Дэлхийн шилдэг долоон удирдагч эмэгтэй
"Forbes" Сэтгүүл дэлхийн шилдэг долоон удирдагч эмэгтэйг танилцуулжээ.
01. Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандс де Киршнер жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр уг албан тушаалыг нөхрөөсөө залгамжлан үлдсэн гэхэд болно. Тэгэхээр Аргентины төрийн тэргүүний албыг нэгэн гэр бүлийн гишүүд үе залгамжлах боломж бүрдэж байна гэхэд хилсдэхгүй. Мэдээж тэдний хүүхдүүдээс эцэг, эхийнхээ албыг залгамжлах нэгэн байж л таараа. Кристина Фернандс улсдаа Ерөнхийлөгчийн албанд томилогдсон хоёр дахь эмэгтэй юм. Энэ хүртэл тэрбээр намын үйл ажиллагаа, өмгөөлөгчийн алба хашихын зэрэгцээ хувийн амьдралаа ч орхиогүй юм.Тэрбээр хоёр хүүхэд төрүүлж, өсгөсөн. Кристинаде Киршнерийг ард түмэн нь одоо хүртэл жинхэнэ тэргүүн хатагтай, бүхий л цаг үеийн хамгийн царайлаг улстөрч-эмэгтэй хэмээн тооцдог.
02. Либерийн Ерөнхийлөгч Элен Жонсон-Серлифийг жагсаалтын хоёрт бичжээ. Түүнийг Африк тивд анхны Ерөнхийлөгч эмэгтэй болсноор нь онцолсон байна. Харвардад суралцан МВА-ийн зэрэгтэй болсон түүнийг Либерийн Сангийн яамны туслахын албанд урьжээ. Гэвч тус албан тушаалыг хашиж байх үед нь гурван сая гаруй ам.доллар хууль бусаар завшсан хэрэгт буруутгасан байна. Эл гэмт баримт Эленд саад болсонгүй, хэсэгхэн хугацааны дараа туслахын албанаас Сангийн яамны сайд болтлоо дэвшчээ. Тэрбээр улсынхаа дэглэм, ёс зүйг хатуу шүүмжлэн буруушаасныхаа төлөө 10 жилийн хорих ял хүлээсэн бөгөөд түүнийг хэсэг хугацаагаар хорьж, дараа нь чөлөөлөн Либерээс хөөсөн байна. Гэсэн хэдий ч тэр гараа эвхэн, амаа хамхин суух нэгэн биш байлаа. Хэдийгээр Элен улсдаа нэвтрэх эрхгүй болсон ч энэ хугацаанд Африкийн "Сити" банкны салбарын дэд Ерөнхийлөгч болж, дөрвөн хүү төрүүлж амжсан байна. Үүнийхээ дараа эх орондоо буцан ирж, Ерөнхийлөгчийн албанд сонгогджээ.
03. Жагсаалтын гуравдугаарт мэдээж Германы канцлер Ангела Меркель оржээ. Түүнийг зарим нь "дахин давтагдашгүй төмөр хатагтай" хэмээн тодорхойлдог. Германы канцлерын албанд сонгогдсон анхны эмэгтэй гэдгээрээ мөн онцлог. Меркелийн овог түүний анхны нөхөр Ульрих Меркелээс уламжлагджээ. Тэд Москва хотноо болсон оюутнуудын уулзалтын үеэр танилцаж байсан түүхтэй. Хатагтай Меркель оросоор муугүй ярьдаг төдийгүй оюутан ахуйдаа орос хэлний олимпиадад шагналт байр эзэлж байж. Тэрбээр физикч мэргэжилтэй хэрнээ христүүдийн ардчилсан намын ажилд идэвхтэй оролцдог байсныхаа ачаар улстөрд хөлөө олсон байна. Меркель өдгөө хоёр дахь нөхөр, химич мэргэжилтэй Иоахим Зауэрын хамт амьдарч байна. Улстөрөөс хол байдаг мэргэжилтний хувьд эхнэр нь дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрч-эмэгтэй болно гэдэг түүнд лав таагүй зүйл биш байх.
04.Финляндын Ерөнхийлөгч Тарья Халонен. Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч. Түүний хугацаа JE дуусахад ард түмэн дахин сонгож, хоёр дахь удаагаа томилсон нь түүний нэр хүнд, итгэл найдвартайн баталгаа болсон юм. Улиран сонгогддог эрэгтэй Ерөнхийлөгч ч тийм олон биш. Тарья сексийн цөөнхийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгчээс гадна сайн эзэгтэй, сайхан ээж. Тэрбээр нөхөр Пентти Араярви болон хүүхдүүдийн хамт амьдардаг.Тэдний гэр бүлийн аз жаргалтай амьдралд албан ёсны бүртгэл хамааралгүй байсан бөгөөд 16 жилийн дараа Тарья өндөр албан тушаалд томилогдох үедээ л гэрлэлтээ батлуулах шаардлагатай болжээ. Харин энэ хүртэл хэвлэлийнхэн түүний гэр бүлийн талаар бичихдээ нөхрийг нь "хамтран амьдрагч",-"амьдралын хань', "Ерөнхийлөгчийн эр хүн" зэрэг боломжтой бүх үгээр тодорхойлдог байж.
05. Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Патиль айргийн тавд оржээ. Энэтхэг Улс парламентын засаглалтай тул Ерөнхийлөгчийн алба ерөнхийдөө ёслолын шинж чанартай байдаг. Гэхдээ энэ нь тус албан тушаалд томилогдох хялбар гэсэн үг биш. Пратибха Патиль бол энэтхэг эмэгтэйчүүдийн жинхэнэ найдвар. Тус улсад хүйсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл өнөө хүртэл хурц асуудлуудын нэг хэвээр байна. Энэтхэгийн гүйцэтгэх засаглалыг эмэгтэй улстөрч Индира Ганди тэргүүлж байсан удаатай.Пратибха 72 настайдаа Ерөнхийлөгчийн албанд томилогдсон. Тэрбээр коллежид суралцаж байхдаа үзэсгэлэнт хатан хаан өргөмжлөл хүртэж байсан агаад өмгөөлөгчийн албаар дадлагажин 27 наснаасаа улстөрөөр дагнах болжээ. Пратибха Ерөнхийлөгчийн албанд томилогдохын өмнөх гурван жилд мужийн амбан захирагчийн алба хашиж байж. Улстөр, нийгмийн нөр их ажлынхаа хажуугаар улсынхаа нэртэй улстөрчтэй гэрлэн хүү, охинтой болж амжсан байна.
06.Жагсаалтын зургадугаарт Ирландын Ерөнхийлөгч Мэри Макэлисийг тодруулжээ. Мэри Макэлис бүх талаараа онц үнэлгээ авдаг. Дунд сургуулиа данонц дүнтэй дүүргэсэн тэрбээр Белфастын Хааныих сургуульд элсэн суралцаж, хуулийн дипломтой болжээ. Харин 24 настайдаа алдарт Дублины их сургуулийн хамгийн залуу профессор болсон байна. Мэри намд элссэнийхээ дараа улстөрийн анхны алхмуудаа хийж эхэлжээ. Тэрбээр үр хөндөлт, гэр бүл салалт, үр тогтоолтын эсрэг арга хэрэгсэл, бэлдмэлүүдийн эсрэг тууштай тэмцэгч төдийгүй Ирландыг нэгтгэх талыг баримтлагчдын нэг. Мэри тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн олон санал авч ялалт байгуулсан анхны Ерөнхийлөгч бөгөөд хоёр дахь удаагаа улиран сонгогдсон ардын баатар. Түүнээс гадна Макелис улсынхаа ашиг тусын тулд цалингаа 10 хувиар бууруулах санаачлага гарган хэрэгжүүлсэн анхны Ерөнхийлөгч ажээ. Тэрбээр нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.
07.Литвийн Ерөнхийлөгч Даля Грибауйскайте. Эл хатагтай дээд дурдсан эмэгтэй-Ерөнхийлөгчдийн нэгэн адил өөрийн гэсэн онцлог замнал, улстөрийн дээд амжилттай. Тус улсын сонгуулийн түүхэнд санал хураалтын эхний шатанд шууд Ерөнхийлөгчөө сонгосон хоёр тохиолдол байдгийн нэг нь түүнийх. Тэрбээр Ленинградын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн агаад "Рот-Фронт" үслэг эдлэлийн үйлдвэрт ажиллаж байжээ. Үйлдвэрийн жирийн албан хаагч эмэгтэйг хэдхэн жилийн дараа хэд хэдэн яамны дэд сайдын алба хашиж, улмаар Ерөнхийлөгч болно гэж хэн ч таамаглаагүй биз.Тэрбээр зөвхөн улстөрд хатуу чанга гэдгээрээ алдартай бус. Каратегийн хар бүстэй. Шилдэг долоон улстөрч эмэгтэйн жагсаалт доторх нөхөрт гараагүй цор ганц Ерөнхийлөгч-эмэгтэй юм.