Г.Баярсайхан: АН өнгөлөг, МАН мөнгөлөг залуусаа нэр дэвшүүлэх байх
-Сонгууль дөхсөнийх байх, АНдахь фракцуудын үйл ажиллагаа идэвхжлээ. Ялангуяа танай намын залуу улстөрчид багтдаг "Шонхор", "Мөнх тэнгэр" фракцын дунд далд өрсөлдөөн бий болсон нь мэдрэгдэж байна. Танай залуучууд УИХ-ын мандатын төлөө зөрчилдөж байгаа талаар юу хэлэх вэ. Та "Шонхор"-уудын нэг биз дээ?
-Манай намд фракц бий болдог, задардаг. Энэ бол эрүүл үзэгдэл. Гайхаад шуугиан болгоод байх зүйл биш. АН-ын залуус үзэл бодлоороо тус тусын фракцад нэгддэг. Хамгийн сүүлд манай Батбаатар нар "Мөнх тэнгэр"-ийг байгуулсан. Түүнээс бус бидний дунд айхавтар зөрчил байхгүй. Байр суурийн зөрүү л бий. АН-ын нүүр царай залуучууд байх учиртай. Тэднийгээ намын удирдлага дэмжих ёстой гэсэн бодолтой байдаг. Намын нэрээр сонгогдох 28 хүний өнгийг манай залуус тодорхойлох болно гэдгийг хэлмээр байна. Нам болон фракцын удирдлага үүнийг зөвшөөрөх ёстой.
-АН фракцыг хүлээн зөвшөөрдөг. Тэдгээр нь задарч бутардаг нь ил болсон зүйл. Ийм зүйл гаргуулахгүйн тулд фракцуудад эн тэнцүү мандат хуваарилах хэрэгтэй юү?
-Гол нь бид зөвшилцөх ёстой. Нэр дэвшүүлэхдээ фракцуудад тэнцүү, шударга хандах байх гэж найдаж байгаа. Энэ сонгуульд оролцох АН-ын өнгийг залуучууд тодорхойлно. МАН-аас нэр дэвших залуус уул уурхайн бизнесээр баяжсан мөнгөлөг, өв залгамжлагчид байх бол манай залуус боловсролтой, номтой нөхөрлөсөн өнгөлөг залуус байх болно. Их мөнгөөр албан тушаал худалдаж авдаг, залуус АН-д байдаггүй.
-АН-аас нэр дэвшихболомжтой гэхээр "Мөнх тэнгэр"-ийн голдуу залуусыг зарим эх сурвалж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрлэж байгаа. Та УИХ-ын залуу гишүүний нэг. Нэр дэвших магадлалтай залуусын дунд таны нэр жишээ нь алга байна билээ. Энэ чинь зөрчил байгаа мэтээр харагдуулж байна.
-АН-ын залуу улстөрчдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон хүний нэг нь би. Таны асуусан зүйл гадна, дотноос нисгэсэн "бор шувуу" л байх. Хаанаас явуулж байгааг нь ч гадарлана. Залуусыг хооронд нь зөрчилтэй болгож харагдуулах гэсэн явуургүй оролдлогын л нэг. Бидний гараар могой бариулах гэж байгаа бол бүтэхгүй.
-Энэ удаагийн сонгуульд АН ялна гэдэгтээ бүр итгэчихсэн бололтой. Тийм учраас л хоёр сонгуулийг зэрэг явуулна. Тэгвэл УИХ, орон нутагт үнэмлэхүй ялна гэж тооцож байгаа. Ардчилсан хүчин нэг удаа Парламентын сонгуульд ялсан. Эрх мэдлийн төлөө дотроо тэмцэлдсэн. Үүнд нь дургүйцсэн сонгогчид 1996 оны орон нутгийн сонгуулиар тэр үеийн МАХН-дялалтыг өгсөн. Ийм болгоомжлол байгаа учраас сонгуулийг хамтад нь явуулъя гэж улайрч байгаа биш үү.
-Хоёр сонгуулийн зэрэг явуулах хуулийг УИХ баталсан. Түүнийгээ мөрдөөд явах ёстой. АН энэ зарчмынхаа төлөө хатуу байр суурьтай байгаа. Байх ёстой зүйлийн төлөө л байна. МАН хуулиар тоглохыг хүссэн. Хуулиар наймаа хийдэггүй юм. Сонгууль шударга болох ёстой. МАН сонгуулийн дүнг будлиулахьш тулд цахим үнэмлэх тараахыг болиуллаа. Өөрийн хүмүүсийг УБЕГ-ын удирдлагад шургуулсан. Дүрмээрээ л тоглоё.
-Та Ёс зүйн дэд хорооны дарга. Сүүлийн үед танай намын бүлэг хугацаагүй завсарлага гэдгээр төрийн үйл ажиллагааг хугацаагүйгээр эзэнгүйдүүлж байна. Хуулийн ганц хоёр өгүүлбэр төрийг гацаагаад байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн үү?
-Цөөнхийг олонхийн түрэмгийллээс хамгаалдаг нэг зэвсэг нь завсарлага. Цөөнх завсарлага авч байх эрхтэй. МАН төрийн машиныг гурван сараар гацааж байсан тохиолдол бий. УИХ-ын гацааг дагаад нийгэм, эдийн засгийн амьдрал гацдаг. Тийм учраас завсарлагыг хугацаатай болгох ёстой. Завсарлага хугацаатай байлаа гээд сөрөг хүчин хохирохгүй. Энэ хооронд улс төрийн уран шийдвэр гаргаж болно. Ойлголцол зөвшилцөлд хүрэх боломжтой.
-Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны үеэр УИХ-ын дөрвөн гишүүн экс Ерөнхийлөгчид халдашгүй дархан эрхээ ашиглуулсан гэж үзэх хүмүүс байна. Тийм байж болзошгүй учраас тэдэнтэй ёс зүйн асуудал ярих уу?
-Ноцтой асуудал мөн. Хэн нэгэн хүчирхийлэгчийг УИХ-ын гишүүн хамгаалаад унавал яах вэ. Халдашгүй эрхээ ашиглуулсан гэх үү. Энэ бүхэн хоёр талтай. УИХ-ын гишүүний халдашгүй эрх зөвхөн өөрт нь л үйлчилнэ. Үүнийг манай гишүүд ухамсарлах ёстой. Н.Энхбаярт дархан эрхээ ашиглуулсан гэх гишүүдийн хувьд улс төрийн "өнцөг" орчхоод байгаа юм. Намынх нь дарга, хамтран зүтгэгч нь байсан хүн учраас улс төр болж харагдаад байгаа. Энэ утгаараа экс Ерөнхийлөгчид халдашгүй эрхээ ашиглуулсан байж болзошгүй.
-Танд ингэж харагдсан бол ёс зүйн асуудал ярих ёстой биш үү?
-Халдашгүй дархан эрх зөвхөн өөрт чинь хамаатай шүү гэдэг байр сууриа Ёс зүйн дэд хорооны даргын хувьд илэрхийлсэн. АТГ-ыг бид шүүмжилдэг. Жижиг жараахайтаи хөөцөлддөг гэж. Гэтэл том туг бариад эхлэв бололтой. Үүнийг нь улстөржүүлж байгаа нь харамсалтай. Н.Энхбаяр үнэхээр л нэр цэвэр юм бол зоригтой шалагуулчихаад хүрээд ирэг л дээ. Франц, БНСУ-ын Ерөнхийлөгчид шалгуулж л байсан. Тэгээд л нэр төрөө цэвэрлэдэг. Н.Энхбаяр үнэхээр "но"-гүй юм бол хуульдаа захирагдаад шалгуулах хэрэгтэй шүү дээ. Буруугүй бол нэр хүнд нь харин ч өсөх юм биш үү.
-Ц.Нямдорж сайдтай холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд ирсэн. Түүнийг хэзээ хэлэлцэх вэ. Өргөдөл гомдол хэр ирж байгаа вэ?
-ХЗДХ-ийн сайдтай холбоотой гомдол МоАХ-ноос ирсэн. Дүрмийнхээ дагуу хуралдаж асуудлыг шийднэ. "Намайг ал-чихаад хариуцлага тооцоорой" гэсэн хүчирхийлэлд уриалсан утгатай үгийг Ц.Нямдорж буюу ХЗДХ-ийн сайд нь хэлсэн байгаа юм. Ардчилсан улс орны сайд хүн ийм болчимгүй үг хэлсэн бол хэдийнэ огцрох байсан. Ёс зүйн хороонд дуудагдсан л бол нэр хүнд нь шалдаа унадаг. Улстөрч хүнд энэ нь хамгийн том шийтгэл болдог учраас ёс зүйгээ маш сайн эрхэмлэдэг. Элдэв үг, асуудалд холбогдохоос зайлсхийдэг. Амны болоод үйлдлийн алдаа гаргасан, ямар нэг болчимгүй асуудалд нэр холбогдсон л бол үг дуугүй огцордог. Монголчууд ХЗДХ-ийн сайддаа амар амгалан аюулгүй амьдрах хувь заяагаа даатгадаг. Гэтэл Н.Энхбаярыг баривчлах гээд бөөн юм болж байхад салбарын сайд нь нам унтаж байсан гэвэл хүн итгэх үү. Ц.Нямдоржийг тийм ханадаггүй нойртой гэж бодохгүй л байна. Төрийн өндөр албан тушаалтан хүнд ярьж болохгүй зүйл гэж байдаг. Японы нэг сайд Фүкүшима хотыг "үхсэн хот" гэж хэлснийхээ төлөө хэдхэн сарын өмнө огцорсон. Гэтэл хүчирхийллийн эсрэг тэмцэх ёстой Монголын хуулийн салбарын сайд нь "намайг алчихаад хариуцлага тооцоорой" гэж байгаа нь огцрох, огцруулах хангалттай шалтгаан.
-Зарим хүн мэддэггүй байж болно. Ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүнд яг ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Сануулна. Зөвлөмж өгнө. Үг хэлэх эрхийг нь хязгаарлах саналыг УИХ-ын удирдлагад танилцуулна. Ийм хязгаарлагдмал эрхтэй.