УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах  хуулийн төсөл өргөн барилаа
2012.08.22

УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах хуулийн төсөл өргөн барилаа

Өнөөдөр \2012.08.21\ үдээс хойш УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар анхны хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа.

УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа ийнхүү өргөн мэдүүлэв. Уг төсөлд Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэрийг УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр хязгаарлалт хийснийг хасах тухай тусгажээ.

УИХ-д 8-аас дээш суудал авч, иргэдээ төлөөлөн ажиллах үүрэг хүлээсэн нам хуулиар зөвшөөрөгдсөн зохион байгуулалтын хэлбэрт орж, үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэхгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж, улмаар УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хуулийн дагуу хэвийн явагдах нөхцөл алдагдаж байна хэмээн үзэж байгаагаа гишүүд илэрхийлж байсан юм.

 

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангана. Үүгээр зогсохгүй УИХ-д суудалтай нам, эвсэл нь бүлгийн зохион байгуулалтанд орсноор сонгогч иргэдийнхээ эрх , ашиг сонирхлыг төлөөлж хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг хуулийн төсөл санаачлагчид УИХ-ын даргад онцолж байлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.