Н.Энхболд: Хууль зөрчсөн тохиолдолд тангараг өргөх ёсгүй гэсэн хатуу байр суурь хэвээр байгаа
-Намууд зөвшилцөж, ямар ч гэсэн төсөв батлагдсаны дараа тангараг өгөх асуудлыг шийдэхээр боллоо. Энэ асуудалд Монгол Ардын Намын зүгээс ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Бидний байр суурь хэвээрээ, аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой гэж үзэж байгаа. Угаасаа шүүхийн шийдвэрүүд эцэслэн гараагүй байхад СЕХ дундуур нь орж дур мэдэн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл. Уг нь Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг Хархорин сумын шүүх дахин нягтлах нь зүйтэй гээд л шүүхийн процесс үргэлжилж байсан шүү дээ. Монгол Ардын Нам хоёр зарчмыг голлон барьж байгаа. Нэгдүгээрт мэдээж ард түмний сонголт. Ард түмний сонголт бол эцсийнх байх ёстой гэдэг хамгийн гол зарчим. Өвөрхангайн асуудлыг шийдэх шүүхийн үйл ажиллагаа хуулиа зөрчөөд л эхэлчихсэн. Эхлээд харьяаллын бус буюу Хан-Уул дүүргийн шүүхээр асуудлыг шийдүүлсэн. Шүүхийн асуудлууд будилаантай, алдаатай явагдаж эхэлсэн.-Монгол Ардын Намын удирдлагууд Ерөнхийлөгчтэй уулзсан гэсэн. Чухам ямар асуудлаар санал солилцов. Дэгийн тухай хуулийг өргөн барьж, бүлэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм уу?
-Манай намын удирдлагууд Ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ үеэр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулсан. Мөн Дэгийн тухай хуулийг хурдан өргөн барих асуудлыг чухалчилсан. Энэ хуулийг хэлэлцэх асуудал аль хэзээнээс хойш удааширч байгаа. АН-ын бүлэг гацааж байгаа. Уг нь хуулийг УИХын ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан боловч хойшлогдсоор л байсан. Энэ бүгдийг Ерөнхийлөгчид танилцуулсан. Ерөнхийлөгч “Улс төрийн намууд хоорондоо ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан хуулийн төслөө өргөн барихгүй, аль аль талдаа гацаагаад байгаа бол би өргөн барья” гэсэн.
-Тэгэхээр намуудын өргөн барьсан хуулийн төслийг Ерөнхийлөгч нэгтгээд УИХ-д өргөн барина гэсэн үг үү?
-Хоёр хоногийн өмнө намуудын удирдлага Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хуулийн зөвлөхүүдтэй ярилцаж, хуулийг ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан. Хуулийн төсөлд нам, бие даагчдын саналуудыг тусгагдсаныг танилцуулсан. Тиймээс Ерөнхийлөгч эхний ээлжинд намуудын ойлголцож чадсан хуулийн төслийг өргөн барихаар болсон. Дэгийн тухай хуулийн төсөлд зөвхөн манай намын бүлгийг албажуулах тухай асуудал орсон юм биш ээ. УИХ-ын үйл ажиллагааг цаашид зогсолт гүй, үр дүнтэй явуулахад ямар хуулийн шинэ зохицуулалт хэрэгтэй талаар олон шинэ зүйл орсон.
-Та бүхэн СЕХ-ны шийдвэрийн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцээс тодорхой шийдвэр гараагүй байхад Г.Батхүү, Д.Зоригт нар тангарагаа өргөчихвөл яах вэ. Ийм боломж бий юу?
-Иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Мөн Өвөрхангайн хоёр гишүүн маань аймгийнхаа шүүхэд хандчихсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээс өмнө бидний шалтгааныг харгалзан үзэх байлгүй дээ. Хууль бус шийдвэрийг үндэслэн гаргасан СЕХ-ны шийдвэрийн дагуу тангараг өргүүлж болохгүй. Гэхдээ бид зөвхөн тангараг өргөх асуудлыг яриад байхгүй, бусад ажилдаа ч анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Юуны түрүүнд цаг хугацаа шаардсан ирэх оны төсвийг батлах нь чухал. Тиймээс УИХ-аас болоод улс орны хэмжээний ажил гацаж болохгүй гэдэг үүднээс УИХын дарга З.Энхболдтой уулзаж ярилцсан. Тиймээс тангараг өргөх асуудал хойшлогдож, эхлээд улсын төсвөө ярилцахаар болсон.
-Ямартай ч улстөрийн халуун уур амьсгал хэсэг намжих нь гэж ойлгож байна. Харин төсөв батлагдсаны дараа яах вэ. Дахиад улстөрийн суултаа зарлах уу. Тангараг өргөх асуудал дахиад л зөрчил үүсгэх болов уу?
-Шүүхийн хяналтын байгууллагууд СЕХ-ны улайн цайм хууль бус гаргасан шийдвэрийг харгалзан үзэж арга хэмжээ авах байлгүй дээ. Хууль зөрчсөн үйлдлүүд үргэлжлээд байвал ингэнэ тэгнэ гэсэн бодол надад лав алга. Бид хууль зөрчсөн тохиолдолд тангараг өргөх ёсгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа.
-Засварлага авах асуудлаар ажлын хэсэг санал зөрөлдсөн гэсэн. Үүнд МАН ямар байр суурьтай байгаа вэ?
-АН, манай нам хоёрын хувьд зав сарлага авах дээр ойролцоо л байр суурьтай байгаа. Ер нь хугацаагүй завсарлага авах нь УИХ-ын үйл ажиллагааг гацаадаг, асуудлыг шийдүүлэхгүй сөрөг нөлөөтэйг талууд ойлголцсон. Өмнө нь дуртай үедээ л завсарлага аваад гацаа түгжээ болдог байсан шүү дээ. Үүнийг хүн бүхэн л мэдэж байгаа. Тиймээс хугацаатай завсарлага авахдаа тухайн асуудалд дундын хувилбарыг олох арга хэмжээ авч УИХын үйл ажиллагааг гацаахгүй хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн манай намын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бидний зүгээс завсарлага хугацаагүй байх ёстой гээд гөжөөд суучихсан зүйл огтхон ч байхгүй. Ерөнхийлөгч хуулиа өргөн барьчихвал УИХын гишүүд зөвхөн өөрийнхөө нам, намын бүлгийн эрх ашгийн үүднээс бус нийтлэг эрх ашгийн үүднээс хандах байлгүй хэмээн найдаж байна.
-Ардын намын бүлгийг хүлээн зөвшөөрүүлэхгүйн тулд уг хуулийн төслийг хэлэлцэхгүй зориуд хойшлуулаад байгаа юм биш үү?
-Манай намын бүлгийг УИХ-ын сонгуулиар аль хэдийнэ бий болгоод ард түмэн хүлээн зөвшөөрчихсөн. Манай бүлгийг албажуулахгүй байгаа нь олонхийн дураараа үйл ажиллагаа явуулахад нь хэрэгтэй байгаа юм.