Ухаа худаг уурхайн цогцолборт шагнал хүртээлээ
2012.02.27

Ухаа худаг уурхайн цогцолборт шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2011 оны шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худгийн уул уурхайн цогцолборт хүртээлээ. “Энержи ресурс” ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худгийн коксжих нүүрсний ордыг түшиглэн нүүрсний уурхай, Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, ус хангамжийн систем, авто зам, ажилчдын хотхон бүхий олон улсын жишиг стандартад нийцсэн уул уурхайн цогцолборыг богино хугацаанд ашиглалтад оруулж, монголын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох шинэ гарц, боломжийг нээн харуулж чадсан тул энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг шагналыг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд өнөөдөр гардуулав. Мөн уул уурхайн уг цогцолборыг богино хугацаанд ашиглалтад оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, барилга угсралт хариуцсан захирал Дамдинсүрэнгийн Энхбаатар, М-Си-Эс Проперти ХХК-ийн гүйцэтгэх захирал Баатархүүгийн Даваа-Очир, М-Си-Эс Интернейшнл ХХК-ийн дэд захирал Пүрэвдоржийн Ширчинсүрэн нарт Алтан гадас одон, “Энержи ресурс” ХХК-ийн харъяа Энрестехнологи ХХК-ийн захирал Цэдэнбалжирын Баярмагнай, М-Си-Эс Интернейшнл ХХК-ийн газрын дарга Дариймаагийн Гантөмөр нарт Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулж баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Цагаан сарын шинийн нэгний өмнөх битүүний энэ өдөр өнгөрсөн оноос эхлэн жил бүр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал олгож байгаа. Монголчууд бид бүтээх ёстой, үйлдвэрлэх ёстой, хийх ёстой. Монголын инженерүүдийн, сайн менежерүүдийн хүчин зүтгэлээр Таван толгойд нүүрсний баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, олон улсын жишигт нийцсэн бусад сайхан цогцолборыг богино хугацаанд бүтээж бий болголоо. Энэ бол Монголын хөгжилд, монголын бусад үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалт гэж бодож байна.

Энэ үйл хэрэгт гар бие оролцсон, хувь нэмэр оруулсан нийт бүтээлч иргэддээ, бүтээлч менежерүүддээ бүгдэд нь халуун баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ өндөр шагналынхаа эзэн болж яваараа, дахин та бүхэнд баяр хүргэе ”гэлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.