн их ачаалалтай хэсгүүд болох Хонхрын тохойд туршиж байгаатай ЗТБХБ-ын сайд өчигдөр танилцав. УБТЗ-ын гол замын, 427-430 дугаар км-ийн хоорондох бага радиустай тохойн хэсэгт тавьж байгаа энэ зам төмөр нь толгойн гүн хатаалгатай учраас элэгдлийг багасгаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангана гэдгийг япон мэргэжилтнүүд хэлсэн. "Өнөөдрийн байдлаар манай улс зам төмрийг ОХУ-аас нэг тн-ыг нь 1150-1200 ам.доллараар авч байгаа ч энэ нь толгойн хатаалгагүй учраас амархан элэгддэг.


Тиймээс хагас жил болоод л их хэмжээний зардал гаргаж зам төмрөө солих шаардлага гардаг. Япон зам төмөр Оросынхоос наанадаж 50 хувь өндөр үнэтэй. Гэхдээ эдэлгээний хугацаа нь гурав дахин урт буюу 15-20 жил солихгүй ашиглаж болно. Үүгээрээ эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлттэй" хэмээн Төмөр замын газрын дэд дарга Л .Пүрэвбаатар ярилаа. 1995-1996 онд манай төмөр замын салбарынхан Австрали, Япон улсад үйлдвэрлэсэн зам төмрийг ашиглаж байсан туршлага бий. Энэ удаад "Nippon style" компаниас авч байгаа зам төмөр нь ган төмрийн хатаалгыг хэмждэг Бринеллийн 350450 гэсэн үзүүлэлтийг хангажээ.

Хоёр талдаа тус бүр 270 метр замд тавьсан энэ төмрийн элэгдлийг гурав болон зургадугаар сард дахин хэмжиж үзэх бөгөөд чанарт өөрчлөлт ороогүй бол цаашид уртасгах гэнэ.Тус компанийн туршлага дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи байдаг. Энэ зам төмрийг Хонхорын тохойд туршиж байгаа нь хэтдээ Монголд төмрийн хүдрээс сайн чанарын ган төмөр гаргаж авах боломж бүрдүүлэх, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дөхөм. Энэ  мэт  сайн туршлагыг   Монголд   нэвтрүүлснээр тухайлбал, Сайншанд аж үйлдвэрийн паркт гангийн үйлдвэр барих, цаашид өөрсдөө зам  төмөр  үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах үндэс болно" гэж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга энэ үеэр хэлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.