2009.01.22

Б.Бат-Эрдэнэ: Буурал дээдсээсээ өвлөж ирсэн газар нутгаа үмх махнаас өгчихдөггүй шүү дээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таныг тойргоороо яваад ирсэн гэж сонссон. Танай нутгаар цаг агаар ямар байна вэ?

-Чуулган завсарласны маргааш би Хэнтий аймагтаа очиж ажиллаад ирлээ. Цаг агаар харьцангуй гайгүй байна. Гэхдээ бас өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Монгол орны байгаль орчны төлөв байдал өөрчлөгдсөн. Яагаад гэвэл бэлчээрийн даац хэтэрч, доройтол эрчимтэй явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор цас багатай ч гэсэн зудын байдалтай байна. Зуншлага сайн. Мал тарга хүч аваагүй. Өвс ургамлын гарц муу.

Хэнтий аймаг хэдэн жилийн өмнө говийн Дундговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн малчид нутаглаж байсан. Гэтэл өнөөдөр Хэнтий аймгийн ихэнх нутаг нь аргагүй байдлаас бүрэн хэмжээнд цөлжсөн учраас одоо дээрх аймгуудын малчид, дээр нь Хэнтий аймгийн голын урд талын болоод хойд талын ихэнх сумуудын малчид нутаглаж байна. Үүн дээр төр зохицуулалт хийж, бэлчээрийн эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлыг нэн даруй шийдэх шаардлага байна. Энэ бодлого зохицуулалт үгүйлэгдэж байна. Үүнийг орон нутгийн түвшинд шийдэх ямар ч бололцоо байхгүй юм.

-Та сүүлийн үед биеийн тамир спортын чиглэлд анхаарлаа хандуулав уу?

-Бид Биеийн тамир спортын хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан. Дахиад өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэж үзэж байгаа.

-Чөлөөтийнхөн хоорондоо жаахан маргаантай байна аа даа?

-Тийм ээ. Эд нар бол олон нийтийн байгууллагууд. Энэ маргаан бол холбооных нь л асуудал юм.

-Стратегийн ач холбогдол бүхий ордод гэрээ байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар мэдээлэл хийсэн. Та гэрээ хэлэлцээрийн явцын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Ашигт малтмал, түүний дотор “Таван толгой”, “Оюу толгой”-н асуудлаар гэрээ хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт удирдамж өгсөн. Ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байна. Өнөөдөр дэлхий нийтэд нүүрлээд байгаа санхүүгийн болоод эдийн засгийн хямралтай холбоотойгоор гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлууд дээр өөрчлөгдөж байгаа зүйл байх шиг байна. Гэхдээ хөрөнгө оруулагч болоод Монгол орныхоо язгуур эрх ашигт нийцсэн гэрээ байгуулна байх гэж бодож байна. Монгол хүний хувьд би буурал дээдсээсээ өвлөж ирсэн сайхан нутаг, байгаль дэлхий гэдэг бидний оршин байхын үндсийн үндэс гэж боддог. Тийм учраас байгаль орчныхоо, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг анхаарах цаг болжээ. Өнөөдөр байгаль орчны сүйрэл Монголд бодитой болсон.

Сүүлийн жилүүдэд бодлогогүй уул уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагааны улмаас асар их хохирлыг бид амслаа. Манай зарим гишүүд санаачилга гарган Усны сан, ойн сан бүхий газар ашигт малтмал эрх хайх үйл ажиллагааг бүрэн хориглоё гэсэн хуулийн төсөл Засгийн газарт өргөн барьсан байгаа. Монгол орныхоо 1.5 сая ам.дөрвөлжин га газар нутгийн найм орчим хувь хүрэхгүй ойн бүсээ газрын гадаргын ус, усны хагалбар газрыг хамгаалах нь хамгийн чухал тулгамдсан асуудал юм.

-Хэлэлцээ хийж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэр итгэлтэй байна вэ? Зарим хүмүүс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд туршлага багатай хүмүүс орсон гэж ярьж байна.

-Ажлын хэсгийнхэн бол өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүмүүс. Тийм учраас би сайн төсөл гарч ирэх болов уу гэж бодож байна. Монголчууд бид чинь буурал дээдсээсээ өвлөж ирсэн газар нутгаа өнөөдрийнхөө үмх мах, хоолноос өгчихдөггүй шүү дээ. “Энэ ямар хоол гуйж байгаа биш. Буурал дээдсээс өвлөж ирсэн юм байж л байг” гэж хэлдэг. Үүнийг би жинхэнэ Монгол хүний ухаан гэж үнэлдэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.