Дорноговьд цементийн үйлдвэрүүд хөгжинө
Барилгын салбарын салшгүй хэсэг болох барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг салбарын сайд нь барьж байна. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сайдын алба авснаасаа хойш Дархан, Хөтөл, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй барилгын материал үйлдвэрлэгчидтэй уулзсан бол өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймагт баригдаж байгаа цементийн үйлдвэрүүдтэй танилцлаа.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших элс, шохойны орд газрууд дээр түшиглэн МАК, Гермес Гахиур компаниуд цементийн үйлдвэр байгуулж байна. МАК компанийн Хөх цавын цементийн үйлдвэр 2014 оны нэгдүгээр улиралд ашиглалтанд орох юм байна. Цементийн үйлдвэрлэлд шилдэг технологи болох хуурай аргаар цемент үйлдвэрлэх шинэ үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Шинэ технологи, шилдэг тоног төхөөрөмж оруулж ирэх үүднээс Данийн Flsmidth компанитай төслөө хамтран хэрэгжүүлж байна. Орчин үеийн цементийн энэ үйлдвэрийг БНХАУ-ын JHY компанийн ажилчид ид барьж байгуулж байв. Эдний үйлдвэрээс PC42,5 PC52,5 PC62,5 маркийн цемент гарах бөгөөд эх орныхоо барилгын материал үйлдвэрлэгчдийг цементээр хангаад зогсохгүй цаашид экспортонд гаргах боломжтой гэнэ.
Үйлдвэр ашиглалтанд орсноор 320 гаруй хүнийг ажлын байраар хангах юм байна. Улсад жилд 42,2 тэрбум төгрөгийн татвар төлнө. Гол нь урд хөршөөс цемент оруулж ирэх шаардлагагүй болно гэж үйлдвэрийн удирдлагууд сайдад хэллээ. Цаашдаа Хөх цавын цементийн үйлдвэр болон одоо байгаа шохойн орд, хагас коксны үйлдвэр дээрээ түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулж 600 хүн амьдран суух уурхайн тосгонтой болох төлөвлөгөөтэй байгаа гэлээ.
Даланжаргалан сумын нутагт орших элс, шохойны орд дээр түшиглэн үйлдвэр байгуулж буй Гермес Гахиур компани мөн л хуурай аргаар цемент үйлдвэрлэх үйлдвэр барихаар бүх зүйлээ бүрдүүлжээ. Жилд 150-200 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийн зураг төсөл боловсруулсан байна. 200 орчим хүний ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ. Хуурай аргаар цемент үйлдвэрлэх гурав дахь том үйлдвэр болно гэнэ.
Дээрхи үйлдвэрүүд ашиглалтанд орвол Хөтөлийн цемент болон бусад жижиг үйлдвэрүүд бүгд нийлээд дотооддоо үндэсний компаниуд жилд 3 сая гаруй тонн цемент үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Энэ тохиолдолд импортоор авдаг цементийн хэрэглээ эрс хумигдахын дээр экспортонд цемент гаргах боломж ч нээгдэх ажээ. Тухайлбал хойд хөршид цементийн түүхий эд ховор учраас энэ төрлийн үйлдвэрлэл бага, эрэлт их гэдгийг үйлдвэрлэгчид тооцоолсон байна.
МАК компани цементийн үйлдвэрээс гадна хийт бетоны үйлдвэр байгуулж байгаагаа Барилга, хот байгуулалтын сайдад дуулгалаа. Барилгын салбарт тоосго ард хоцорч хийт бетон гэсэн шинэ технологи нэвтэрчээ. Хийт бетон нь хөнгөн, өнгө үзэмжтэйгээс гадна гол нь дулаан маш сайн хадгалдаг манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон материал гэнэ. Баруун европын орнуудад хувийн хаус, коттежийг хийт бетоноор барьдаг. Нэг хийт бетон нь арван есөн ширхэг тоосго өрөхтэй тэнцүү учраас хөдөлмөр хөнгөлдөг маш олон давуу талтай бүтээгдэхүүн гэлээ.
Төмөр замыг даган үйлдвэрүүдээ барьж эхэлсэн дээрхи үйлдвэрүүдийн нөөц боломж, үйлдвэрийн барилгын явц зураг төсөлтэй салбарын сайд ийнхүү биечлэн танилцлаа. Барилгын салбарын хөгжилтэй эн зэрэгцэн явах ёстой барилгын материалын үйлдвэрлэлийг жилийн дөрвөн улиралд ажиллуулдаг байхыг сайд гол ажлаа болгож байгаа юм. Барилгаа дагаад өвөл зогсдог биш өвлийн цагт ч материалаа үйлдвэрлээд нөөцөө бүрдүүлдэг болчихвол үйлдвэрлэгчид хөл дээрээ босно гэж үзэж байгаа. Үүнийг дагаад урд хөршөөс орж ирэх барилгын материалын импорт буурах юм.
Материал үйлдвэрлэлээс гадна барилгын салбарт ажиллаж буй ажиллагсдын нийгмийн асуудлыг ч сайд үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзахдаа байнга хөндөж байна. Хийж буй ажилдаа сэтгэл дүүрэн байхад цалин хангамж, нийгмийн асуудлыг зөв шийдэх шаардлага бий. Энэ бүхнийг хамтад нь шийдэж явахыг сайд үйлдвэрлэгчдэд анхааруулж байв.