Г.Баярсайхан: Гэрээг батлахаас өмнө хуульдаа өөрчлөлт оруулах ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны гишүүний ротацийн сонгууль болж өнгөрлөө. Энэ үеэр нам доторх фракцуудын зөрчил хурцадсан. Олонх нь "Алтангадас"-аас сонгогдсон гэж байна. Та ҮЗХ-ны гишүүний хувьд энэ сонгуулийг хэр шударга болсон гэж үзэж байна вэ?
-Сонгуулийн дүнг фракцуудын зөрчил гэж хэлмээргүй байна. Намын эрх ашгийг илэрхийлсэн үзэл бодлын зөрчилдөөн байдаг тул фракцууд байх нь энгийн үзэгдэл юм. АН-ын гишүүн хэн ч байсан ҮЗХ-нд нэрээ дэвшүүлж, өрсөлдөөд л сонгогддог шүү дээ. 80 гаруй гишүүнээ ротациар шинэчиллээ. Фракцуудын төлөөлөл орж ирж байгаа нь ч тодорхой. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд улс төрийн идэвх нэмэгдэж байна. Тиймээс ҮЗХ-нд олонх болох сонирхол фракцуудад бий л байх. Ер нь хамгийн шударга сонгууль АН-д л болдог.
-Энэ парламентын эхэнд байгуулагдсан "Эрдэнийн хувь" бүлэгт Та багтдаг. Танай бүлэг саяын сонгуульд хэр идэвхтэй оролцов?
-Би Чингэлтэй дүүргээс ҮЗХ-нд сонгогдсон. "Эрдэнийн хувь" бүлэг гэхээсээ илүү ҮЗХ-нд залуучууд түлхүү орсонд сэтгэл хангалуун байна.
-АН энэ удаа ротацийн сонгууль явуулахын тулд ҮЗХ-ны гишүүдийн нэрийг жагсаагаад заримыг нь автоматаар хассан гэх мэдээлэл байна. Өнөөх л фракцуудын эрх ашгийн тулд ийм үйлдэл хийсэн юм биш үү?
-ҮЗХ-ны 228 гишүүний гуравны нэгээс ил үүг нь жил бүр дотоод сонгуулиар өөрчилдөг. Шууд нэр жагсааж байгаад хасаагүй. Төрийн албанд үлдээд гишүүнчлэлээсээ татгалзсан, татвараа төлөөгүй хүмүүсийн оронд л нөхөн сонгууль явуулсан.
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ҮЗХ-ноос Их хуралдаа санал болгоно. Бүх зүйлийг урьдчилан найруулсан учир тэндээс "Алтангадас" фракцын хүнийг зүтгүүлэх нь гэх хардлага байна.
-Аль фракцын хүнийг Их хуралд санал болгох тухай таамаглал алга. Хэдийгээр фракцуудын эрх ашиг байгаа мэт харагдавч намын эрх ашиг дээгүүр байдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Миний хувьд цөөхөн хүний хүрээнд биш, Их хурлаараа нээлттэй хэлэлцээд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулж, санал хураах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Та намынхаа одоогийн дүрмийг ардчилалгүй гэж үзэж байгаа юм уу?
-Ил тод байдал, ардчилсан зарчимд нийцэхгүй дүрэм гэж үзэж байна. Их хуралд оролцсон гишүүн бүр нэр дэвшүүлэх эрх эдлэх учиртай.
-ҮЗХ-ны гишүүд лообийд автчихсан эсэхийг Та дотор нь байдаг хүн учир мэдэх байх...
-Лообий байж л байгаа. Нуугаад байх юмгүй, бүгд л мэднэ. Зарим хэсэг нь сценариа бэлтгэчхсэн байгаа биз. ҮЗХ хуралдах үеэр би байр сууриа илэрхийлнэ. Ер нь манай сонгуулийн тогтолцоо боловсронгуй биш, тойргийн хороонд ажиллаж буй иргэд нь хэтэрхий нэг талыг баримталдаг, мафийн сүлжээнд орчихсон. Тиймээс саналын луйвар, булхай бүү давтагдаасай. УИХ-ын сонгуулийн үеийнх шиг булхай дахин гарвал нийтийг хамарсан үймээн болох вий гэж болгоомжилж байна. Сонгуулийг булхайгүй, шударга явуулах нь төрийн үүрэг.
-Сонгууль бүхэнд булхай луйвар болдог. Тэгээд л ялагдсан тал нь гомдоллодог. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч яагаад болдоггүй юм бол ?
-Нийгэм авлигад идэгдсэн учраас шударга бус үйл их, урьдчилан сэргийлэхэд хэцүү байх л даа. Гэвч АН зохион байгуулалт сайтай, нэгдмэл байр суурьтай байвал асуудлыг шийдэж чадна.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахтай холбоотой хууль, тогтоолын төслүүдийг баталсан. Одоо ОУВС-тай хамтран ажиллахаар боллоо.
-ОУВС-тай хамтран ажиллахыг дэмжиж байна. Түүнтэй хамтарч ажиллах, зээл авах, төсөл хэрэгжүүлэх талаар одоогоос гурван сарын өмнө Засгийн газарт сануулж байсан. Засгийн газар тус санг хатуу болзол тавьдаг гэж шүүмжилж байсан нь буруу юм. Хямралын үед тэдэнтэй хамтран ажилласнаар авсан зээл тусламжийг хатуу хараа хяналт дор, зөв зарцуулах боломж бүрдэнэ гэж боддог. Төсвийн үрэлгэн зардлыг багасгах, орон тоо цомхтгох, бүтцийн өөрчлөлт хийх, гадаадад зорчих томилгоог багасгах, бараа үйлчилгээ худалдан авахыг зогсоох зэрэг асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Хямралыг даван туулахтай холбогдуулж Засгийн газар 1.5 их наяд төгрөгийн зээл хүсэмжилснийг нь УИХ баталж өгсөн. Гэвч энэ тоо цаасан дээр үлдэх магадлал өндөр боллоо.
-Уг чуулганаар эхлүүлээд орхисон бас нэг чухал асуудал нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ. Мөн экологич хүний хувьд уг гэрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар тодорхой заалт орж чадсан гэж үзэж байна уу?
-Төсөлд олон дутагдал байсан. Техник эдийн засгийн үзүүлэлтүүд нь дутуу дулимаг, хөрөнгө оруулагчийн талыг түлхүү барьсан, монголчуудын эрх ашигт нийцээгүй төсөл болсон. Гэрээг батлахын тулд Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах хэрэгтэй. 30 жилийн хугацаанд Оюутолгойг хэд хэд ухаад амжина. Гэрээний хугацааг 10 жилээр болгоод цаашдаа тав, таван жилээр сунгах нь зөв гэж үзэж байгаа. Мөн өөрийнхөө баялгийг ашиглуулах гэж байж хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөрийг хүүтэйгээр авч болохгүй. Зэс хайлуулах үйлдвэр, байгаль орчныг хамгаалсан экологийн чухал асуудлууд төсөлд бүрхэг байсан учир хойшлуулахыг дэмжсэн. Байгаль орчныг хамгаалах, экологийн нөхөн сэргээлтийг нарийн тооцоо судалгааны үндсэн дээр боловсруулах хэрэгтэй. Оюутолгойг ашиглахын тулд хараат бус гадаадын шинжээчдийн байгууллагаар байгаль орчны үнэлгээг хийлгүүлэх, гидрогеологийн судалгааг нарийвчлан тогтоох, экологийн мониторингийн 24 цагийн алба байгуулж экологийн цагдаа ажиллуулах шаардлагатай. Мөн агаар, ус, хөрсөн дэх хүнд металл, элементүүдийн хэмжээг хянах нь чухал. ТУЗ-д Монголын талаас экологийн мэргэжилтэн байлгах учиртай. Олборлолттой зэрэгцүүлэн байгаль орчны нөхөн сэргээлтийг эхлэх, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, усыг эргүүлэн цэвэршүүлж битүү циклтэй технологи ашиглах асуудлыг гэрээнд тусгавал говийн баян бүрд олон жилийн хойно Оюутолгойдоо үлдэнэ.
-Стратегийн орд газруудыг ашиглах эхлэл Оюутолгойгоор тавигдаж байна. Ашигт малтмал хөгжлийн түлхүүр гэдэгтэй санал нийлэх үү?
-Монгол орны хөгжлийн нэг гарц нь ашигт малтмалыг зөв зүйтэй ашиглах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэгтэй санал нийлдэг. Харин гэрээг одоогийн төсөл шиг хөрөнгө оруулагч талд ашигтайгаар хийгээд байвал бидний амьдралд тус дэм болохгүй.