Дахин санал хураах тов тодорхойгүй байна
2012.08.29

Дахин санал хураах тов тодорхойгүй байна

УИХ-ын сонгуулиас хоёр тойрогт дахин санал хураалт явуулахаар болсон. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулинд зааснаар хэрэв нэр дэвшигч нь 28 хувиас дээш санал аваагүй бол дахин санал хураалт зохион байгуулна гэж заасан байгаа. Одоогоор дахин санал хураах тов тодорхойгүй байгаа гэлээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Дахин санал хураалт явуулах хугацаа тодорхойгүй байна. Ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар Үндэсний их баяр наадмын дараа гэсэн ч одоо болтол тодорхой бус байна?
-Дахин санал хураалтын асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай ярилцсан. Дахин санал хураалтын тов, зохион байгуулах ажилд Төрийн байгуулалтын байнгын хорооноос үүрэг чиглэл өгнө гэлээ. Тэр хүртэл бэлтгэлээ хангаад байх үүрэг өгсөн.  Одоогоор хэзээ зохион байгуулах талаар тов зарлагдаагүй байна. Хуулиндаа дахин сонгуулийн санал хураалтын товыг хэсгийн хороо товлон зарлана гэж байгаа.
-Дахин санал хураалт сурталчилгаа явуулахгүй гэж заасан байгаа. Мөн ирц хүрэхгүй байх талтай. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ. Ирц хүрэхгүй байх гэсэн үүднээс Орон нутгийн сонгуультай хамт явуулна гэх яриа бас байна л даа?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дахин санал хураах журамд заасны дагуу дахин санал хураалт явуулахдаа сурталчилгаа хийхгүй, 28 хувийн босго даваагүй хамгийн өндөр  хувьтай хоёр нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн байгаа. Дахин санал хураалт ирц хүрэхгүй байх болгоомжлол бас байна. Дахин санал хураалтыг ирцтэй байлгах үүднээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ гэсэн. Тиймээс одоогоор тодорхой хариуцлт өгөх боломжгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос үүрэг чиглэл өгсний дагуу СЕХ ажиллах болно. Ирц хүрэхгүй байвал Орон нутгийн сонгуультай хамт явуулах боломж бий. Гэхдээ энэ бол нэг хувилбар. Төсөв, ирцээ бодвол энэ хувилбараар хийж болно.  Албаныхан яавал ирцтэй байх талаар судалж байгаа.

-Дахин санал хураахад хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдвэрлэх вэ?

-Мэдээж санал хураалт явагдаж байгаа учраас хөрөнгө мөнгөний асуудал байна. Саналын хуудас хэвлүүлнэ, сонгуулийн санал хураах явцыг зохион байгуулах, тэнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гэх мэтийн зардал гарна. Сонгуулийн ерөнхий хороо төсөв тооцоог гаргаж, УИХ-д өргөн барина.
-Өвөрхангайн хоёр гишүүнд холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ асуудал юу болж байна вэ?
-Өвөрхангай аймгийн хоёр гишүүний хувьд тойргийн хорооноос нь СЕХ-нд албан тоот ирсэн. Энэ албан тоотод шүүхийн шийдвэр эцэслэн гартал хүлээж байна уу гэсэн бичиг ирсэн.
-УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүд сонгуулийн зардлаа СЕХ-нд тайлагнах ёстой. Ингэхдээ Аудитын газраар шалгуулах ёстой гэсэн байдаг. Гэтэл танайд ирсэн тайлан нь Аудитын газраар ороогүй байсан?
-Одоогоор УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусаагүй,  эцсийн дүн байдлаар гараагүй байгаа. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дахин санал хураалтын дараа нам, эвсэлүүд зардлын тайлангаа нэгтгээд Аудитын газраар шалгуулаад манайд өгөх ёстой. Гэхдээ урьдчилсан байдлаар намуудын тайланг авсан байгаа. Энэ долоо хоногт хуралдах СЕХ-ны хуралдаанаар намуудын зардлын тайланг авч хэлэлцэнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.