Богд уулын араар яармагийн гүүр xүртэлх 17.6 км авто замын ажлыг эхлүүлнэ
2012.04.21

Богд уулын араар яармагийн гүүр xүртэлх 17.6 км авто замын ажлыг эхлүүлнэ

2012 онд хэрэгжүүлэх зам барилгын ажлууд эхлээд байгаа. Энэ жил 100 орчим км авто замыг шинээр тавих болон өргөтгөж шинэчлэх юм. Одоогоор хэчнээн зам барилгын ажил эхлээд байгаа талаар Нийслэлийн Автозамын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэлээс тодрууллаа.
 
-Одоогоор хэчнээн зам засварын ажил эхлээд байна вэ?
 
-Он дамжин хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн I хорооллын 34-р байрны хойд үерийн далан дээрх гүүрээс хойш гэр хороолол дундуурх 1.3 км авто замын ажлын гүйцэтгэгч “Гиацинт” ХХК Нийслэлийн Газрын албаны мэдэгдсэний дагуу 40 айлын хашаа, үүнд 13 айлын байшинг трассаас чөлөөлөхтэй холбоотойгоор геодезийн хэмжилт хийж байна.

Мөн Баянзүрх дүүргийн IV хороо, 805-р ангийн өмнөөс эцсийн худаг хүртэлх 1.0 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгч "Беринг" ХХК явган хүний замын ажлыг энэ сарын 17-нд эхлүүлсэн. Явган хүний замын хашлага суурилуулах, суурийн ажлыг гүйцэтгэж байна. Үүнээс гадна 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хувьд замын чиг, тэнхлэг сэргээх ажлууд явагдаж байгаа.  

Мөн Сүхбаатар дүүргийн 3, 5, 7, 10 дугаар хороодын орон сууцны хороолол доторх 3.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байна. Хуучин хашлагыг сольж, шинэ хашлага суурилуулах ажил хийгдэж байгаа.

-Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлуудын хувьд?
-Одоогоор Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх буюу Далан давхрын урдуурх 1.6 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Экспресс зам" ХХК шалгаран хөрс хуулалт, ухмал, далангийн ажил гүйцэтгэж байна. Энэ ажлын явц 10 хувьтай байгаа ч газар чөлөөлөлтийн ажил удаашралтай явагдаж байгаа нь хүндрэл үүсгэж байна.

Дунд голын гүүрээс Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалга хүртэлх буюу Энгельсийн гудамжны 0.29 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "ЗМЗ" ХХК шалгаран гэрээ байгуулсан. Уг зам дээр газар чөлөөлөлт, замын өргөсөлтийн ажил хийгдэж байна. Мөн Баруун нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 у/м хос бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "Тэргүүн саруул зам" ХХК-тай гэрээ байгуулан, улаан шугам хүлээлцэж байгаа. Мөн Баянгол дүүргийн 6-р хороо, 12-4, 5, 46-р байрны гадна талбайн борооны ус зайлуулах шугмын ажил, Баянгол дүүргийн ЗДТГ-ын орчмын борооны ус зайлуулах шугмын ажлын гүйцэтгэгч "Хүчит чулуут" ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор энэ ажил ирэх сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх болно.

-Үүнээс гадна Яармагийн гүүр, Нисэх чиглэлийн замыг засахаар болсон. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто замын ажлын тендерийг энэ сарын 11-нд нээсэн. Одоогоор тендерийн үнэлгээ хийгдэж байна. Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендер зарлаад нээсэн. Одоо мөн тендерийн үнэлгээ хийгдэж байна. Үүнээс гадна энэ жил хийгдэх томоохон ажлын нэг бол "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Баянзүрх товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6км авто замын ажил юм. Уг ажлын тендерийг энэ сарын 30-нд нээнэ. Мөн Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх 2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын, Дунд гол Үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын дөрвөн км авто замын шинэчлэлтийн ажил хийгдэх болно.

-Нийслэлд байгаа гүүрнүүдийн хувьд хуучирсан, эвдэрсэн байгаа шүү дээ. Гүүрний засвар, шинэчлэлтийн ажлын хувьд?
-Улаанбаатар хотын гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлах ажлын тоо хэмжээг гарган үзлэг хийж байна. Одоогоор Энхтайваны гүүрийн өнгө үзэмжийг сэргээх, будаж засварлах ажлыг Захирагчийн ажлын алба хийж гүйцэтгэнэ. Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Арслантай гүүр, Сонсголонгийн гүүрний өнгө будгийг сэргээж засварлах ажлын тоо хэмжээг гарган ажиллаж байна. Харин гүүрнүүдийг ямар өнгөөр будаж сэргээхийг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар шийдвэрлэнэ. Энэ онд хэрэгжүүлэх авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлын задаргааг Замын цагдаагийн газартай зөвшилцөн батлуулаад ажиллаж байна.

Энэ жилийн хувьд нийт 11750 м2 авто замын тэмдэглэгээ, 485 м2 талбайд явган хүний гарцын тэмдэглэгээ, есөн байршилд 18 ширхэг явган хүний замын гарцын тэмдгийг хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын дагуу хотын төвийн гудамж замуудад хэвтээ тэмдэглэгээг ирэх зургадугаар сарын10-ны дотор, хотын захын гудамж замуудын хэвтээ тэмдэглэгээг долдугаар сарын 10-ны дотор хийнэ. Харин ирэх амралтын өдрүүдэд төвийн хэсгийн гудамж замуудын хэвтээ тэмдэглэгээг угааж цэвэрлэх ажлыг хийнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.