Г.Баярсайхан: С.Баярцогт сайдын асуудлыг өмнөх гомдолтой хамтатган хэлэлцэнэ
2010.12.03

Г.Баярсайхан: С.Баярцогт сайдын асуудлыг өмнөх гомдолтой хамтатган хэлэлцэнэ

Ерөнхий сайдад "Танхимынхаа сайдуудад хариуцлага тооцооч " гэсэн утгатай мэдэгдлийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хариуг Ерөнхий сайд өгөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл, цаг барьдаггүй Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүдэд шаардлагатай мэдээлэл өгдөггүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хоёрт ямар арга хэмжээ авахаа мэдэгдээгүй байна. Харин УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас дээрх асуудалд хэрхэн хандаж байгааг нь тодрууллаа.

-УИХ-ын дарга хоёр сайдын талаар Ерөнхий сайдад "хов" хүргэлээ. Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэх үү?

-Д.Зоригт сайдын ажлын чанар манай дэд хороонд хамаагүй. Сайдынхаа ажлын чанарт Засгийн газар анхаарна биз. Харин С.Баярцогт сайдын хувьд байр сууриа илэрхийлсэн.

-Ямар байр суурь вэ?

-УИХ-ын үйл ажиллагаанд цагтаа ирээгүй нь С.Баярцогтын хувийн зохион байгуулалттай холбоотой. Бид энэ тал дээр нь сануулга өгье гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын дарга сайдуудыг ажлын хариуцлага алдсан гэж дүгнэж байгаа. Харин Ёс зүйн дэд хороо С.Баярцогт сайдад холбогдох асуудлыг хэлэлцэхгүй, сануулга өгөөд өнгөрөөхөөр шийдсэн юм уу?

-С.Баярцогт гишүүн гадаадын байгууллагын урилга, зардлаар гадаадад зорчсон талаарх гомдол Ёс зүйн хороонд ирсэн байгаа. Энэ асуудлыг нь Ц.Мөнх-Оргил гишүүн судалж байгаа. Тиймээс Д.Дэмбэрэл даргын гаргасан гомдлыг дээрх асуудалтай хамтатган хэлэлцэнэ.

-Ёс зүйн дэд хороо яг ямар хариуцлага тооцдог юм бэ. Цалингийнх нь тодорхой хувиар торгох уу. Эсвэл?

-Ямар хариуцлага тооцохыг Ёс зүйн дүрэмд тодорхой заасан байгаа. Ёс зүйн дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа С.Баярцогт сайдад ямар хариуцлага тооцох нь тодорхой болно.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.