Ху Жинтао
2010.09.09

Ху Жинтао


1989 он.
Цаст Гималайн Түвд оронд тусгаар тогтнолын төлөөл болсого дэгдэж, аллага хүчирхийллийн талбар болж хувираад гуравхан сарын нүүр үзэж байтал Тань-Ань-Мэний талбайд эрх чөлөөг хүсэгч хэдэн зуун мянган оюутны эсэргүүцлийн жагсаал болж Хятадын төрд аюул нүүрлэж эхлэв. Энэ хэрэг явдлаас хоёр жилийн өмнө буюу 1987 оны ес, аравдугаар сард Түвд хоёр ч удаагийн үймээн самуунд нэрвэгдэж залуухан Ху яаралтай дуудагдан ирчихээд байлаа.

Амьдрал гашуун явдлаар дүүрэн байдаг хойно цусан далайд живсэн Түвд нутаг хөл тавиад удаагүй байсан Ху шашны томоохон зүтгэлтнийг оршуулах хэрэг гарах нь тэр. Буддын шашны нэрт зүтгэлтэн Гомбоцэрэнгийн Х дүрийн Ванчин-Эрдэнэ Чойжижалсан 51 насандаа зуурдаар нас нөгчсөн нь Түвдийн самууныг улам ч хурцатгаж орхижээ. Эрхэм гэгээнтнийг оршуулсны дараа бурханы шашинт оронд дахин бослого дэгдэж, орон даяар хөл хорио тогтоож онц байдал зарлалаа.

Хятадын төр Тань-Ань-Мэний хэрэг явдлыг цэргийн хүчээр “эвтэйхэн” зохицуулсан тул Түвдийн асуудалд л үлдээд байв. Иймд болгоомжтой, чадварлаг, хүний арга эвийг олдог, өндөр боловсролтой хүнийг Түвдэд ажиллуулах нь хамгийн чухал болоод байсан юм. Үнэхээр ч Ху даргаас өөр хүн энэ ажлыг тийм ч амар хийхээргүй байсан.

Нэн түрүүнд Түвдийн хямралыг намжааж, эдийн засгийг нээлттэй болгож, зах зээлийг чөлөөлөн үндэстний боловсон хүчнээр хангагдсан, орчин үеийн улс болгох нөр их ажил Хугийн өмнө тавигдсан билээ. Хугийн улс төрд болгоомжтойгоор давших арга ухаан эндээс л эхэлсэн юм. Өдгөө түүний алхам бүрийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Нэг тэрбум гурван зуун сая хүн амтай, Коммунист намын 66 сая гишүүнтэй, асар уудам нутаг дэвсгэртэй Хятад гүрнийг удирдах хүндтэй үүргийг Ху дарга хүлээн авснаас хойш цөөнгүй шинэчлэлийг эхлүүлжээ.


Коммунист намын даргаар 13 жил ажилласан Зян Зэминь 1992 оны аравдугаар сард шинээр сонгогдон намын ХIV их хурлын индэр дээрээс “Ху Жинтао бол залуу хүн. Өнөө жил 49 настай” гэж танилцуулж байсан. Ийнхүү Зян Зэминь өөрийн залгамжлагчаар Хуг зарласан нь Хятадын ирээдүйн төрд тун нүдээ олсон хэрэг болжээ.

Ху Жинтао 1942 оны 12 дугаар сард Аньхуй мужийн Жи Ми тосгонд Шанхайн цайны наймаачны гэр бүлд төржээ. Хятаддаа “Соёлын тосгон” хэмээн алдаршсан төрсөн энутаг нь түүний хүүхэд насны хүмүүжилд онцгой нөлөөлсөн байна. Мао Цэдун “Соёлын хувьсгал” дэгдэхээс өмнөхөн тэрбээр Хятадын Циньхуа их сургуульд орж, 1959-1964 онд Усан цахилгаан станцын инженер мэргэжлээр суралцаж төгсчээ. Энэ сургуульдаа үргэлжлүүлэн суралцах зуураа Шар мөрний эрэг дээр босгож буй хүчирхэг цахилгаан станцад ажиллаж байв. 18 настайдаа ХКН-ын жинхэнэ гишүүнээр элссэн Ху Жинтао Цинхуа их сургуульд есөн жил суралцаж, эрдмийн зэрэг горилоод Ази тивдээ хамгийн нүсэр байгууламжид тооцогддог Ганьсу мужийн дорнод эрэг дэх Люзягийн Усан цахилгаан станцад инженер техникиыйн ажилтнаар оржээ. Мао Цэдуний онол, сургаал орон даяар түгж, 1966-1976 онд “Соёлын хувсгал” өрнөсөн тэр жилүүдэд Ху усны эрчим хүчний яамны инженерийн дөрөвдүгээр газрын 813 дугаар салбарын нарийн бичгийн даргаар ажиллан, соёлыг нэвтрүүлэх их ажилд ханцуй шамлан зүтгэж байлаа. Ху Жинтаогийн улс төрийн амьдралыг анхны гараа эндээс эхлэлтэй.

Коммунист намын албан ёсны төлөөлөгч Сонг Пинг түүнийг Бээжинд аваачиж, намын Залуучуудын холбооны ажлыг давхар хариуцуулах болж. Ху хожим нь “Усан цахилгаан станцын хүн хэцүү ажил, намайг шаргуу тэвчээртэй, эцсийн үр дүнг нь үзэхээс нааш санааг минь амраадаггүй болгосон” хэмээн Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө ярьж байжээ. Соёлын хувсгалын ширүүн давалгаат үеийн Хятад орны байдал нэн ээдрээтэй байв. Мао Цэдуны албан ёсны залгамжлагч гэгдэж байсан Линь Бао төрийн эргэлт хийхийг санаархаж байгаад Монголын нутагт амиа алдсан, Түвдэд бослого дэгдсэн, Ерөнхий сайд Жоу Эньлай тэнгэрт хальсан, маршал Жү Дэ учир битүүлгээр үхсэн, Таньшаньд газар хөдөлж, 200 мянга гаруй хүн амь үрэгдсэн зэрэг хэрэг явдлууд ар араасаа хөврөн гарч улс орныг багагүй туйлдуулав.


Таншаний газар хөдлөлтийн гамшгийг арилгах, сэргээн босгох, хүмүүсийн эрүү мэндэд анхаарах ажилд Ху Жинтао томилогдож, Ганьсу мужаас барилгын тусгай анги гарган ажиллуулсан гэдэг. Ганьсу муж Ху Жинтаогийн амьдралтай салшгүй холбоотой. Тэрбээр 1981 онд Хятадын коммунист намын сургуульд нэг жил суралцаад Ганьсу муждаа Намын хорооны даргын албыг хаших болов. Удалгүй 39 нас хүрч, 1982 оны есдүгээр сард болсон намын ХII их хурлаар Төв хорооны орлогч гишүүнээр сонгогджээ. Коммунист намын удирдлагыг өндөр боловсролтой, үндэсрхэг үзэлтэй залуусаар “сэлбэх” бодлого ид өрнөсөн энэ үед Ху Жинтао Жуннанхай хэмээх Хятадын дээдсүүдийн ордонд зочлон Дэн Сяопинтэй уулзан ярилцдаг болжээ. Тэр үед намын төв хороонд ажиллаж байсан нэгэн албан тушаалтан “Ху дарга Төв хороон дотроо хамгийн залуу нь байсан төдийгүй төрийн өндөрлөгүүдтэй богино хугацаанд дотносож, тун ирээдүйтэй хүн” хэмээн үнэлэгддэг байсныг “Нью-Йорк таймс” сонинд дурдсан байдаг. Хугийн улс төрийн замнал үнэхээр ч өрнүүн өнгөрчээ.

Ганьсуд гуравхан сар ажиллаад ХКЗЭ-ийн Төв хороо болон Байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн даргын албыг хавсран гүйцэтгэж эхлэв. Түүний албан тушаалын эрчимтэй өсөлтийг Хятадын хэвлэлүүд дуу дуугаа аван бичиж, ажлын хатуу шаардлагатай, эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй, “Хятадын түүхэн удирдагчдын нэг болох хүн” хэмээн шуугицгааж байсан. Одоо ч түүний тухай “Гурван толгой, зургаан гартай хүн” гэлцэж, ажиллах чадварыг нь гайхаж биширч байна. “Хятад орны өөдлөн дэвжих нь хэмнэлтээс ихээхэн шалтгаална. Иймд хэт үрэлгэн зан их гүрнийг задлах аюултай.Дэлхийд манлайлагч эдийн засагтай улс байхын тулд цаг хугацаа, мөнгө хөрөнгөө хэмнэж, шаргуу түргэн ажиллах хэрэгтэй” хэмээн Ху үг хэлэх бүртээ онцлон дурддаг. Энэ бол өөрийн болоод өрөөлийн мөрдөх ёстой зарчим нь ажээ. Ху Жинтао гадаад төрх байдалдаа ихээхэн анхаардаг, уран зохиолын ном унших дуртай, дуулж бүжиглэх гаргуун авьяастай нэгэн. Тэрбээр танго бүжгийг мэргэжлийн бүжигчин шиг уран чадварлаг хийдэг, гольф бөмбөг тоглож, үзэсгэлэнт сайхан байгалиар аялж, түүхийн холбогдолтой ховор нандин эд зүйлс цуглуулах дуртай. Бусадтай илэн далангүй ярилцаж, санаа бодлыг нь сонсохыг илүүд үздэг. Цаг хугацаа бол түүний хувьд алтнаас ч үнэтэй.

Алив зүйлд цаг алдахыг хүсдэггүй. Иймдээ ч намын төв хорооны нарийн бичгийн дарга болон төв хороонд ажиллаж эхлэх үеэсээ ная гаруй хот тосгодоор явж, Хятадын ард түмний ёс заншил, амьдрал ахуйтай танилцаж, эх орноо тархиндаа “шингээсэн” гэдэг. 1992 онд Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын даргаар ажиллахдаа ард иргэдийн боловсролд маш их анхаарч байв. Энэ нь ч түүний “Боловсролыг хэдий чинээ шүтнэ, төдий чинээ Хятад өсөн дэвжинэ” гэсэн үгээс тодхон харагдаж байна.


Ялангуяа хувийн өмчийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байсан нь саяхан биеллээ оллоо. Өнөөгийн үсрэнгүй хөгжиж буй Хятад улс үй олон хөрөнгөтөнтэй байсан хэдий ч үнэн хэрэгтээ хуулиар зөвшөөрөгдөж өгөхгүй байсан билээ. Ху Жинтаогийн шинэчлэлийн нэг том алхам нь энэ болсон төдийгүй цаашдаа 2007 онд болох намын 17 дугаар их хурлыг амжилттай давахын тулд бүх хүчээ дайчилж байна. Түүний алабн тушаалын дэвших зам олон ярвигтай бэрхшээлүүдтэй тулгардаг байсан. 1998 онд Зян Зяминий орлогч болж, Хятадын дөрөвдэх үеийн гол хүнээр тодорсон Хуг 2003 оны гуравдугаар сард БНХАУ-ын даргаар сонгогдоход SARS гээч гайт өвчин асар хурдацтайгаар тархаж, нийгэмд айдс төрүүлсэн билээ.
Гэвч дөрөвдэх үеийнхэн шаламгайлан ажилласны дүнд аймшигт өвчнийг дарж чадсан. Аугаа их залуурч Мал Цэдун өөрөө удирдагч нь байсан “хуучин хувьсгалчид” нэг дэх үеийнхэн, “Шинэтгэлийн эцэг” Дэн Сяопины үе хоёр дахь, Зян Зэминий үеийнхэн гурав дахь нь байсан. Тэгвэл дөрөв дэх үеийн удирдагч Ху Жинтаогийн байр суурийг өөрийн нэр хүндээр бэхжүүлэхийн тулд Зян Зэминь зарим албан тушаал, тухайлбал цэргийн төв зөвлөлийн даргын тушаалдаа үлдэж, энэ үүргээ гүйцэтгэж байлаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.