Долоо дахь сонгууль юугаараа ялгаатай вэ?
2012.06.02

Долоо дахь сонгууль юугаараа ялгаатай вэ?

Энэ жил УИХ-ын долоо дахь сонгууль болно. Өнгөрсөн сонгуулиудад тогтолцооноос илүүтэйгээр намын байр суурь, сонгуулийн амлалт нөлөөтэй байсан. Харин энэ удаагийн сонгуульд юуг үндэслэж саналаа өгөх бол? Үүнд хариулахын өмнө өнгөрснийг эргэн саная. 


1992: Сонгуулийн тогтолцоо нь 100 хувь мажоритар буюу нэр дэвшигчдийг сонгох хэлбэртэй байлаа. Энэ сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-ын 76 суудлын 92.1 хувь буюу 69 суудал авсан байна. Харин нийт сонгогчдын 56.9 хувийн дэмжлэгийг хүлээсэн байв. Сонгогчдын санал гээгддэг гэх шүүмжлэл үүнтэй холбоотойгоор анх бий болов. 1992 онд МоАН, МҮДН, НН нар эвсэл байгуулан сонгуульд оролцсон хэдий ч, МСДН болон бусад намууд бие даан өрсөлдсөн нь сонгогчдын саналыг хуваажээ. Учир нь олон намын тогтолцоонд дөнгөж шилжиж байсан энэ үед иргэд улс төрийн хүчнүүдийг “МАХН ба бусад” гэсэн өнцгөөс харж байв.

1996:  Сонгуулийн тогтол­цоо урьдын адил жижиг мажоритар. МАХН-ын эсрэг бусад намууд эвсэл байгуулан оролцсон нь үр дүнгээ өгч “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-д 50 суудал авсан юм. Гэвч эвсэлд багтсан намууд дотоод зөрчлийнхөө улмаас Засгийн газраа удаа дараалан огцруулсан нь дараагийн сонгуулийн дүнд сөрөг нөлөөлөл бий болгов.

2000: Тогтолцоо мөн л мажоритар. Дөрвөн жил сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн МАХН энэ удаад Засгийн эрхийг буцааж авав. Энэ нь “Ардчилсан холбоо” эвсэл задарсантай холбоотой. 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэлд багтаж байсан МСДН сонгуульд бие даан оролцсон төдийгүй С.Зориг агсны дүү С.Оюун Иргэний Зориг намыг, Б.Эрдэнэбат “Эх орон –МАШСН”-ыг байгуулан сонгогчдын саналыг хуваасан нь МАХН-д ялалт авчирсан юм.

2004: Сонгуулийн дүрмээ өөрчилсөнгүй. МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын гурван гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон. Энэ сонгуульд мөрийн хөтөлбөрөөс илүү сонгуулийн сурталчилгаа нөлөөлсөн хэмээн дүгнэжээ. 

2008: Олон мандаттай томс­госон тойрогтой тогтолцоог сонгов. Сонгогч тус бүр 2-4 нэр дэвшигчийг дугуйлахаар болов. МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” нэг, ИЗН нэг, бие даагч нэг сонгогдов. Олон нам өрсөлдөх үед Ардчилсан намын санал хуваагдаж, МАХН-ын хувьд таатай нөхцөл бүрддэг үзэгдэл энэ удаад давтагдсангүй. Сонгогчид улс төрийн хүчнүүдийг “МАХН ба бусад” гэж дүгнэдэг байсан бол улс төрийн намуудын төлөвшлийн явцад “МАХН, Ардчилсан нам ба бусад” гэсэн хандлага бий болсон нь харагдаж байв. Нэр дэвшигчид бусад намуудын нэр дэвшигчидтэй төдийгүй нам дотроо өрсөлдөж байсан нь томсгосон тойргийн сул талыг харуулсан юм.

Ийнхүү таван удаагийн сонгуулийн дараа сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг хориглосон. Бэлэг сэлт тараалгахгүй. Сонгуулийн саналыг хүн биш, автомат машинаар тоолохоор болсон. Шинэ тогтолцоо, шинэ хуультай. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай сонгууль зохион байгуулах боллоо.

2012: 11 нам, хоёр эвсэл сонгуульд оролцох нь тодорхой болсон. Сонгуулийн тогтолцооны хувьд дахин шинэчлэгдэн нийт 26 тойргоос 48 нэр дэвшигчийг сонгох ба үлдсэн 28 нэр дэвшигчийг намын авсан саналаар гаргахаар болсон. Намыг дэмжиж санал өгөх пропорциональ тогтолцооны элемэнт шинээр орж ирсэн нь улс төрийн жижиг намуудын удирдлагуудын хувьд улс төрд суудал авах боломж хэмээн харсан. Өмнөх сонгуулиудад жижиг намууд хамтарч орох нь ашигтай байсан бол энэ удаад тусдаа орцгоохыг илүүд үзсэн. Учир нь тухайн намын нэр дэвшигчид тойрог бүрт очиж ялагдал хүлээсэн ч нийт сонгогчдоос цуглуулсан оноо нь 28 хувиас дээш гарсан тохиолдолд жагсаалтын урд бичигдсэн хүн гарч ирэх боломжтой. Энэ нь мэдээж тухайн намынх нь дарга.

Гол өрсөлдөөн Ардчилсан нам болоод МАН-ын хооронд болох нь. Хэдий МАН засгийн эрхийг барьсан ч байр сууриар Ардчилсан намыг давамгайлж чадаагүй, сонгууль зарлахын өмнөх судалгаагаар рейтингийн хувьд ч доохнуур гарсан нь үнэн. Өнгөрсөн сонгуулиудад жижиг намууд орж ирэх нь Ардчилсан намын саналыг хуваадаг байсан бол энэ удаагийн сонгуульд энэ намууд МАН-ын авах байсан саналыг хуваах магадлал өндөр. Энэ намаас салж хуучин нэрийг нь авч үлдсэн МАХН нь МАН-ын саналыг хуваах нь тодорхой болсон. 26 тойрог дээрх өрсөлдөөн бусад намуудын хооронд байхаас гадна өмнөхийн адил нэг намын гишүүдийн хооронд ч гарахаар болсон нь томсгосон тойргийн өмнөх сул талыг давтах нь тодорхой.

Түүнчлэн намуудын өнгө төрхийг илэрхийлэх жагсаалт, тойрогт өрсөлдөгчдийг харвал дахиад л Ардчилсан намынх арай ардчилсан жагсаалт гаргаснаараа илүү санал авахаар болж. МАН-ын жагсаалтад өнөөх л сэтэртэй хэдэн “гараас нь юм гарахаа больсон” гишүүд болоод мөнгөтэй хэдэн захирлуудыг түлхүү оруулсан нь яахын аргагүй сул тал болж байна. Бусад намуудын хувьд жагсаалт болоод тойргууд дээр очиж суудал авах нь байтугай парламентад бүлэг байгуулах /найман хүн/ хэмжээний лидерүүдийг бэлтгэж, олонд таниулж чадаагүй нь намын дарга нарын алдаа. Тиймээс урдын адил ганц хоёр суудал авахаар буй аж. Энэ бүхэн нь бас нэг хандлагыг бий болгож болзошгүй бөгөөд тэр нь “Ардчилсан нам ба бусад нам” болоод байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.