Хувьцаа хөдөлгөөнд ороогүй бол дансаа салгах боломжтой
2012.02.07

Хувьцаа хөдөлгөөнд ороогүй бол дансаа салгах боломжтой

“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаатай ярилцлаа.

-Юуны өмнө компанийхаа тухай, үйл ажиллагааных нь талаар товч танилцуулна уу?

-1991 онд хөрөнгийн зах зээл Монголд үндэс сууриа тавихад манай төв Хөрөнгийн биржийн  бүтцэд багтаж байгуулагдаж байлаа. 2003 онд Засгийн газрын тогтоолоор үнэт цаасны төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх, хадгаламжийн үйлчилгээг иргэдэд  ойртуулах зорилгоор 100 хувь төрийн өмчтэй компани болсон. Хөрөнгийн бирж нь үнэт  цаасны арилжааг явуулдаг бол манай төв арилжааны үр дүнд үүссэн төлбөр тооцоог  хийдэг газар гэж ойлгож болно. Мөн Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй бүх хувьцааг  бүртгэх, хадгалах, түүнтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хийж байдаг. Дээр нь  хувьцааны өв залгамжлах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих зэрэг үйлчилгээг иргэдэд  үзүүлж байна. Бас манайд үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй брокер, дилерийн  компаниуд иргэдтэй гэрээ байгуулж, бичиг баримтыг нь бүрдүүлснээр бид нэгдсэн   байдлаар хувьцаа эзэмших дансыг нь нээж өгдөг юм.

-Иргэд өөрийн эзэмшиж байгаа компанийн ногдол ашгийг танайхаас ирж авч болох нь.  Тийм үү?

-Одоогийн байдлаар СЗХ-нд бүртгэлтэй 330 орчим хувьцаат компани байдаг. Тэднээс 2010 онд 18, өнгөрсөн жил 25 ХК ногдол ашгаа тараасан байгаа. Уг нь СЗХ-ны 2008 оны  тогтоолоор ХК-иуд ногдол ашгаа тус төвөөр дамжуулан тараалгах ёстой. Гэвч энэ тогтоол  хараахан хэрэгжиж чадахгүй байна.

Тэр олон компаниас яагаад ийм цөөнөх аж ахуйн нэгж ногдол ашиг тараадаг юм бол. Тэдний дийлэнх нь ашиггүй ажиллаж байна гэсэн үг үү?

-Үүнийг манай эрх бүхий дээд байгууллага СЗХ л мэдэж байгаа байх. Бид хэрэгжүүлэгч дараагийн шатны байгууллага болохоор хэлж мэдэхгүй байна.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг байршуулах ажил ямар явцтай байна вэ?

-Засгийн газрын 98 дугаар тогтоол гарч, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн  Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 10 хувь буюу нэг хүнд 536  ширхэг хувьцааг үнэгүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу бичилтийг хийж, 97.5  хувьтай явж байна. Хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх хүний төдий хувь нь  хувьцаагаа авчихсан гэж ойлгож болно. Одоо 70-аад мянган хүний бичилт дутуу байгаа нь ихэвчлэн гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа хүмүүс байна. Тэд оршин сууж байгаа улсдаа ажиллаж буй Элчин сайдын яам болон консулын газраар дамжуулан шинэчилсэн бүртгэлд хамрагдах, ингэснээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмших эрх нь  нээлттэй бий.

-Анх их хувьчлал буюу цэнхэр, ягаан тасалбар эзэмшиж байсан хүн өөрийгөө данстай гэж  ойлгож болох уу?

-Болно. Таны эзэмшиж байсан, цэнхэр ягаан тасалбараар авсан тухайн компанийн  хувьцааг арилжиж худалдсан ч таны данс нээлттэй байж байгаа. Үүнийг мэдэхийн тулд  харилцагч маань www.schcd.mn веб сайт руу орж, регистрийн дугаараа кириллээр, нэрээ  том үсгээр бичиж оруулах шаардлагатай. Эндээс та шинэчилсэн бүртгэлд хамрагдсан эсэх, хамрагдсан бол төвлөрсөн хадгаламжид данстай байна уу, үгүй юү гэдэг нь харагдана. Бүртгэлд хамрагдаагүй бол мэдээж таныг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа  эзэмшигчээр бүртгээгүй байгаа. Тэгвэл та яаралтай шинэчилсэн бүртгэлд хамрагдах хэрэгтэй. Харин дансгүй байвал дээрх цахим хуудсыг ашиглан брокер, дилерийн  компаниудын мэдээллийг авч, сонголтоо хийгээд тухайн компанид хандах шаардлагатай.

Зарим иргэн их хувьчлалын тасалбар эзэмшиж байсан ч мэдээлэл нь гарч ирэхгүй байна гэсэн юм ярьж байна билээ. Энэ ямар учиртай юм бол?

-Магадгүй. Тийм байж болох юм. Учир нь цэнхэр ягаан тасалбарыг нэг хүн ч юмуу өрхийн  тэргүүн гэр бүлийнхээ үнэт цаасыг өөрийн нэр дээр бүртгүүлчихсэн байх тохиолдол бий. Иймд эцэг эх, тухайн үеийн асран хамгаалагчийнхаа регистрийг давхар оруулж үзэх  шаардлагатай. Энэ тохиолдолд их хувьчлалаар авсан хувьцаа нь зарагдаж  арилжаалагдаагүй, хөдөлгөөнд ороогүй байвал та аль нэг БДК-д очиж, дансаа салгуулах  боломжтой. Харин ямар нэг байдлаар арилжаанд орчихсон бол дахин шинээр данс  нээлгэхээс аргагүй болно.

-Харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга дээр хаанахын хэдэн хувьцаа эзэмшдэг,  тэдгээрийн ногдол ашгийн үлдэгдэл гэх зэрэг мэдээлэл байх уу?

-Үгүй. Энэ нь нэгдүгээрт хувь хүний нууцад хамаарах мэдээлэл. Хоёрдугаарт мэдээлэлийн  технологи хөгжчихсөн өнөөгийн нөхцөлд хакерууд дор нь шилжүүлээд авчих магадлалтай. Тиймээс энэ талын мэдээллийг нууцалж байдаг юм.

-Та ярианы эхэнд “ЭрдэнэсТавантолгой”-н 536 ширхэг хувьцаа гэж дурдлаа. Хэрэв 1072  ширхэг хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэхээр болвол хүндрэл гарах уу?

-СЗХ-ноос өгсөн шийдвэрийн дагуу л бид дээрх тооны хувьцаааг байршуулж, бичилтийг хийж байгаа. Төр, засгийн хэмжээнд тийм шийдвэр гаргавал үүнд ямар ч хүндрэл гарахгүй. Харин өмнөх хувьцааг яг дансанд нь байршуулсан 584 мянган иргэн байна. Бусад нь  дансаа нээлгээгүй гэсэн үг. Ер нь манай “ҮЦТТХТ” компани дээр гадаадын 1400 иргэн, дотоодын 1419 аж ахуйн нэгж, гадаадын 118 компанийн данс байршиж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.