Ж.Энхбаяр: Хээрийн бор цай оочилж, отоглож суух жаргал
Төрийн ажлын хурд нийгмээсээ хоцорчихсон явна" гэж ярих залууг VIP буландаа урилаа. Тэрбээр "Миний харж байгаа өнцөг 50-иас дээш настай хүний харж байгаагаас тэс өөр" гэсэн. Үүнд ахмад гишүүд нь гомдлын уг шидэж магадгүй л юм. Эрхэм гишүүн Ж.Энхбаяртай чөлөөт яриа өрнүүлснээ хүргэе.
-МАХН-ын бүлгийн хурлыг эхлэх гэж байгаа юм болов уу гээд таныг цаг шахам хүлээлээ. Гишүүд цагтаа ирээгүй учир хойшилж байх шиг байна. Энэ бол манайхны хэвийн зүйл. Гэтэл нийгэм та бүхнээс илүү их хурд шаардаад байгаа шүү дээ. Гишүүдийн цаг барих талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Анх шинээр орж ирсэн гишүүд маш сайн цаг барьж байсан. Гүйцэтгэх ажилд байсан болохоор цаг бариад сурчихсан. Гэтэл гишүүн болоод цаг барьдаггүй орчинд орж ирсэн. Дасах гэж нэлээд удсан даа. Нөгөө талаасаа улс төрийн үйл явц гэдэг чинь хатуу төлөвлөгөөт ажлаас гадна төлөвлөж болдоггүй ажил ихтэйг ойлгох хэрэгтэй. Харилцах, зөвлөлдөх, зөвшилцөхөөс болоод асуудлыг хойшлуулдаг тодорхой хугацаанд нээлттэй орхидог тал байдаг юм байна. Эдгээр байдалтай эхэн үед дасахад хэцүү байсан. Одоо харин эвлэрч эхэлж байна.Цаадах зовлон, жаргалыг нь ойлгож байна гэсэн үг.
-Хувь хүнийхээ хувьд дэмий алдаж байгаа энэ цаг хугацаандаа хэр харамч байна вэ?
-Миний хамгийн санаа зовдог зүйл бол Монгол Улс нийгмээрээ цаг алдаж байна. Энэ бол төрийн мененжментийн алдаатай бодлогоос үүдэлтэй. Замын түгжрэл, хүлээлт, төр захиргааны бичиг баримтын дамжлага гээд олон зүйлийг шинэчлэх ёстой. Өнөөдөр дэлхий ертөнц хурдан дээр тогтож байна. Цаг хугацааны менежментийг илүү хийж чадсан улс орон хурдан, амжилттай хөгждөг. Цагийн үнэлэмж ч маш муу байна.
-Хувийн хэвшлийнхэн төрийн байгууллагынхнаас илүү цаг барьдаг. Үүнээс харахад төрийн алба илүү замбараагүй байгаа юм биш үү?
-Монголын төрийн хурд нийгмийн хүсэл шаарддагаас хоцорчихсон нь бодит байдал. Орчин үеийн менежментийншинэ арга барилаар явж байгаа компанитай төрийн байгууллагын бүтэц, хурдыг харьцуулахад шаардлага хангахгүй байгаа. Уг нь төр нийгмийнхээ өмнө явах ёстой.
-Тэгээд хоцорсон төрийг яаж байранд нь оруулах вэ. Шилжилт шинэчлэл гээд яриад байх юм. Үр дүнд хүрч байна уу?
-Өнөөдрийг хүртэл бид "шилжилтийн үе шат явагдаж байна" гээд яриад л яваа. Миний бодлоор шилжилт дууссан. Өнөөдөр Монгол ардчилсан, чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн, нээлттэй эдийн засагтай, хүн ам нь шинэ нийгэмдээ дассан улс болсон. 100 хувь шилжсэний дараа хөгжинө гэж болохгүй. Тэгвэл нийгэм өөрөө зогсонги байдалд орно. Одоо цаг нь болсон.
-Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ?
-Ажлын онцлогоос шалтгаална. Сая тойрогтоо очиж 20-иод хоног ажилласан. Сумаас сумын хооронд явсан болохоор өдөрт дөрвөөс таван цаг л унтаж байсан. Одоо чуулган эхэлчихсэн болохоор харьцангуй гайгүй. Хүн хүний онцлог өөр. Би хоолгүй явахад ядрахгүй. Харин нойр алдвал ажлын бүтээмж багасдаг. Унтах хэсэгхэн хугацаандаа дуу чимээгүй эрүүл агаарт байх нь чухал. Би тэгж л нөхөн сэргээлт авдаг.
-Танай гэр хаана вэ?
-Хотоос 30-аад км зайд Баянголын аманд байдаг. Орой хотоос гарахад бухимдал стресс гээд бүх зүйлээ орхидог. Хөдөө гараад дөрвөн жил болж байна.
-Цаг гэснээс та бугуйн цаг хэдтэй вэ. Одоо зүүсэн чинь их энгийн юм. Гэхдээ үнэтэй эд байх?
-Хоёр л бий. Ихэнхдээ швейцарь цаг зүүдэг. Энэ RADO-г хоёр жилийн өмнө 2000 орчим доллароор авч байсан. Эр хүн чинь гоёл цөөтэй шүү дээ. Гутал, цаг, костюм тэгээд л боллоо. Ер нь би чамирхаад байхыг боддоггүй. Хүний анхаарал татах зүйл бага хэрэглэсэн нь дээр.
-Ажлын шаардлагаар байнга өмсдөг болохоор костюм нэлээд хэдтэй биз?
-Гурав дөрвөн юм бий. Жил өмсөөд л ард нь авах дүү нар дугаарлаж байдаг.-Таныг ан гөрөөнд нилээд хоббитой гэдэг. Сүүлийн үед явсан уу?-Ан гөрөө хийхээсээ илүү ууланд явах дуртай. Би ер нь байгаль дунд байж эрч хүч энерги авдаг одонд төрсөн хүн. Боломж олдвол Хэнтий нуруу, Хөвсгөл, Булган гээд тайга ихтэй нутгийг зорьдог. Хээрийн цай ууж, цас малтаж хоноод арваад хоног явна шүү. Хамгийн сайхан амралт тэр. Манайхан буурал ааваас эхлээд бараг бүгд нутаг орондоо алдартай гөрөөчин байсан. Сая эхний цаснаар Сэлэнгэд нэг гахай унагасан. Ер нь цас орох л юм бол мордох юмсан гэж боддог шүү.
-Тантай хамт ямар хүмүүс явдаг бэ?
-Олон хүн бий. Улсын заан Б.Соронзонболд, гавъяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Ганзориг гээд нутгаас төрсөн урлаг спортын олон хүн явдаг. Олон эрчүүд нийлээд морьтой ууланд гарч хээрийн бор цай уун отоглож суух жаргал.
-Ан хийж явахад янз бүрийн сонин зүйл тохиолддог байх?
-2006 оны намар Хантайн нуруунд ан хийж яваад нэг том бодон шархдуулаад алдчихсан. Түүнийхээ хойноос хоёр өдөр явж байж нэг юм олсон. Далийн торлогт орчихсон, хүн босоогоороо орох боломжгүй. Тэгээд л шархадсан бодонгийн араас мөлхөөд ордог юм. Амьтнаа бодсон ч шархдуулаад хаяж болохгүй. Шархадсан бодонд гурван метр ойртож очихдоо айдсыг сонирхол дийлдгийг мэдэрсэн.
-Та хэр мэргэн бууддаг вэ?
-Багаасаа цэргийн орчинд өсөж 13 настайгаасаа буу барьсан. Мундаг биш ч гэлээ, тохирсон зайд бол алдахгүй болов уу.
-Та хэдэн буутай вэ. Генералын хүүд өвлөн үлдсэн зүйл бий биз
-Ааваас үлдсэн Европ зүгийн ганц хоёр ангийн буу бий.
-Ан гөрөөнд хоббитой хүн, буу худалдаж авч байсан биз дээ?
-Хоёр нь ааваас надад ирсэн. Германаас "Блайзер" гээд ангийн буу 5000 орчим доллараар авсан.
-Бие хамгаалах гар буу бий юу?
-Байхгүй. Байсныг нь буцаагаад тушаасан. Одоохондоо бие хамгаалах зэвсэг авч явах шаардлага гарахгүй. Ер нь хүнд муу зүйл хийхгүй явбал дайсан таарахгүй байлгүй дээ.
-Өөр та ямар хоббитой вэ?
-Ном уншина. Хамгийн сүүлд "Эрх мэдлийн огцом хувирлууд"-ыг уншлаа.
-УИХ-ын гишүүн хүн эрх мэдэлтэй. Албан тушаал тань хувийн эрх мэдэлтэй чинь зөрчилдөх үе байна биз?
-УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогдсон болохоор өөрөөрөө байх эрхгүй л болж байгаа юм. Олон түмний төлөө гэсэн эрхтэй байна гэдэг залуу улс биднийг олон зүйл дээр сайн хүмүүжүүлж байна.
-Хамгийн залуу гишүүн билүү?
-Сүхбаатар, Бямбацогт бид нэг үеийнх.
-Та хэд улс төрд бол яах аргагүй "шинэковууд". Анх ямар байв?
-Олон жил нам, төрийн байгууллагад ажилласан болоод ч тэр үү "хэлд" хурдан орсон.
-Залуучуудын үе ирлээ гэдэг. Харин залуус үүнд хэр бэлтгэлтэй байгаа юм бол?
-Залуучуудад ажиллах шаардлага байна. Манай улс залуусын орон. Гэвч төр нь нийгмийн хүсэл шаардлагаас хоцорчихсон.
-Бухимдсаар байгаад үс цайгаад эрт хөгширлөө?
-Гишүүн болсноос хойш толгойтой үс хэтэрхий хурдан цайгаад байна. Будуулалтай биш дээ.
-Буурал толгойтой явах нь улс төрч хүний нэг имиж биш үү?
-Үгүй ээ. Байгаагаараа л байж байг. Түүнийг өөрчлөх гээд яах юм.
-Та бизнест хэзээнээс орсон бэ?
-1990 оноос зах дээр гутал хувцас гээд бараа ширхэглэж зарж эхэлсэн. Орос, Хятад хоёрын хооронд ганзагын наймаанд унаж, босож олон ч явсан даа. 1990-ээд оны эхэн үед манайхан 30 гаруй жил ажиллаж хураасан мөнгөөрөө өнгөт зурагт авч хүрэхгүй байв. Түүнийг нь би сарын дотор л олдог байсан.Нийгэм тийм л сонин. Том цүнхээл ус руу бүгдийг нь усанд сэлж сур гээд л цүнхээлрүү түлхсэн.
-Анхны наймаа юу байв?
-Таван ширхэг тарваганы арьс, өөдсөн савхин хүрэмтэй орос руу явж байлаа.
-Тухайн үед дээрэм тонуул, луйвар их байсан гэдэг?
-Хүнд үе байсан. Маш олон залуу хойно өнгөрсөн дөө. Надад ч гэсэн бэрхшээл тулгарч л байсан. Өнөөдрийн МонголынОлон ч орон руу наймаа хийсэн дээ.
-Юу ч үгүй болтлоо шатаж байсан биз?
-Хоёр ч удаа халаасаа сэгсэрч байсан. Орост хэдэн өдөн хүрэм аваачаад зарсан чинь сайн борлогддог юм. Тэгэхээр нь байгаа мөнгөөрөө өдөн хүрэм аваад очсон чинь тэр жил Орост дулаан өвөл болж нойтон цас ороод ганц ч төгрөгийн ашиггүй үлдэж байлаа. Энэ мэтээр олон ч удаа шатаж явсан. Залилуулж мэхлүүлсэн удаа олон бий.
-Танд бусдыг ганц нэг удаа хулхидах үе гарна биз дээ?
-Үгүй ээ. Надад тийм юм байхгүй. Миний 18 жилийн зээлийн түүх 100-гаар хэмжигдэх тэрбум болсон. Худал хэлэлгүй хугацаа хоцролгүй төлсөөр ирсэн. Монгол Улсын эрдэнэсийн санд олон тонн алт тушаасан. Ганзагын наймаа хийсэн 100 хүнээс зөв явсан 10 нь л амжилтад хүрсэн байх.
-Монголд анхны алтны компанийг байгуулсан хүн бол та. Алтан эдлэл нэлээдгүй юм бий биз?
-Үнэтэй юм сонирхдоггүй. 10 гаруй жил уул уурхайн компани удирдсан. Надад ганц ч алтан бөгж байхгүй.
-Худлаа байлгүй дээ. Таныг бараг л алтан аягатай байх гэж бодож байсан юм?
-Түүгээр яах юм бэ. Зүгээр л нэг металл шүү дээ. Хүмүүс түүний юунд болдог юм. Би ойлгодоггүй. Алт ухах, ТҮЦ ажиллуулах хоёр адилхан л бизнес. Ямар ч ялгаа байхгүй. Харин алт гээд хошуурч орж ирсэн 100 компанийн 90 нь дампуурчихсан байгаа биз дээ. Нэг хэсэг хүн бүхэн барилгын компани байгуулсан. Өнгөрсөн хоёр жилд 90 хувь нь дампуурахыгхарлаа. Бизнес бол байгаа юмаа л сайн хийх. Гэхдээ зөв хийх хэрэгтэй. Бизнес хийж хуга баяжаад маргааш нь ялтан болоод ачигдаж байхыг харж байгаа биз дээ. Ийм л байна.