Г.Баярсайхан: Би Ард Аюушийн удмын Хөх овгийн хүн
2010.08.01

Г.Баярсайхан: Би Ард Аюушийн удмын Хөх овгийн хүн


Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Г. Баярсайханыг урьж,  улс төржөөгүй яриа өрнүүллээ.

-Чуулган завсарлаад удаагүй байна. Гишүүд хөдөө гадаа явж, энд тэндхийн найр, наадамд оролцоод завгүй харагдах юм. Таны хувьд хаагуур амарч байна вэ?
-Амралт гэхэд ч хаашаа юм. Ерөнхийдөө чуулган завсарласнаас хойш хөдөө гадаа яваагүй ээ. Угаасаа манай тойрог хотынх. Тойргийнхондоо зориулж Эрүү, нүүрний  үндэсний төвийг Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байгуулах гээд ойрдоо хамаг анхаарлаа тийш нь хандуулж байна даа. Харин наадмаар баяр наадмын нээлтэд оролцож, бөхөө үзэж л өнгөрөөсөн.Энэ жилийн наадам урьд урьдынхаас сайхан боллоо. Цаанаа л нэг сэтгэл огшоод байсан шүү.

-Наадам гэснээс таныг уяач гишүүдийн араас орсон гэж дуулсан.Энэ жил хурдан буяныхаа тоосыг өргөсөн гэв үү?

-Ёстой санаандгүй юм болсон л доо. Миний уяач болно гэж юу байх вэ.Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг юм болох байлгүй. Гэхдээ монгол хүн байна морио дээдэлж, хүндэлж явдаг. Энэ жилийн хувьд найзын маань бэлэглэсэн соёолон улсад анх удаа уралдаад 26-д орж ирлээ. Гурван зуу гаруй соёолон уралдахад ингэж хурдална гэдэг миний хувьд үнэхээр баярлууштай зүйл болсон. Наддаа л том амжилт. Баярласан ч гэж жигтэйхэн. Уяач найз маань миний нэр дээр уралдуулчихсан юм л даа. Ер нь манай найзуудын бэлэглэсэн нэг бус даага бий.

-Та өөрийнхөө нэр дээр морь уралдах гэж байгааг  мэдээгүй байсан юм уу?

-Мэдэлгүй яах вэ. Өнгөрсөн өвөлжингөө өвс, тэжээлийг нь зөөж гүйсэн л дээ. Найз маань  даага дагуулж, хийморь бэлэглэж байхад эр хүн байна даа өвс тэжээлийг нь ч болов дөхүүлж өгье гэж бодсон юм. Түүнээс биш наадамд уралдуулах гэж бэлдсэндээ ч  бус. Хамгийн гол нь ингэж хурдална гэж бодоогүй. Гэхдээ энэ бол сайн уяач найзын маань л хүч. Тийм биз дээ. Үнэндээ хотод төрж өссөн над шиг хүн морь шинжиж, таних тал дээр маруухан шүү дээ.

-Та ч тэгвэл хурдан морь руу тууштай орж байгаа юм байна даа?

-Тэр нь ч юу юм. Уяж, сойж чадахгүй ч гэсэн сонирхох хэмжээнд бол очсон байх аа.

-Саяхан болсон зүүн бүсийн даншиг наадамд  даагаа уралдуулах гэж байгаа. Ер нь наадам алгасахгүй гэж ярьсан сураг байсан. Хэнтийд уралдуулав уу?

-Манай уяачид авч явж уралдуулсан байх. Би ерөнхийдөө найр, наадамд сүжирдэггүй. Найзууд энд, тэнд уралдуулах эсэхийг нь шийднэ. 

-Бага насаа дахин дурсахгүй юу. Хаана төрж, өссөн бэ?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Нохой жилтэй. Намайг бага байх үе буюу 70-аад оны сүүл, 80-аад оны эхэн үеийг одоогийнхтой харьцуулахад улсын  нийслэл шиг байсан гэдгийг дурьдмаар байна. Гудамж талбай ногоороод л. Одоо ч нүдэнд харагдаж байна. Цэцэрлэг, зүлгээ хүн бүр  арчлаад бүх юм зураг төлөвлөгөөнийхөө дагуу явдаг байж дээ. Тэр тусмаа миний бага  нас ногоон байгууламж, ногоон орчинд өнгөрсөн. Харамсалтай нь одоо дурсахаас өөр юм үлдсэнгүй. Өнөөдөр би үзүүлэх юмгүй сууж байна. Одоо тэр модод алга болж, бүгдийг нь засч байна гээд огтлоод дуусгачихаж дээ. Тухайн үед Туул гол ямар байсныг хүн бүхэн санаж байгаа. Одоо ямар байна. Намайг бага байхад тороор загас шүүрдэг байсан гээд бод доо. Наяад оны миний үеийн хүүхдүүд бүгд заавал нэг юм сонирхдог,судалдаг  байсан.Манай найзууд спорт их сонирхдог. Харин би гэрэл зураг авах, зургийн аппарат болон марк цуглуулдаг хүүхэд байсан. Техник бас их сонирхоно. Хажуугаар нь шувуу, загас, яст мэлхий, нохой тэжээдэг байсан. Мөн тухайн үеийн хүүхдүүдтэй адилхан хоёр зуун хорин мянгатынхантай манай 19, комбинатын  хүүхдүүд Дунд голын хоёр талаас чулуугаар их байлддаг байлаа. Тэдэн дунд ч гүйж л явдаг байлаа. Миний бага нас гэр бүлийн хүрээнд яривал  аав маань хөрс судлаач, байгалийн шинжлэх  ухааны хүн болохоор номон дунд өнгөрсөн гэж болно. Манай нэг өрөө бараг номын сан шиг байлаа. Одоо манайд хадгалагдаж үлдсэн гол зүйл гэвэл төрөл бүрийн ном байна. Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуульд есдүгээр анги хүртлээ орос багш нараар хичээл заалгадаг байсан. Тийм болохоор унаган орос хэлтэй. Манай аав тухайн үеийн нийгмийн шаардлагаар Халх голын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллахаар нутаг заагдаж явсан.Тэгээд манайх гэр бүлээрээ Дорнод руу нүүж байлаа.Тэндээ амьдарч 10-р ангиа төгсөөд хотод Анагаахын дээд сургуульд ирж сурсан даа.Тухайн үед бүх мэдээллийг орос хэлээр авдаг байлаа.

-Ном гэснээс одоо ч нэг үеэ бодоход ном ихээр хэвлэгдэж байна. Нэг хэсэг ерээд оны дундуур  уншдаг ч хүн байхгүй, хэвлүүлээд ч худалдаж авдаг хүн байхгүй  хэцүү үе байсан.Та хамгийн сүүлд ямар ном уншив?

-Би хамгийн сүүлд их сонин ном  уншсан. Оросын нэг том дипломатч хүний бичсэн “Миний найзууд диктаторууд” нэртэй Чаушеску, Ким Ир Сен, Милошевич нарын тухай маш сонирхолтой ном уншлаа. Диктатур гэж юу юм, яагаад ардчиллаас айж зугтаагаад байсан юм гэдгийг тодорхой дурьдсан байна лээ. Мөн Маргерет Тэтчерийн “Төмөр Хатагтай- төрийг удирдах урлаг” хэмээх ном байна. Маргарет  өөрөө технократ үзэлтэй, юмыг далайцтай сэтгэдэг учраас их гоё ном байсан. Саяхан Монголд доктор З.Бжезжинский ирсэн. Энэ хүн бол коммунизмыг нураахад асар том хүчин зүтгэл гаргасан. Өөрөө улс төрд анх  орж байхдаа  20 жилийн дараа коммунизм нуран унана гэж хэлж байсан юм билээ. АНУ-ын коммунизмын эсрэг бодлогыг тодорхойлж, үр дүнд хүргэсэн, АНУ-ын хоёр ч Ерөнхийлөгчийн зөвлөх байсан. Түүний талаар надад хоёр, гурван ном бий. Тэндээс түүнийг судалж үзэж байна. З.Бжезжинскийн улс төрийн үзэл бодлыг харж байхад товч тодорхой,суурь илэрхийлж байдаг их тунгалаг юм билээ. Сая Монголд лекц тавьж байхдаа дэлхий нийт Монголын түүхийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлсэн нь сайхан сонсогдож байсан шүү.

-Ангийнхаа гишүүдээс хэнтэй нь илүү дотно вэ?

-Ер нь бол түүхийг харахад залуучууд түүхийг хөдөлгөгч хүч байдаг. Энэ утгаараа ардчилсан хувьсгалыг манай өнөөдрийн лидерүүд залуугаараа эхлүүлсэн шүү дээ.  УИХ-д бол аль ч намынх гэлгүйгээр залуу гишүүд хоорондоо их нээлттэй, чөлөөтэй байдаг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг бол. Дандаа л ном уншаад суугаад байдаггүй байх гэж бодож байна?

-Манай гишүүдэд чөлөөт цаг хомс байдаг юм. Ялангуяа уул уурхайн том  төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Бид их бүтээн байгуулалтын өмнө тулж ирээд байна .Тийм ч утгаараа манай гишүүд их завгүй байдаг. Би ч гэсэн энэ намар  Чингэлтэй дүүрэгт Эрүү, нүүрний үндэсний төвийг  байгуулах гэж байгаа талаар сая ярьсан. Гадна, дотны эрдэмтэн багш нар ирж хамтарч ажиллана. Түрүүнд хэлсэн “Манай найзууд надаас бусад нь спортлог” гэж. Би бол спортоор хичээллэхээс илүү хөдөлгөөнтэй. Багаасаа дугуй их унадаг байсан.Долоон хоногийн нэг өдөр гэр бүлээрээ салхинд заавал гардаг. Хүн хэчнээн ажилтай байсан ч гэр бүлдээ цаг зав гаргах ёстой гэж боддог.

-Гэр бүлээрээ салхинд хаашаа гардаг вэ. Хотоос гараад салхилчихмаар сайхан газар ховор болсон шүү дээ?

-Ер нь би байгальд элэгтэй хүн. Манай аавынх Бэлхэд байдаг. Хааяа аавындаа очиж өөрийнхөө гараар хашаанд нь анх тарьж байсан хэдэн модоо эргэдэг. Арчлаад зогсч байх үнэхээр гоё амралт болдог юм. Ерөнхийдөө зав л гарвал хотоос гарахыг боддог.Эрүүл агаарт сайхан шүү дээ. Сүүлийн жилүүдэд манайхан байгалиа дэндүү сүйтгэсэн ч гэсэн одоо эргээд хамгаалах ёстой юм байна гэдэг сэтгэлтэй болсон гэж боддог. Нэг үеэ бодвол хүн амарч, алжаалаа тайлах газрууд олон болсон гэж боддог. Өвөл би харзны усанд ордог. Харзны ус хүний дархлааны системийг цочроож өгдөг юм л даа.

-Өө тийм үү. Олон жил орж байна уу?

-Өнгөрсөн өвлөөс орж эхэлсэн. Ханиад, хатгаа авна гэж байхгүй. Ер нь бие эрүүлжээд сайхан болдог. Энэ бол өөрөө том шинжлэх ухаан юм билээ. Оросуудын амьдралынх нэг хэсэг шүү дээ. Манайд ч ялгаагүй сүүлийн үед олон хүн энэ спортоор өвөлдөө хичээллэдэг болсон.

-Гишүүдээс хамт харзны усанд ордог хүн бий юү?

-Байгаа. Гэхдээ яг хамт ордог гэхэд хаашаа юм. Ямар ч гэсэн УИХ-ын дэд дарга Г.Батхүү  Д.Тэрбишдагва зэрэг гишүүд харзны усанд ордог.

-Сүүлийн үеийн хэв маяг юм уу даа. Ан авд явж амрахын хажуугаар бэл бэнчингээ гайхуулдаг жишиг бараг тогтжээ. Та анд хэр хорхойтой вэ?

-Ан  авд сайнгүй.   Хүмүүсийг хараад байхад сүүлийн үед нийгэм нь өөрчлөгдөөд ажлын ачааллаа даган харин ч эсрэгээрээ болсон юм биш үү. Анд дуртай найзууд маань одоо өөр зүйл сонирхдог болсон гэж ярьдаг. Тэр өөр зүйл нь юу вэ гэхээр загас барих юм билээ. Эндээс хүмүүсийн сэтгэхүйд хүртэл  өөрчлөлт орж байна гэж бодсон.  

-Гэхдээ эр хүн байна даа хийморь дагуулдаг гэдэг утгаараа буутай биз дээ?

-Миний хувьд анх наймаа хийж хэдэн бор юмтай болоод “Супер УАЗ-469” машин авч байлаа. Бас нэг өрөө байртай догь эр ээ. Дараа нь манай найзууд буу авсан энэ, тэр гээд намайг уруу татах гэж үзнэ. Харин би яагаад ч юм өнөөдрийг хүртэл буу  аваагүй. Яах юм, надад хэрэггүй юм чинь. Аав маань намайг бага байхад орос эрдэмтэн, судлаач нартай хамт судалгаа шинжилгээнд хөдөөгүүр дагуулж их явдаг байсан.Өнөөх оросууд нь том, том буутай явдаг  байсан ч ан агнаж байхыг нь би огт харж байгаагүй. Би хөзөр ч тоглож мэдэхгүй. Бага байхдаа зусланд ганц нэг тоглож байсан санагдаж байна. Мэдээж сүүлийн үеийн хобби гэвэл ном судар, минерал чулуу цуглуулж байгаа.

-Хөзөр гэснээс Г.Баярсайхан гишүүн Өмнөд Солонгост очиж,  казино тоглодог сураг сонсогдсон. Тэгэхээр худлаа юм уу?

-Ер нь улс төрд андууд байдаг, бас дайснууд ч бий. Улс төрд ороод их доромжлуулж, гүтгүүлсэн дээ. Намайг хараад барын зулзагыг бага дээр нь дарж авъя гэж боддог юм байлгүй. Мөрийтэй тоглоом энэ тэртэй холбож ярьдаг байсан.Одоо харин больчихож. Угаасаа худлаа болохоор аргагүй шүү дээ. Би сая хэлсэн “Хөзөр, янз бүрийн мөрийтэй тоглоом мэдэхгүй, сонирхдог ч үгүй” гэж.

-Таныг гэрэл зураг их сонирхдог, чамгүй үнэтэй, сайн аппараттай гэж ярьдаг юм билээ. Хэдийнээс зураг авч эхлэв?

-Гэрэл зураг сонирхоод олон жил болж байна. Зураг дарах ч сайхан шүү дээ. Анх ”Смена” гэж хальсны аппаратаар зураг авч сурч байлаа. Дараа нь “Зенит”-тэй болсон. Үнэхээр сайн аппарат шүү. Тэгээд баахан хар, цагаан зураг аваад шөнөжингөө угаана.Хальсаа боловсруулна. Нэг, хоёрдугаар хоронд оруулна. Одоо бодож байхад үнэхээр кайф авдаг байж дээ. Гэтэл одоо дижитал хэлбэр рүү шилжээд улам боловсронгуй болж байна. Хамгийн сүүлийн үеийн мэргэжлийн аппарат гэхэд пиксел нь 50 гарчихсан байна. Манай Г.Батхүү дарга гэхэд л сүүлийн үеийн гоё аппараттай юм билээ.Минийх тийм үнэтэй, мундаг биш ч гэсэн наддаа л болоод байдаг юм.

-Мэдээж улс төрд ороход мөнгөтэй байх ёстой гэдэг бичигдээгүй хууль бий. Таны хувьд анх яаж мөнгөжсөн бэ. энэ асуудал нууц биш байх гэж бодож байна?

-Би багаасаа биеэ даасан хүн. Ер нь өнөөдөр улс төрийг анзаарч байхад бохир мөнгөөр санхүүждэг улстөрчид мэр сэр байгаа. Энэ бол нууц биш. Би бол бие даагаад өөрийнхөөрөө явж байна гэх үү дээ. Улс төрд мөнгө гэдэг нэг номерын асуудал биш ээ. Миний бизнес гэвэл  90-ээд оны эхээр хүн бүхэн л наймаа хийж эхэлсэн, тэр жишгийн дагуу 10-р ангиа төгсөөд урагшаа, хойшоо явж наймаа хийдэг байсан. Сүүлдээ оюуны салбарыг дагнах болсон. Байгаль орчны холбогдолтой төслүүд хэрэгжүүлдэг болсон.

-Одоо компанийг тань хэн хариуцдаг вэ. Гэр бүлийн хүн тань уу?

-Компаниа эгчдээ шилжүүлсэн. Манай гэр бүлийн хүнийг Б.Эрдэнэ­цэцэг гэдэг. Эхнэр маань гэр бүлийн бизнес эрхэлж байгаа. Нүдний мэс заслын эмч мэргэжилтэй хүн л дээ. Манай доод  курст сурч байсан юм. Бид нэг хүүтэй. Хүү маань энэ жил наймдугаар анги.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Гурван эгчтэй. Айлын ганц хүү. Миний бага эгч Япон улсад эрүү, нүүрний мэс заслын мэргэжлээр докторын зэрэг хамгаалаад ирсэн.Том эгч нар маань хувиараа бизнес эрхэлдэг.

-Мэдээж хувь, хувьсгалын ажлаар олон орноор явсан биз?

-Ер нь олон оронд очиж байсан. Гэхдээ Амайг яаж гүйцэх вэ. Удахгүй наймдугаар сарын дун­дуур УИХ-ын дэд даргатай хамт Өмнөд Солонгос руу явна. Дараа нь Япон явна. Сүүлийн жилүүдэд манайхан гадагшаа их явж байгаа нь нэг талаараа сайн боловч нөгөө талаар сөрөг талтай. Болохгүй нь юу вэ гэхээр Монголын элит, боловсрол  мэргэжилтэй сэхээтнүүд маань олноороо гадагшаа гараад явчихлаа. Энэ нь нөгөө яриад байдаг “Утечка мозгов” гэдэг нь бий болоод байна. Ер нь монгол хүн гадагшаа гарч амьдрахаас эх орондоо амьдарвал нийгэм, эдийн засгийн талаасаа илүү ашигтай юм байна гэсэн орчныг яаралтай бий болгомоор байна, болно ч гэж бодож байна.

-Хөлбөмбөгийн дэлхийн авар­га шалгаруулах тэмцээнийг сонирхож үзсэн байх. Аль багийг балиашиглав даа.  Лав л нэг удаа “АПУ”-ийн асарт сууж байгаа харагдсан?

-Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бусдын адил ажлынхаа зав зайгаар шимтэж үзсэн. Бразил, Германы багийг дэмжиж байсан. Хэдийгээр дэмжиж байсан баг маань хожигдсон ч гэсэн энэ удаагийн аварга багт сэтгэл хангалуун үлдсэн. Нэг орой “АПУ”-ийн асарт манай гишүүд бөөнөөрөө сууж хөлбөмбөг үзсэн. Тэгэхэд та  намайг харж л дээ.

-УИХ-ын бүрэн эрхийн хуга­цааны хоёр жил өнгөрлөө. Үлдэж байгаа хугацаа ч ялгаагүй хурдан өнгөрөх байх даа гэж адгадаг уу?

-Би төлөвлөгөөнийхөө дагуу      явж байгаа. Үлдсэн хоёр жилийн хугацаанд хийхээр тө­лөвлөсөн зүйл байгаа. Түүнийгээ хийж, хэрэгжүүлж амжина гэж бодож байна.

-Та 70 мянгаа авсан уу?

-Манай гэр бүлийн хүн авчихсан байна лээ. Би төрөө дээдэлдэг. Төрийн минь хишиг гээд авч байгаа л даа. Гэхдээ бэлэн мөнгө, чихэр тарааж өгч байна гэдэг бол оюуны чадамжийг мөхөөж байна гэсэн үг. Уг нь тийм ч сайн зүйл биш юм.

-Шар айрагт хэр вэ. Залуу хүн байна, хааяа шоудна  биз?

-Пивонд маруухан даа.Улстөрч хүн шоудна гэж ярих хэр оновчтой байхыг мэдэхгүй байна. Хааяа багын найзуудтайгаа нийлж ганц, хоёр пиво уулгүй яах вэ. Би чинь эрийн хугархай шүү дээ.

-Айраг сайн уух уу?

-Ууна аа. Энэ жил наадмаар жаахан уусан.

-Танай тойрог хотод ч гэсэн зундаа хөдөөгүүр явдаг биз дээ.Таныг Ард Аюушийн удмын хүн гэж сонссон юм байна?

-Би  Дорнодод 10-р ангиа дүүр­гэсэн болохоор тэнд байгаа манай найзууд “Чи  Дор­нодынх шүү” гэдэг л дээ. Аав, ээжийгээ дагах юм бол би баруун талаас гаралтай. Аав маань Ховд аймгийн Манхан сумынх. Манайхан Хөх гэсэн овог­той. Үүнийг нарийн  хөөх юм бол Ард Аюушийн удмынх. Яагаав кинон дээр Ард Аюушийг “Энэ муу хөх нохойг..” гэж гардаг даа. Бас миний өвөг эцэг санваартан хүн байсан.

-Шашин шүтлэгийн тал дээр хэр вэ. Танай удамд санваартан хүн байсан гэхээр хоосонгүй юм болов уу гэж бодоод л...?

-Би бөө ч гэдэггүй, шарын шашин ч гэдэггүй. Гэхдээ сүсэг бишрэл байлгүй яах вэ. Манайхан хэт их туйлшраад байх шиг санагддаг юм. Зүгээр ажлаа хийж байсан хүн гэнэт бөө болчих жишээтэй. Аливаа юманд жаахан хэмжээ хязгаар байх ёстой гэж боддог. Гандан хийдийн лам нар гэхэд хашааныхаа эргэн тойрны хогоо ядаж цэвэрлээд хэвшчих хэрэгтэй болов уу. Орчин нь сайхан байхад юунд сүсэглэж залбирч байгаагаа хүн сэтгэл ханамжийн талаасаа илүү мэдэрнэ биз дээ. Зөв үү. Нэг ёсны энэ олон бөө төрж байгаа нь төрийн буруу бодлогын гай гэж боддог. Манай гишүүд дунд ч бөөгийн угшилтай хүн нэг, хоёроор тогтохгүй байдаг.

-Танайх энэ байранд хэзээ орсон бэ. Орчных нь тохижилт их сайхан юм?

-Бараг зургаан жил болж байна. Анх ашиглалтад ороход нь л нүүж ирсэн. Орчин, тохижилт, мод, сөөг ногоо ихтэй сайхан байгаа биз. Нэг зүйл сонирхуулахад, манай энэ хотхоноос өнгөрсөн сонгуульд 12 хүн нэр дэвшсэн байдаг юм билээ. Тэднээс зургаа нь сонгогдсон. Манайхтай Л.Гансүх гишүү­нийх хөрш. Д.Зоригт сайдынх энэ хажууд, хотын орлогч дарга Да.Ганболдынх урд талын байранд байдаг. Энэ мэтчилэн улстөрчдийнх олон бий. Тэгсэн мөртлөө хоорондоо бараг тааралддаггүй, ажил ихтэй л биз. Энд, тэндхийн хурал, зөвлөгөөн дээр л хааяа тааралдана.

Н.МӨНХТӨВШИН

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.