БНСУ-д гэрээгээр ажиллах эхний хүмүүс энэ сард явна
2012.02.07

БНСУ-д гэрээгээр ажиллах эхний хүмүүс энэ сард явна

БНСУ-д ажиллах хүч илгээх гэрээний дагуу өнгөрсөн жил 9957 хүн бүртгүүлснээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад 8326 хүн хамрагдсан. Гэрээний дагуу 3000 ажилчин авах ёстой ч солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тэнцвэл бүгдийг нь БНСУ-д гэрээгээр ажиллуулах боломжтой болсон. Харин үзлэг шалгалтад 5000 гаруй хүн тэнцээд байгаа билээ. 

Тэгвэл эдгээр иргэд хэзээнээс эхлэн Солонгос улсад ажиллах талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ё.Отгонсүрэнгээс тодрууллаа.

-Манай улсын иргэдийн нэр БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршсан. Харин эдгээр иргэд хэзээнээс тус улсыг зорих бол?
-Энэ оны нэгдүгээр сараас Солонгос улсын Хөдөлмөрийн бирж дээр өнгөрсөн оны есдүгээр сарын 3, 4-нд шалгалт өгч эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн 4006 иргэний нэр байршаад байна. Мөн 150 иргэний нэр байрших гээд шалгагдаж байгаа. Нэр нь байршсан 4006 иргэнээс одоогийн байдлаар 1330 хүнд ажлын байрны санал ирсэн. Эдгээрээс энэ сарын 14-ний онгоцоор эхний 65 хүн явах гэж байна.
-Дараагийн ээлж хэзээ явах вэ?
-Энэ сарын 14-нд эхний 65 хүн явна гэсэн шүү дээ. Харин дараагийн ээлжинд 120 хүн явна. Эдгээр иргэд энэ сарын 20-нд юм уу, 23-ний үеэр явах байх. Гэх мэтчилэнгээр энэ оны эхний хагас жилд 60 хувь нь ажлын байрны саналаа хүлээж авч, тухайн ажлын саналыг зөвшөөрөх юм бол явах болно. Солонгосын талтай энэ талаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний хагас жилд 2000 гаруй хүн тус улс руу явах төлөвлөгөөтэй байна.
-Та дээр 150 хүний нэр байрших гээд шалгагдаж байна гэсэн. Ямар учраас шалгаж байгаа юм бэ?
-Эдгээр иргэдийн хувьд бичиг баримтын зөрчилтэй байгаа. Урьд нь ажиллаж байгаад харлаад ирсэн тохиолдолд зөрчил үүсээд байна. Мөн хувийн хөдөлмөрийн биржүүдэд хандаж, хувь хүмүүст бичиг баримтаа өгсөн, анх удаа явж байгаа иргэдийн визний зөвшөөрөл ирэхгүй байна. Тиймээс энэ талаар Солонгосын Хүний нөөцийн газарт албан бичиг хүргүүлээд байна. Энэ нь юун тухай гэхээр эдгээр иргэдийн хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, БНСУ-ын хилээр ямар нэгэн байдлаар нэвтэрч байгаагүй учир эдгээр иргэдийн асуудлыг нааштайгаар шийдэж өгнө үү гэсэн албан бичиг явуулаад байна.
-1330 хүнд ажлын санал ирээд байгаа юм байна. Ихэвчлэн ямар салбарт ажиллах санал ирээд байгаа бол?
-Салбаруудын хувьд ихэвчлэн хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах санал ирээд байна. Хуучин загас барих ч гэдэг юм уу, далайд ажиллах ажлын санал их ирдэг байсан. Харин энэ ажлын санал одоо ирэхээ больсон. Яагаад гэхээр монгол хүний биеийн байдал, дасан зохицох чадвар муу байгааг Солонгосын тал ажигласан байж магадгүй. Тиймээс Солонгосын талаас ийм чиглэлийн ажлуудыг монголчуудаар хийлгэхгүй байхаар болсон.
-Гэрээгээр ажиллах иргэдийн цалингийн хувьд?
-Цалингийн хэмжээ нэмэгдсэн байгаа. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор анхны цалинг 900 мянган төгрөг гэж гэрээ хийж байгаа ч ажлын байрандаа очоод ажил хийж байгаа байдлаасаа шалтгаалж цалин нь нэмэгдэж байна. Яг газар дээрээ 1.2 сая төгрөгийн цалинтай ч хүн байна.
-Энэ жилийн хувьд гэрээгээр ажиллах эмэгтэй хүний тоог цөөлнө гэсэн байгаа. Одоо явах иргэдийн хэдэн хувь нь эмэгтэй вэ?
-92 хувь нь эрэгтэй, үлдсэн хувь нь эмэгтэй хүн байгаа.
-Гэрээгээр явж байгаа иргэдэд анхааруулах зүйл юу байна вэ?
-Одоогоор очиж байгаа хүмүүст хамгийн түрүүнд даатгалд хамрагдаарай гэж хэлмээр байна. Гэнэтийн осол, эрүүл мэндийн гэх ч юм уу даатгуулах ёстой даатгалд хамрагдах нь хамгийн чухал. Мөн хэлний курст сайн хамрагдах хэрэгтэй. Хэлний мэдлэгтэй бол ажил олгогч талтайгаа ойлголцоход хялбар байх нь хэн хэндээ сайн талтай шүү дээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.