Цалинг гуравдугаар сарын 1-нээс нэмэх ёстой гэв
2012.02.08

Цалинг гуравдугаар сарын 1-нээс нэмэх ёстой гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “УИХ-аар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байх шатанд хоёр бүлгээс ажлын хэсэг байгуулан, амаргүй шийдлийг гаргаж байсан. 


Энэ бол улстөрийг бодохгүй улс орноо бодно гэж үзэн, цалин, тэтгэврийг нэмэх хугацааг дөрөв, аравдугаар сар болгон хойшлуулсан. Тэгтэл өнөөдөр эсрэгээрээ асуудлыг оруулж ирлээ. Цагаан сараас өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмснээр инфляци улам нэмэгдэнэ. Гуравдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмж болдоггүй юм уу” гэж асуулаа.

Ерөнхий сайд С.Батболд “Хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед багш нарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөл уулзаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж цалинг нэмэх шаардлага тавьсан. Хэлэлцээр амаргүй байсан, гурван талт хэлэлцээрийн дүнд цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх шийдвэрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед Сангийн сайд Ардчилсан намын гишүүн байсан. Тэгэхээр хамтдаа тохирсон зүйлийг хуулийн дагуу УИХ-д оруулж ирж байна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.Мөн Сангийн сайд Д.Хаянхярваа “УИХ-аар нэгдсэн төсвийг хэлэлцэх үед байдал амаргүй байсныг ойлгож байна.

Гэхдээ Засгийн газрын 2011 оны арванхоёрдугаар сарын 21-ний Засгийн газрын тэмдэглэлд үндэслэн 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх төслийг боловсруулан, УИХ-д оруулсан” гэж тайлбарлалаа.Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Цагаан сарын өмнө бараа бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг дагаад инфляци асар их хөөрөгддөг. Яг энэ үеэр буюу цагаан сарын өмнө цалин, тэтгэврийг нэмэх нь инфляцийг улам өсгөнө. Инфляци өссөний хариуцлагыг Сангийн сайд, мөн Засгийн газар хариуцлага хүлээх үү” гэдгийг лавлав. Сангийн сайд Д.Хаянхярваа “Инфляцийг бууруулах үүрэг нь Монголбанкных. Өнөөгийн байдлаар инфляци 11.2 хувьтай байгаа.

Үүнээс хэтрүүлэхгүй байх тал дээр ажиллана” гэсэн юм. Түүнчлэн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг сануулж, ард иргэдэд, мөнгө, бараа амлахыг хуулиар хориглосон байтал цалин, тэтгэврийг нэмэх хугацааг урагшлуулсан явдал нь нэг талаараа сонгуулийн авлигал гэж харахаас аргагүйд хүрч буйд шүүмжлэлттэй хандлаа.

Ер нь УИХ 2012 оны нэгдсэн төсвийг батлахдаа цалин, тэтгэврийн нэмэгдлийн хугацааг хойшлуулсан нь Монгол Улс мөнгөгүйдээ биш инфляциас сэргийлэхийн тулд авсан арга хэмжээний нэг байсан гэдгийг ч онцолж байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.