Ц.Даваасүрэн: Гоё хувцас өмсөх сонирхолдоо хөтлөгдөөд л оёдог болчихлоо
УИХ-д уран гартай нэгэн түшээ байх аж. Түүнийг Ц.Даваасүрэн гэдэг. Эрэгтэй хүнд ховорхон заяадаг энэ авъяасынх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Уран гартай эрчүүд ховор байдаг. Та хэдэн настайгаасаа оёж эхэлсэн бэ?
-Хүүхэд байхдаа гоёх их дуртай байлаа. Харин хөдөөний хүүхэд надад гадны гоё хувцас яаж олдох вэ. Хүүхэд байхад жинс гэдэг чинь ховор бараа байлаа. Тэгээд л жинсэрхүү материал олоод анх өмд хийж эхэлсэн юм байна. Тэр үед тав, зургадугаар ангид сурдаг байсан.
-Юм оёдгоосоо болж багшаасаа зэмлэл хүртэж байсан гэсэн. Загнуулах тохиолдол олон гардаг байв уу?
-Хувцасны загвараас болж зэмлэл нэлээд хүртдэг байсан. Сурагчийн формынхоо загварыг өөрчилснөөс болж хөрөнгөтний үзэл суртал шингэсэн хувцастай гэж захиралдаа загнуулж байсан.
-Таны ээж, эмээ уран хүмүүс байсан уу. Эсвэл аргагүй байдлаас болж оёж эхэлсэн үү. Яагаад оёдог болчихдог байна аа гэсэн бодол өөрийн эрхгүй сонирхол татаад байх юм?
-Ээж, эмээ нар уран хүмүүс байгаагүй. Гоё хувцас өмсөх сонирхолдоо хөтлөгдөөд л оёдог болчихгүй юу. Ер нь бол зурах авьяастай байсан. Үеийнхэн дундаа бол сайн зурдаг, ангийнхаа ханын сонинг гаргадаг хүүхэд байсан.
-Багадаа хэр сахилгагүй хүүхэд байв. Хүүхдүүдтэй ноцолдож байгаад хувцасаа урдаг байв уу. Урагдсан хувцасаа өөрөө оёдог байсан уу?
-Аравдугаар анги төгстөлөө ангийхаа хөвгүүдийг атамануудаас хамгаалсан. Тэгээд нэг иймэрхүү хамартай үлдсэн дээ. (хамараа заав) Хувцасны уранхай зэрэг бол ямар ч асуудал байхгүй, өөрөө оёно.
-Хамгийн сүүлд юу урласан бэ. Одоо зүү утас барихаа больсон УУ?
-Анхны хүүхдээ 1993 онд төрөхөд цамц, малгай оёж өгсөн. Тэр үед дэлгүүрийн лангуу хоосорчихсон бараагүй байсан цаг. Түүнээс хойш товчоо оёхоос хэтэрсэнгүй.
-Оёсон зүйлээ хүнд бэлэглэдэг байв уу?
-Тарвага, булган малгай их урласан. Амьдралынхаа эхний суурийг ингэж тавьж байлаа. Малгайнаасаа бол бэлэглэж байсан. Оюутан байхдаа "Бурда" сэтгүүлийн эсгүүрээр цамц хийж оросуудад зарчихна. Бас найз нартаа өгдөг байлаа.
-Таны урласан бүтээл гэрт тань одоо байдаг уу?
-Хамгийн сүүлд нэг малгай байж байгаад элэгдээд дууссан. Одоо үлдсэн юм байхгүй. Хөдөө гэрт бол байж магадгүй л юм.
-Хүүхдүүдээс тань таны авьяасыг өвлөж авсан хүн байна уу?
-Манай охин авьяастай, уран юм шиг санагддаг. Янз бүрийн хувцасны загвар зохиож суугаа харагддаг юм. Гэхдээ юм оёх шаардлага байдаггүй байх.
-Уран хүмүүсийг мэдрэмжтэй байдаг гэдэг. Загвар зохиох ч юм уу. Ямар нэгэн байдлаар нарийн мэдрэмжээ олонд таниулж байв УУ?
-Гэрийнхээ дотоод интерьерийг өөрөө хийдэг. Зуслангийн байшингаа ч гэсэн өөрийн зохиомжоор гадаад, дотоод заслыг нь хийсэн.