Агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай хөрөнгийг тооцно
2011.02.16

Агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай хөрөнгийг тооцно

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай нь тодорхой биш учраас "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөртэй уялдана гэсэн тайлбарыг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл хэлж байна.

 

Тус байнгын хорооноос 2010 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өчигдөр тайлагналаа. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн хугацаанд 14 удаа хуралдаж, 21 асуудал хэлэлцжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэлэлцүүлж, батлуулсан нь тус байнгын хорооны хийсэн даацтай ажлын нэг болжээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийн гол зорилго нь2014 онд агаарын бохирдлыг бүрэн арилгах бөгөөд 2011-2012 онд 50, 2012-2013 онд 80 хувиар бууруулах зорилтот чиглэлүүдийг тусгажээ. Тиймээс энэ зорилтыг Засгийн газар хэрэгжүүлэх болж байна. УИХ-ын БОХХААБХ болон Төсвийн байнгын хороо ирэх пүрэв гаригт хамтран хуралдах юм. Хамтарсан хуралдаанаар холбогдох байгууллагуудын удирдлагуудад Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай тооцоо судалгааг ирэх гуравдугаар сарын 15-ны дотор тодорхой болгох үүрэг өгөх аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд хязгаарлалтын бүс тогтоох, иргэдэд зургаан төрлийн урамшуулал олгохоор хуульд тусгасан байна. Шалны халаагуур, хийн түлш, цахилгаан хэрэглэсэн зэрэг зургаан тохиолдолд шөнө хэрэглэсэн цахилгааны үнийг 50 хувиар бууруулах урамшуулал олгоно. Шөнийн цахилгаан хэрэглэсэн цагийг оройны 18.00 цагаас өглөөний 9.00 цаг хүртэл тооцно гэсэн нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх түлш хэрэглээгүй хэрэглэгчдэд боломжийн урамшуулал гэж байнгын хорооны гишүүд тайлбарласан юм.

 

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 18 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Үүнийг санхүүжүүлэх боломж Хөгжлийн банк байгуулснаар эх бөгөөд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай мөнгийг энд тусган шийдвэрлэх боломжтой ажээ. Харин асуудлыг шийдвэрлэхийн тулд төсвийн тодотгол хийх шаардлагатай. Тиймээс ээлжит бус чуулган зарлах, эсвэл хаврын чуулганы эхэнд төсвийн тодотгол яригдаж мэдэхээр байна гэсэн зүйлийг хэвлэлийн бага хуралд оролцсон зарим гишүүн хэлсэн юм. УИХ-аас баталсан "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр хот, хөдөөг хамарсан улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлэх, жишиг сум бий болгох зэрэг олон асуудлыг тусгаснаараа өргөн хүрээтэй байна. Агаарын бохирдлыг бууруулахад зориулж сүүлийн 2-3 жилийн хугацаанд төсвөөс есөн тэрбум гаруй төгрөг зарцуулсан дүнг байнгын хорооны дарга П.Алтангэрэл хэлсэн юм. Гэвч ямар ч үр дүнгүй, дээр нь хэнтэй ч хариуцлага тооцохгүй өнгөрсөн аж. Сэтгүүлчид үүнтэй холбогдуулан хариуцлагын асуудлыг хөндөж, асуулт тавилаа. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу Засгийн газраас УИХ-д "энэ жил хотын агаарын бохирдлыг тэдэн хувиар бууруулна " гэсэн тодорхой тоо оруулж, хөрөнгө батлуулах гэнэ.

 

Хамгийн гол нь хэрэгжүүлэх амлалтыг сайтар өгөх аж. Ингэснээр эргээд хариуцлага тооцох эзэн нь тов тодорхой болох юм байна. П.Алтангэрэл даргын хэлснээр байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойш тавьсан чухал хоёр хуулийн төсөл бий аж. Эхнийх нь Бэлчээрийн тухай хууль байна. Бэлчээрийн тухай хуулийг батлах нь зүйтэй. Гэхдээ чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллах үедээ малчдын санал хүсэлтийг сонсох учиртай гэсэн үндэслэлээр улс төрийн намуудын бүлгүүд хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан байна. УИХ-ын гишүүд Бэлчээрийн тухай хуульд болгоомжтой хандаж байгаа аж.

 

Тухайлбал, хэвлэлийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүн Н.Ганбямба "Бэлчээрийн хууль гэхээр газар хашаад малчдад хувьчлах тухай гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Жаахан алдаа гаргахад л дэлхийд ганцхан бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдаж сөрөг үр дагавар гарна" гэсэн тайлбарыг хэлсэн юм.

Бэлчээрийн хуулийн төсөл УИХ-д таван удаа өргөн баригдсан байна. Үүнийг дагалдаад Биржийн буюу "Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай" хуулийн төслийг хойшлуулжээ. Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлэн болгосон учраас хаврын чуулганы эхэнд батлагдах магадлал өндөртэй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.