УИХ-ын хаврын чуулган түр завсарлав
Гишүүд зургаа татуулав
2012.05.24

УИХ-ын хаврын чуулган түр завсарлав

УИХ-ын хаврын чуул­ган өчигдөр түр зав­сар­лалаа. Энэ бол 2008-2012 оны парламентын хамгийн сүүлчийн отгон хуралдаан биш. Учир нь сонгуулийн өмнө сүүл­чийн хуралдаанаа хийж, хаврын чуулганаа хаах юм. Гэхдээ УИХ-ын ги­шүүд өчигдөр хонхны бая­раа хийж байгаа оюу­тан, сурагчид шиг л энд тэнд зургаа авахуулан догдолж гүйлдэнэ. Жи­рийн өдрүүдийнхээс илүү "гоёсон" харагдана. Тэр болгон зангиатай явдаг­гүй Н.Батбаяр гишүүн зан­гиагаа цүнхлээд ир­сэн бололтой юм. Гэвч өөрөө зүүж чаддаггүй юм уу, ямар ч байсан С.Лам­баа гишүүн хажууд нь аав нь юм шиг сууж зангиаг нь зангидаж, хүзүүнд нь зүүж өглөө.  Чуулганы хуралдаанд УИХ-ын ги­шүүн С.Баяр, Х.Наранхүү, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, С.Баярцогт нарын гишүүд харагд­сангүй. Бусад нь ирсэн байв. 


Энэ өдрийн чуулга­наар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаа­лал­тад авах тухай" УИХ-ын  тогтоолын төслийг хэлэл­цэн батлав. Дараа нь Орон нутгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хий­сэн юм. Н.Батбаяр гишүүн "Ирэх парла­мен­тын үед Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулиудыг өргөн барьсан дарааллынх нь дагуу хэ­лэлцдэг байх тухай хууль гаргая. Тэгэхгүй бол за­рим хэрэгтэй хуулиудыг хэлэлцэхгүй хав дарсаар байгаад өнгөрч байна. Энэ удаагийн УИХ гэхэд намын бүлгийн УИХ-аас авах завсарлагыг хуга­цаатай болгох хуулийг огт хэлэлцсэнгүй бүрэн эрхийн хугацаа нь дуус­лаа. Төрийн үйл ажиллагааг аль нэг нам гацаадаг байдлаас салж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Ардын намынхан, намын дарга С.Батболд оо та энэ тал дээр юу хэлэх вэ" гэв. Ж.Сүхбаатар гишүүн "Байнгын хороогоор энэ хуулийг хэлэлцэх боломж үнэхээр олдсонгүй. Уг нь завсарлагыг хугацаатай болгох нь чухал гэдэгтэй санал нэг байна" гэлээ. Гэтэл Ерөнхий сайд С.Батболд "Энэ бол зөв асуудал. Гэхдээ ниргэсэн хойно нь хашгирав гэж монголчууд ярьдаг даа. Түүнтэй адилхан дөрвөн жил завсарлага авсан намын гишүүн гэнэт ийм хууль оруулж ирснийг гайхаж байна. Дөрвөн жилийн өмнө наад хуулиа өргөн барихгүй яасан юм. Заавал чуул­ган завсарлахаас өмнө өргөн барьсан шүү дээ" гэв. Тэгэхэд нь Ардчилсан намын гишүүд энд тэнгүй шаагилдаж, Н.Батбаяр гишүүн гараа гозолзуулж, хариу үг хэлэхээр тэсч ядав. Гэвч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Телевизүүд харж байхад олон юм ярьцгаагаад яахав" гээд боломж олгосонгүй. Үүнийг нь Л.Гүндалай гишүүн эсэргүүцэж "Дэгээ­рээ яваарай" хэмээн хаш­гирч байлаа.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүх­баатар Орон нутгийн сон­гуулийн тухай хуульд өөрч­лөлт оруулах төс­лийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав. Р.Гончигдорж ги­шүүн "Байнгын хорооны хуралдаан дээр энэ хуу­лийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаагүй байж чуулганы нэгдсэн хуралдаанд гар­сан горимын саналаар санал хурааж болохгүй. Хэрэв ийм байдлаар яв­бал УИХ хууль дээдлэх зарчмаа зөрчинө. Энэ асуудлаар хэн нэгэн Цэ­цэд хандвал яах юм бэ. Зүгээр гольдролоороо явах гэж байсан Орон нутгийн сонгуульд гацаа үүснэ шүү дээ. Сая МАН-ын дарга С.Батболд "Та нар дөрвөн жил завсар­лага авчихаад байхад бид яагаад ирэх дөрвөн жил завсарлага авч бол­доггүй юм" гэсэн утгаар үг хэлэх шиг боллоо" гэв. Л.Гүндалай гишүүн "Ирэх сонгуулиар танай нам ялагдах учраас завсар­лагыг хугацаатай болгох хэрэггүй гэж үзээд байна. Ер нь та нар одоо тугаа бөхийлгөсөн нь дээр дээ" хэмээн  Ардын намынх­ныг хатгаж байв. Энэ бүх­ний эцэст Орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруу­лах төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан юм. Ингээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ. Тэрээр "Өнгөрч байгаа он жилүүд амар, хялбар бай­гаагүй, хүнд хэцүү зүйл, бэрхшээл олон тул­гарлаа. Ажилгүйдлийн түвшин өндөр, хүн амын нэг хэсгийн амьжиргаа доогуур, 2009-2010 онд зудаар 10 сая мал хорог­дож, санхүү эдийн зас­гийн хямрал нүүрлэсэн нь сонгогч олон, ард түмэнд ч бас амар хялбар бай­гаагүй. Үүнийг бид давж туулсан. Шийдэл болгонд УИХ-ын гишүүд өөрийн гэсэн жинтэй хувь нэмрээ орууллаа" гээд энэ пар­ламент эдийнзасгийнүсрэнгүйхөгжлийн ирээ­дүйтэй суурийг тавьж чад­сан гэдгийг онцолж байв. (УИХ-ын дарга Д.Дэм­бэрэлийн хэлсэн үгийг VI нүүрт бүрэн эхээр нь ний­тэллээ)  

Дараа нь УИХ-ын ги­шүүд чуулганы танхимд "ангиараа" зургаа татуу­лав. Аппаратны дуранд багтахаар  түлхэлцэн зог­соно. УИХ-ын даргатай хамт зургаа авахуу­ла­хаар дугаарлан зогсох нь хүүхэд шиг санагдана. Байнгын хорооны дарга нар, намын бүлгээрээ, найз нөхдөөрөө, тохой залган суудаг хэсгээрээ гээд л баахан зургаа та­туулсны дараа гарч одов.
н
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.