ЗАСГИЙН ГАЗРЫГ 75:25 ХАРЬЦААГААР БАЙГУУЛАХААР БОЛЛОО
Д.Тэрбишдагва Ч.Сайханбилэг
2012.07.21

ЗАСГИЙН ГАЗРЫГ 75:25 ХАРЬЦААГААР БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээр хийх үүрэг бүхий АН-ын Ажлын хэсгийнхэн бусад намын Ажлын хэсэгтэй зөвшилцөж дуусчээ. АН-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, гишүүн Ч.Сайханбилэг, “Шударга ёс” эвслийн Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан, гишүүн Д.Тэрбишдагва нар өчигдөр үдээс хойш энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. 

АН МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ыг сонгож, 75:25 харьцаатайгаар Засгийн газраа хамтран байгуулахаар тохиролцсон байна. Тэдний хамтарч гар гасан тунхаглалд “Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцож, хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар нь үйл ажиллагаандаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАНын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтыг тусган, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ ил тодоор тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно гэж тунхаглаж байна” гэжээ.

Үүнийг Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга уншиж танилцуулсан юм. Тунхаг бичигт АН, ИЗНН болон “Шударга ёс” эвслийн Ажлын хэсгийн ахлагч нар гарын үсгээ зурж, баталгаажуулжээ. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бие даагч гишүүд нэгдэх эрх нь нээлттэй юм байна. Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, УИХын дарга, Ерөнхий сайдыг томилно. Улмаар Засгийн газраа байгуулах, ямар бүтэцтэй байхыг тогтоож, “бялуу” хуваах ажилдаа орох юм. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа талууд 2016 он хүртэл тогтвортой ажиллахаар гарын үсгээ зурцгаажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.