Сая төгрөгийг цагаан сарын өмнө өгөх боломжгүй гэв
Ахмадууд
2012.02.09

Сая төгрөгийг цагаан сарын өмнө өгөх боломжгүй гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ өсч инфляци бий болсон. 


Төсвийн албан хаагчдын цалинг нэмснээр маргаашаас эхлээд юмны үнэ нэмэгдээд эхлэнэ. Иймд цалин нэмсний үр дүн байгаа юм уу. Хууль санаачлагчид цалин нэмснээр гарах сөрөг үр дагаварыг тооцсон уу. Өнөөдөр баялаг бүтээж байгаа, хувийн аж ахуй эрхэлж байгаа сая гаруй хүн байгаа. Хувийн хэвшлийнхэн ямар эх үүсвэрээр цалингаа нэмэх юм бэ. Гурван талт хэлэлцээр бол зохиомол зүйл гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, цалин нэмэгдэхэд иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж байгаад анализ хийх хэрэгтэй. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг хэзээнээс эхэлж олгох вэ. Цагаан сарын өмнө өгөх эсэх талаар олон хүн асууж байгаа.

Иймд энэ талаар тодорхой хариулт өгнө үү гэсэн юм. Сангийн сайд Д.Хаянхярваа өгсөн тайлбартаа, цалингийн нэмэгдлийг хоёр намын бүлэг зөвшилцөж төсвийн тодотголоор оруулахаар тогтоолын төсөл өргөн барьсан. Үнийн инфляци цалингийн эзлэх хувь ямар байдаг тухай тооцоо байдаггүй юм байна. Инфляцийн өсөлтөд анхаарал хандуулж байна.Монголбанктай валютын ханшийг тогтвортой байлгах, өсгөхгүй байх чиглэлээр байнга ажиллаж байгаа.Инфляцид нөлөөлж байгаа гол зүйл нь нефть, валют, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Иймд энэ талаар судалгаа хийж байгаа. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг цагаан сараас өмнө өгөх боломжгүй.

Таван толгойн асуудал, 39 дүгээр тогтоол яаж шийдэгдэхээс хамаарч энэ оны дөрөвдүгээр сар гэхэд өгчих байх гэсэн хариулт өглөө. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.Үүний дараа тус Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн А.Тлейханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилохыг гишүүд дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.