Хөшөөтийн уурхайгаас нүүрс зөөвөрлөх замыг хаахаа мэдэгдэв
-ХОВД АЙМГИЙН ИРГЭД ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт Ховд аймгийн ард иргэдийн төлөөлөл нэр бүхий иргэд хандлаа. Үүнийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн Сутай хайрхан уулын ар бэл, Баатархайрханы нуруу дамжин орших ба Ховд, Говь-Алтай аймгийн хэрэглэгчид 1969 оноос үйлдвэрийн аргаар нүүрс авч ашиглаж ирсэн уламжлалтай билээ.
Энэ уурхайн анхны хайгуулыг Баянхонгор аймаг дахь Геологийн экспедици 1967 онд эхлэн хийж, улмаар 1978, 1981 онд ашиглалтын нарийвчилсан хайгуул хийж, 27 цооног өрөмдөлт, 10 шуудуу ухалтаар 1.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Сүүлийн үеийн зарим эх сурвалжид 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж бичигдсэн нь байна.
Нүүрс олзворлолтыг анхлан 1969 оны зургадугаар сард Говь-Алтай аймгийн Цахиуртайн уурхайн салбар хийж, 1971 оноос Хөшөөтийн нүүрсний уурхай хэмээгдсэн улсын үйлдвэр байгуулагдаж ажиллаж эхэлсэн билээ. Энэ уурхай 1990 он хүртэл 2.5 сая тонн нүүрс олборлож Ховд, Говь-Алтайн аймаг, сумдын уурын зуух, айл өрхийн хэрэгцээнд нийлүүлж байжээ.
Гэтэл Хөшөөтийн уурхайн орд газрыг эзэмшигч "Монголиа Энержи" ХК гэнэт гарч ирж хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр борлуулж 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байна. Анх энэ компанийн эзэд нь Хятад хүмүүс хэмээн намтраа зурагтайгаа хөрөнгийн бирж дэх танилцуулгад тавьж байжээ. Нийт олборлолт хийх талбай нь 34265 га, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас олгосон хайгуулын болон олборлолтын лицензийг 70 жилийн хүчинтэй хугацаатай хэмээн Хонконгийн хөрөнгийн бирж дээр сурталчилсан нь энэ орд нөөц асар ихтэй, хайгуул болон ашиглалтын ажилд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 сая ам.доллараас их байгаагийн баталгаа болох билээ. Гэтэл яагаад ч юм энэ ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулаагүй байна.
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т "Хөрөнгө оруулалтын хэмжээ 50.0 сая америк доллараас 100.0 сая америк доллар бол Засгийн газар, 100.0 сая ам.доллараас дээш бол Улсын Их Хурал тус тус хэлэлцэнэ" хэмээсэн энэ заалт зөрчигдсөн байна. Түүгээр үл барам энэ хуулийн 4.1.12-т "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг тодорхойлно хэмээсэн заалт ч анхнаасаа зөрчигджээ. Хэрвээ энэ ордыг стратегийн орд биш хэмээн үзсэн юм бол Монгол Улсын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1-т "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно" хэмээсэн заалт зөрчигдсөн байна. Уг хуулинд энэ заалтыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарахгүйгээр заасан бий. Хилээр түүхий нүүрс дээж нэртэйгээр тээвэрлэгдэн гарч эхэллээ. Түүхий нүүрс импортлогдсон орлогоос татвараар 2011 онд 1.4 тэрбум төгрөг Ховд аймгийн төсөвт оруулах даалгавар өгчээ. Гэтэл энэ татвараа өгөөгүйгээс аймгийн эдийн засаг, санхүү ихэд хямарч оны эцсээр шахуу аймгийн төсөвт тодотгол хийгдэж тэр мөнгө улсын төсвөөс олгогджээ. 2О12 онд бас л түүхий нүүрс импортлогдсон орлогоос татвараар 3.4 тэрбум төгрөг аймгийн төсөвт оруулах даалгавар өгөгджээ. Түүхий нүүрс хямд үнээр импортлох нь улс, ард түмэнд ашиггүй харин хэн нэгэн хүн, олигархиудын хармааг зузаалахад хэрэгтэй биз ээ хэмээн ард иргэд бухимдацгааж байна. Аймгийн эдийн засаг, санхүү ч энэ оны эхнээс хямарч эхэллээ.
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.9-т "Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх" хэмээсэн заалт ч хэрэгжихгүй нүүрс олборлолт эхэлж байгаль орчин сүйдэж, хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэллээ.
Иймд та нөхдөд хандаж дараахь шаардлага, хүсэлтийг "Хөшөөт-стратегийн орд" ярилцлага, цуглаанд оролцогсод бид тавьж байна.
-Монгол Улсын "Ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордод оруулах, эсвэл "Мон-Эн-Ко" компанийн үйл ажиллагааг зогсоож ордыг улсын нөөцөд хэвээр үлдээх,
-Нүүрсний ордын хайгуул, олзворлолтоос үүссэн байгаль экологийн эвдрэлийг нөхөн сэргээх, хөрсний эвдрэл, агаарын тоосжилтыг судлуулж хохирлыг нөхөн төлүүлэх,
Бидний энэ шаардлага, хүсэлтийг хүлээж авч энэ оны тавдугаар сарын 5-ны дотор шийдвэрлэж өгөхийг хүсье. Хэрвээ үл ойшоож өнгөрөөвөл дараагийн арга хэмжээ болох нүүрс импортлох замыг хаах арга хэмжээ авах болно.
Зохиолч, сэтгүүлч Д.Жүгдэрбарам, Д.Цэдэнбал тэргүүтэй 791 иргэд гарын үсгээ зурав гэжээ.
Өдрийн сонин