2009.02.04

Г.Баярсайхан: Агаарын бохирдлыг бууруулах боломж ойрын үед алга

Агаарын бохирдлыг бууруулах боломж ойрын үед алга Агаарын бохирдлыг бууруулах тухай байнга яригддаг ч үр дүн нь харагдахгүй, Улаанбаатар хот улам бүр утаан хөшгөнд хучигдсаар байгаа юм. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж буй талаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Агаарын бохирдлыг бууруулах ажил хэр урагштай байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар өнгөрсөн парламент тогтоол гаргасан байсан. Энэ 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулан, гишүүн П.Алтангэрэл, Ц.Сэдванчиг, Р.Буд бид дөрөв ажиллаж байна. Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын чанарын алба, БОЯ зэрэгтэй хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгийг хэр үр дүнтэй зарцуулж байгаад хяналт тавьж байгаа. Ажлын хэсгийн тайлангаа хаврын чуулганаар Байгаль орчны байнгын хороонд танилцуулна.

-Энэ талаар олон жил ярьж байгаа ч агаарын бохирдол буурахгүй байна. Амлалт өгөх боломж бий юу?

-Энэ чиглэлээр албан тушаалтнууд өмнө нь тодорхой тоо зааж, ямар хугацаанд хэдэн хувиар бууруулах талаар амлалт өгч байсан. Одоо эргээд харахад тэр амлалт огт хэрэгжээгүй байна. Энэ 46 тогтоолын хэрэгжилтээс харахад амлалт өгч, тодорхой тоо хэлнэ гэдэг боломжгүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөж байсан хөрөнгө оруулалтууд зогсчихсон. Эдийн засгийн хямрал гүнзгийрсээр байгаа. Үүний зэрэгцээ Нийслэл хотод айл өрх шилжин суурын их нь нэмэгдсээр байгаа тул утааны яндангийн тоо ч ихсэж байна. Улаанбаатар хотын утаа ард иргэдийн амьжиргааны түв-шинг ямар байгааг шууд илэрхийлнэ.

-Тэгвэл ойрын хэдэн жилдээ бид бохир агаараар амьсгалах нь. Хамгийн эхлээд юу хийх шаардлагатай байгаа юм бэ?

-Эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна. Тиймээс агаартай холбоотой 10 гаруй хуулийг шинэчлэн найруулж, хаврын чуулганаар өргөн барина. Иргэдтэй уулзаж байхад санал бодлоо хэлж байна. Тухайлбал цахилгааны шөнийн тарифыг тэглэхийг хүсэж байна. Шөнийн тарифыг тэглэвэл  утааг бууруулах боломж бий.

Гэтэл дэлхийн зах зээл дээр тоног төхөөрөмжийн үнэ өндөр хэвээр, цахилгаан станцууд өрийн сүлжээнд орсон байгаа болохоор ийм боломж харагдахгүй байна. Мэдээж утаагүй түлш нэвтрүүлэх ажил тодорхой хэмжээнд явагдаж байгаа. Гэвч түүнийг худалдаад авах боломж муу байна. Иргэд хамгийн түрүүнд орлоготой, ажилтай болохыг хүсэж байхад дан ганц утаагүй түлш үйлдвэрлээд худалдаж ав гэх хэцүү. Тэгэхээр утаагүй болохын тулд бид иргэдээ ажилтай болгохоос эхлээд цогц арга хэмжээ авах нь чухал. Байгаль орчны байнгын хорооны хурал дээр энэ асуудлыг ярьж цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Нийслэл хотыг барилгажуулах, дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг яаралтай ашиглалтад оруулах зэрэг төрөл бүрийн арга хэмжээг богино, дунд болон урт хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй юм.

-Лондон хот асар их утаатай байхад Маргарет Тетчер хатуу шийдвэр гаргаж, олон мянган ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хэдхэн жилийн дараа утаагүй хот болж, ард түмэн ч хүлээн зөвшөөрсөн жишээ байдаг. Улаанбаатар бол Лондонтой харьцууламгүй жижиг хот. Сэтгэж, ажил хэрэг болгож чадвал ийм жижиг хотыг утаа-гүй болгох амархан биш үү?

-Бодлогын түвшинд шийдвэр гаргаж, дугуй, нүүрс түлж байгаа хүмүүсийг боль гэж шууд хэлэх боломж байхгүй гэж бодож байна. Тухайн үеийн Англи, одоогийн Монгол Улс хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. 50 жилийн өмнөх Английн хөгжилд хүрээгүй байна. Тэр үед Англид байшин барилгууд баригдчихсан, дэд бүтэц хөгжсөн байсан. Хүмүүс нь нүүрс  их   түлдэг байсан болохоор хийн болон цахилгаан халаагуурт өргөн цар хүрээтэй шилжсэн. Түүнээс гадна эдийн засгийн чадавх өндөртэй улс байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улс хямралтай байна. Гэр хорооллынхныг бүгдийг нь цахилгаан халаагуурт холбоё гэсэн ч дэд бүтэц хуучирсан, эх үүсвэр нь дийлэхгүй зэрэг хүндрэл бий болно.

Гэхдээ агаарын бохирдлыг бууруулах боломж дунд хугацаанд харагдаж байгаа. «Төгрөг нуур энержи» гэж утаагүй түлшний хүчин чадал өндөртэй үйлдвэр ашиглалтад орж байна. Утаагүй түлшийг илчлэг муутай гэдэг ч зах зээл нь сайн хөгжвөл шилдэг бүтээгдэхүүн нь шалгараад гарч ирнэ байх.

-Энэ жил утааг багасгахад хэчнээн төгрөг баталж зарцуулаад байгаа вэ?

-Өмнөх парламентын үед 50 гаруй тэр бумыг агаарын бохирдлыг бууруулахаар баталж байсан. Гэтэл улсын төсөв цоорхойтой болж, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй болсон. Энэ жил 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөний зарцуулалтад хяналт тавьж амжаагүй байна. Мэдээж хэрэг утааг бууруулах хэмжээний их мөнгө биш боловч зарцуулалт нь зөв байх ёстой. Чуулганы завсарлагаар манай ажлын хэсэг танилцана.

-Ингэхэд та тойргоороо нэлээд явж байгаа гэсэн. Иргэдийн зүгээс ямар хүсэлтийг хамгийн их тавьж байна вэ?

-Хамтарсан Засгийн газар 1.5 сая төгрөгөө түргэн өгөх саналыг иргэд тавьж байна. Олон барилгын ажил зогссон учраас зунаас хойш ажилгүй залуучуудын тоо нэмэгджээ.

Тэд ажилтай л болох хүсэлтэй байхад тэтгэврийн хөгшид тэтгэврээ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Мөн хэрэглээний барааны үнийг яагаад хөөрөгдүүлээд байгааг асууж байлаа. Монополь компаниуд шатахууны үнийг үгсэн нэмж байгаа хэмээн бухимдаж байсан. Иргэд их өргөн хүрээтэй асууж, санал тавьж байгаа болохоор хамтарсан Засгийн газрын бодлогыг таниулаад явж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.