УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан "Эдийн засгийн эрх чөлөөний шагнал"-ын эзнээр тодорлоо
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан "Эдийн засгийн эрх чөлөөний шагнал"-ын эзнээр тодорсон байна. Уг шагналыг УИХ-ын 26 гишүүнд байр эзлүүлэн гардуулсан бөгөөд Ц.Баярсайхан эхний зургаад багтажээ.
АНУ-ын ХАҮТ-аас жил бүр Конгрессын гишүүдийг эдийн засаг, бизнесийн холбогдолтой хууль тогтоол гаргахад оролцсон байдлаар зэрэглэж “Spirit of Enterprise” нэртэй өргөмжлөл гардуулдаг уламжлалтай. Ингэхдээ тухайн парламентын чуулганаар хэлэлцэгдсэн улс орны эдийн засаг, бизнесийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх хууль, тогтоолыг хэрхэн дэмжив, ямар хууль тогтоол санаачлав, хувийн хэвшлийн санал бодлыг тэдгээрт хэрхэн тусган хамгаалав гэдгийг онцолдог байна. Энэ нь нэг ёсны Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг хууль тогтоох түвшинд хэрэгжүүлэх нэг бодит хэрэгсэл болж чадсан ажээ.
АНУ-ын Худалдааны Танхимын энэхүү туршлагыг үндэслэн МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдийг УИХ-ын чуулганы хуралдаан тус бүрийн дараа эдийн засаг, бизнесийн холбогдолтой хууль тогтоол батлах, санаачлахад оролцсон байдал, бизнесийнхэн, хувийн хэвшлийн санал бодлыг эдгээр хууль тогтоолд тусгасан байдал, байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлого үйл ажиллагааг дэмжсэн байдал, бизнесийн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцсон байдал зэрэг үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчид, мэргэжлийн экспертүүд, судлаачдын санал, үнэлгээнд үндэслэн зэрэглэж “Эдийн засгийн эрх чөлөөний шагнал” гардуулж байхаар болсон нь энэ ажээ.
УИХ-ын гишүүдийг дараах зэрэглэсэн үзүүлэлтүүдээр шалгаруулжээ:
- Бизнесийн орчинд ээлтэй хууль тогтоомж санаачилсан байдал
- Бизнесийн шинэтгэлийн бодлогыг дэмжиж оролцсон байдал
- Бизнесийнхний санал бодлыг авч холбогдох хууль тогтоолд тусгасан байдал,
- Төр-хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжсэн байдал
- Эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, бизнесийн чиглэлийн аливаа хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад төрийн зохистой оролцоог хангах, зах зээл, хувийн хэвшилд илүү эрх чөлөө, боломж олгох байр суурь баримталсан байдал
- Байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлогын хууль тогтоомж санаачилсан, боловсруулсан, дэмжиж ажилласан байдал
УИХ-ын 2010 оны хаврын чуулганаас 76 гишүүнээс бид 26 гишүүнийг онцлон нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр гишүүд энэхүү чуулганы үеэр бизнес, эдийн засаг холбоотой хууль тогтоол батлах, санаачлахад идэвхитэй ажиллаж хувийн хэвшлийн санал бодлыг илүүтэй хамгаалж дэмжсэн, байгаль орчныг хамгаалах талаар түлхүү анхааран ажилласан хэмээн үзсэн болно. Цаашдаа чуулганы хуралдаан болгоны дараа УИХ-ын гишүүдийг зэрэглэн олон нийт, бизнесийнхэнд сурталчлах бөгөөд ингэснээр манай төрийн түшээдийн эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулахад чиглэгдсэн хууль тогтоол санаачлах идэвхи санаачлага нэмэгдэж хувийн хэвшил, бизнесийнхний санал бодлыг сонсох, тэдний эрх ашгийг хамгаалах талаар тодорхой ахиц гарна гэдэгт итгэлтэй байна.