УИХ-ын сонгуулийг нэг жилээр хойшлуулъя
2012.04.24

УИХ-ын сонгуулийг нэг жилээр хойшлуулъя

 
ТОВЧХОН
  • Биднийг дотроо хагаралдахыг хүлээж суугаа гадны ашиг сонирхол ч байгаа. Тиймээс хариуцлагатай хандах ёстой.
  • Одоо бол бид дөрвөн жилд дөрвөн удаа сонгуульдаж байгаа шүү дээ. 20 жилд 20 сонгууль гэхээр аймшигтай.
Ийм боломж байгааг улс төр судлаачид хэлж байна.

Бүрэн эрх нь нэг жилээр сунаж, эрх дархаа дахиад нэг жил эдлэхээс татгалзах гишүүд гарахгүй нь лав шүү дээ. Хүн гэдэг эрх мэдэлд дуртай амьтан юм хойно. Хууль эрх зүйн боломжийг эхэлж ярихаасаа өмнө хувь хүний сонирхлыг түрүүлж хөндсөндөө "хүлцэл өчье".

Сонгууль хугацаандаа явагдах боломжийг эрх баригчид яг ийм байдлаар, хувийн ашиг сонирхлоо эхэнд тавин гацааж байгаа учраас эхэнд хэлсэн юм. Сонгуулийг хойшлуулах боломж байхгүй биш, байгаа гэдгийг улс төр судлаачид хэлж байна. Үүний тулд УИХ-ын сонгуульт хугацааг таван жил болгоход л болно.

Асуудлыг ингэж шийдэхийн тулд Сонгуулийн хуульд гар хүрэх шаардлага байхгүй. Тийм учраас маргаан гарахгүй. Үндсэн хууль болон холбогдох хуульд өөрчлөлт оруулаад л болно. Ингэх шалтгаан хангалттай байна.

Сонгуулийг хойшлуулах зургаан шалтгаан:


Хоёр сонгуулийг салгах эсэх асуудал шийдэгдээгүй

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах эсэх талаар намууд тохиролцоонд хүрээгүй байгаа. Ардчилсан нам байр сууринаасаа ухарч, сум, дүүргийн сонгуулийг үлдээж, аймаг, нийслэлийнхийг УИХ-ын сонгуультай хамт явуулах саналыг МАН-д тавьсан ч татгалзсан хариулт авсан.

Өчигдөр МАН зөвхөн Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-тай хамтатгаж болох юм гэсэн шийдэл гаргасан сураг байна. Хоёр тал эцсийн боломжоо шавхсан гэсэн үг. Гэхдээ хоёр тал энэ санал дээр тохиролцлоо ч өөр олон асуудал түүхийгээрээ байгаа юм.

Товчхондоо хоёр намын энэ тохиролцооноос болоод бусад шалтгаанууд урган гарч ирсэн гэж хэлж болно.

СЕХ ажлаа хийсэнгүй

Сонгуулийн бэлтгэл ажил хангалтгүй. Сонгогчид сонгууль хэрхэн явагдахыг мэдэхгүй, ойлголт ч алга. СЕХ ажлаа хийсэнгүй. Хоёр сонгууль зэрэг явагдахад гарч буй хууль зүйн бэрхшээлтэй асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг Дээд Шүүхэд тавьчихаад л суугаад байгаа. Сонгуулийн хуулийг сурталчлах талаар ажил хийсэнгүй. Сонгууль хэрхэн явагдах нь тодорхой боллоо гэхэд машинаа программчилна, саналын хуудас хэвлүүлнэ, түүнийгээ сурталчилах ажил хүлээж байна.

Хамгийн гол нь иргэд сонгуульд санал өгөх талаар ямар ч ойлголтгүй байна. Сонгууль ингэж явагдана, тэгж явагдана гэсэн "олон сувгаар" авсан мэдээлэлдээ иргэдийн толгой нь эргэчихээд байгаа. Энэ эргээ нь хоёр сарын хугацаанд гарч амжихгүй. Хотын Бат учрыг нь олчихдог юм аа гэхэд хөдөөний Дорж энэ мэдээллийг автлаа удна. МАН-ын гишүүд сонгуулийг тус, тусад нь явуулах хэрэгтэй гэхдээ яг энэ шалтгааныг дурьдаж буй.

Цахим
үнэмлэх хэвлэгдэж амжихгүй нь тодорхой болсон

Сонгуулийн тухай хуульд Парламентын сонгуулийг цахим үнэмлэхээр явуулахаар заасан. Гэтэл цахим үнэмлэх хэвлэгдэж амжихгүй гэдэг нь тодорхой болчихлоо. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд "гар хүрэх" хуулийн хугацаа дуусгавар болсон. Угаасаа боломжгүй болгож, цагийг нь тулгаж баталсан. Тиймээс энэ асуудлыг шийдэх ямар ч гарц алга.

“Долдугаар сарын 1”-ий хэрэг шийдэгдээгүй байна

“Долдугаар сарын 1”-ий хэрэг сонгуулиас өмнө шийдэгдэх боломжгүй боллоо. Энэ хэргийн гэм буруутнуудыг заавал илрүүлж, гэм бурууг нь тогтоож байж сонгуульдах зайлшгүй шаардлагатай. Эс тэгвээс энэ хэргээр улс төр хийж, энэ нь эргээд сонгуулийн үр дүнд нөлөөлөх боломжтой.

Улс төр хийсэн нь төрийн эрхэнд гарч, дараа нь Шүүхийн шийдвэр эсрэгээр гарвал дахиад нэг “Долдугаар сарын 1”-ий хэрэг ч гарч мэднэ. Тиймээс энэ хэргийг шийдэх явдал нийгмийн захиалга болоод байна.

Сонгуулийг шударга явуулах ёстой

Дээрх бүх шалтгаанууд нийлээд УИХ-ын сонгуулийг хойшлуулах хамгийн гол шалтгааныг бүрдүүлж байгаа юм. Энэ бол мэдээж шударга сонгууль хийж өнгөрүүлэх явдал. Яг одоогийн байдлаар сонгууль шударга явагдах боломж огт алга. Гэтэл бид өмнөх сонгуулиа будлиантуулсан эгзэгтэй нөхцөлд байгаа.

Ийм байдалд дахиад хөнгөн хуумгай сонгууль хийвэл цус урсаж ч мэднэ. Биднийг дотроо хагаралдахыг хүлээж суугаа гадны ашиг сонирхол ч байгаа. Тиймээс хариуцлагатай хандах ёстой.

Ихэнх орнуудын парламентын б
үрэн эрхийн хугацаа таван жил байдаг.

Дэлхийн ихэнх орнуудын парламент таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Энэ нь сонгодог жишиг ч гэж ойлгож болно. Манайх шиг их улс төрждөг улсад сонгуулиа цөөлөх шаардлага зайлшгүй байгаа.

Ийм ч учраас Орон нутгийн болоод УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах санаа гарч ирсэн. Тэгвэл дээр нь нэмээд бүрэн эрхийн хугацаа нь суначихаар энэ зорилтыг хангах чиглэлд хийсэн нэг алхам болно.

Өөрөөр хэлбэл, 20 жилд тав биш дөрвөн удаа сонгуульдана гэсэн үг. Энэ хооронд бүх асуудлаа цэгцлээд авна. Одоо бол бид дөрвөн жилд дөрвөн удаа сонгуульдаж байгаа шүү дээ. 20 жилд 20 сонгууль гэхээр аймшигтай.

Нэг иймэрхүү санааг зарим улс төр судлаачид "байж болох хувилбар" гэж үзэж байна. Гэхдээ хэрхэх нь эрх баригчдын л шийдэх хэрэг.
Нийтлэлч
Х.Батсайхан
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.