Л.Гүндалай: АН-ыг олонхи болоход нь гишүүн болоогүйдээ харамсч байна
2012.08.13

Л.Гүндалай: АН-ыг олонхи болоход нь гишүүн болоогүйдээ харамсч байна

-Ээлжит парламент байгуулагдаж, шинэ төрийн бодлого хэрэгжиж эхэллээ. Шинэ төр байгуулах үйл явцыг парламентийн гаднаас харахад ямар байна?

-АН-ыг энэ удаа ялалт байгуулсанд их баяртай байгаа. УИХ-д АН олонхи бололгүй 16 жил болжээ. Нэг ёсондоо 1996 оноос хойш АН ийм ялалт байгуулсангүй. Миний хувьд УИХ-д АН-ыг цөөнх болж байхад нь гишүүнээр сонгогдож байсан юм билээ. Харин олонхи болоод гараад ирэхэд нь ялагдчихлаа. Нэг бодлын их харамсалтай байна даа. Хүмүүс АН-ын ялалтыг муулах гэхдээ олонхи биш л гээд байна. Яахав бүрэн утгаараа олонхи болоогүй ч "олуулаа" болж байгаа юм ш дээ. Харин ээлжит төрийг бүрдүүлэх явцыг парламентийн гаднаас харахад ажил нь ихээхэн удаашралтай л байна. Гялс шийдээд шийдээд бүтцээ байгуулчих ёстой юм. Хийх ажил их байгаа ш дээ. Удаашруулах гол механизм болж буй МАН-ынханд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Одоо Засгийн газар байгуулагдах тухай асуудал байна. Кабинетийн гишүүд нь ч эхнээсээ тодорч байгаа. Энэ удаагийн сайдаар томилогдон ажиллах хүмүүсийн бүрэлдэхүүний тухай ямар бодолтой байгаа вэ?

-Уг нь эвслийн Засгийн газар байгуулагдахдаа юу хийх вэ гэдгээ яриад хийх ажилдаа ямар бүтэц бүрэлдэхүүн байвал тохиромжтой бол гэсэн асуудлыг хөндөх ёстой. Ингэж ч байгаа байх. Гэхдээ энэ асуудал нь ил гарахгүй байгаа учрас надад нэг талаасаа жаахан сонин санагдаад байгаа юм.

АН-аас ард түмэн ихийг хүлээж байгаа. Энэ нам ажлын байр гэх мэтээр олон асуудлыг шийдэж ажиллаасай гэж хүсч байгаа. Эрүүл мэнд, боловсролд ч гэсэн ахиц гараасай л гэж бодож байгаа байх. Түүнийг, ард түмний хүлээлтийг биелүүлж чадах уу, үгүй юу гэдгээс шинэ бүтэц ажлаа эхлэх хэрэгтэй байгаа юм.

-Таны хувьд Засгийи газарт орж ажиллах тухай асуудал хөндөв үү?

-Тэгнэ, ингэнэ гэж ярьсан юм алга. Миний ойлгож байгаагаар улс төр гэдэг их хэцүү байдаг. Тэр дундаа манай Монгол, бүүр манай намын улс төр гэдэг өөрийн гэсэн онцлогтой. Манай намд их олон фракц байдаг. Энэ фракц гэдэг намын байгууллагууд зонхилон мөнгө, төгрөг ихтэй эсвэл эрх мэдэлтэй хүмүүсийн бөөгнөрөл юм. Нэг талаасаа ашиг сонирхлын гэсэн үг л дээ. Олуулаа болж байж хүчтэй болж байна гэсэн үг. Багаараа ажиллаж юманд хүрнэ гэсэн ерөнхий ойлголтыг урдаа тавиад байгаа юм л даа. Тэгээд багынхнаасаа өөр хэнийг ч хүн гэж үздэггүй тогтолцоо руу манай нам яалт ч үгүй орчихсон ш дээ. Тийм учраас манай фракцууд албан тушаалаа хуваалцаад, асуудлыг шийдчихэж байгаа юм билээ. Ийм шалтгаанаар Эрүүл мэндийн салбарыг манайхан нэг их сонирхохгүй байх шиг байна. Манай фракцууд эрүүл мэндийн салбарыг сонирхохгүй байдаг нь учиртай. Салбарыг удирдаж байгаа хүн нь эмч байх ёстой болчихно. Гэтэл манай фракцуудад бүү хэл намд цөөн хэдэн эмч бий л дээ. Тэрний нэг нь би юм. Энэ мэтээр фракцуудын зөрчлөөс болж л манайх хамгийн чухалд тооцогдох эрүүл мэндийн салбараа "Шударга ёс" эвсэлд өгч байгаа юм гэнэ лээ.

Энэ эвсэл нь Эрүүл мэндийн яамыг авч явж чадах нь уу эсвэл тоглоод өнгөрөх нь үү харахаас өөр аргагүй л болж байна. Тиймээс Л.Гүндалай Засгийн газарт очно гэдэг асуудал нэлээд хаалттай болсон доо. Тэгээд эрүүл мэндийн салбарт АН юу хийв гэдэгт ард түмэн дүн тавина. Чингэс хаан "Алтан улс оршин буйг өглөө бүхэн сануулж бай" гэсэн шиг дөрвөн жилийн дараа дахиад сонгууль болохыг үргэлж санаж, дүн тавигдана гэж бодож ажиллах хэрэгтэй.

-Фракц дагасан бол та сайдын албан тушаалд очих боломжтой байсан гэж хэлэх гээд байна уу. Ер нь дэмжиж ажилладаг фракц байна уу?

-Би улс төрд ямар нэг хүн, фракцын дэмжлэггүйгээр өөрөө үсрээд орчихсон хүн. Тиймдээ ч фракцыг бүлгээрээ улс оронд хэрэгтэй асуудлыг шийдэхийн тулд байгуулагддаг байх гэж бодож явсан юм. Гэтэл үгүй юм байна. Гэхдээ яах вэ. Сүүлийн хоёр жилийн турш намын даргын үйл ажиллагааг дэмждэг байсан. Нэгэнт л АН-ыг удирдаж байгаа юм хойно үйл ажиллагаа, шийдвэрээс нь зөрнө гэж юу байхав.

-Тэгвэл сайдаас өөр албан тушаал өгье. Ажилласан шиг ажиллаарай гэвэл та яах вэ?

-Хаа нэг газар даргаар очино гэж миний санаанд буухгүй л байна шүү. Ер нь сайхан амраад, санаа зовох асуудалгүй хэсэг яваад үзье дээ. УИХ-ын гишүүн байхад бүх асуудалд уяатай байдаг байсан бол одоо жинхэнэ эрх чөлөөтэй байна даа. Нэг бодлын их гоё юм. Хүүхдүүдтэйгээ гадуур гарахдаа хүртэл чөлөөтэй байж чадаж байна. Өмнө нь энэ муу УИХ-ын гишүүн гэсэн сэтэр зүүчихээд ажил хийдэггүй гэж хэлэх вий хэмээж их эмээдэг байлаа шүү дээ. Гэхдээ хүмүүстэй тааралдахад гишүүнээ л гэх юм. АН-ыг гудамжинд гарахад ганцаархнаа дотор нь тэмцэж байж олны танил болсон болохоор иргэд намайг УИХ-ын гишүүн л гэж хүлээж авдаг юм шиг байна лээ. Бас Засгийн газарт ажиллах уу ч гэж байх шиг. Ер нь иргэд УИХ-д Л.Гүндалай гэдэг АН-ын төлөөлөл ганцаараа байсныг мартаагүй л байгаа бололтой юм шиг байна лээ.

-Ер нь та яагаад ялагдчихав. Гарах боломжтой гэж үзээд л Хөвсгөлдоө нэр дэвшсэн байх?

-Сонгогдож чадаагүй шалтгаан байгаа. Нэгдүгээр шалтгаан гэвэл би 12 хоёр жил Хөвсгөлийг төлөөлж УИХ-д суусан. Энэ он жилүүдэд АН байнга УИХ-ын цөөнхийг бүрдүүлж байлаа. Тиймдээ ч Хевсгөлийн ард түмний хүлээж байсан асуудлыг нь шийдэж чадаагүй юм болов уу гэдэг байна. Нэг үгээр хэлбэл "АН УИХ-д олонхи болохгүй юм байна. Тэгэхээр Л.Гүндалайд санал өгөөд яах юм" гэж бодсон цагт нь манай нам олонхи болчихлоо ш дээ. Хамгийн гол нь нам ялагдсан учраас сул гишүүний эрх мэдэл хүрэхгүй, хөрөнгө оруулалт зэргийг шийдэж чадахгүй явсаар 12 жил болсон гэсэн үг. Мөн MCS компанийн 10 гаруй тэрбум төгрөгийг Хөвсгөл аймагт цутгасан л даа. Хөдөөгийн ард түмний амьдрал хэцүү байгаа учраас элдэв амлалт, мөнгө төгрөгт саналаа өгөөд байна. Ийм, тийм шалтгаан нөлөөлсөн байх. Би уг нь Улаанбаатарт нэр дэвших юм уу, намын жагсаалтаар оръё гэж намын даргад хэлсэн юм. Тэгсэн намын дарга Хөвсгөл рүү яв. Тэнд хүнд байна гэсэн. Тэгээд яваад ирлээ. Үр дүн нь ийм гарлаа.

-"Шударга ёс" эвсэлтэй хамтарч байгаагийн хувьд ямар бодолтой байгаа вэ. Хүмүүс ярихдаа АН-ынхныг хүншгүй. МАН-тай нэг засагт байснаа мартсан гэх мэтээр ярьж байна л даа?

-Би эвслийн Засгийн газрыг зөв гэж бодож байгаа. Манайхан эвсэх хүмүүсээ зөв сонгосон ш дээ. МАН бол мөнхөд манай өрсөлдөг ч байсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгчөө гудамжинд гаргаж лааз өшиглүүлнэ гэдэг хамгийн том амжилт. Хэрвээ МАН-ынхантай эвсээд дараа нь ардчилсан Засгийн газар сайн сайхан зүйлийг хийвэл тэд бидний хийсэн ажлыг булаана байхгүй юу. "Манайх ч хийлцсэн" гээд дараагийн сонгуулиар яриад эхлэх байхгүй юу. Тэгэхээр их зөв сонголт болж байгаа юм. Харин "Шударга ёс" эвсэлд бол яахав. Хэдхэн, 10 хүрэх, хүрэхгүй хувийн оролцоотой байгааг нь ард түмэн харж байгаа учраас болно.

-Эцэст нь асуухад таныг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Тийм асуудал огт байхгүй. Хэн ч дуудаж юу ч яриагүй. Намайг шалгаад байх асуудал байхгүй ээ. Бүгд дууссан.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.