2010.06.26

Ч.Улаан: Малгайгаа авч шидчихээд, нүдний шилтэйгээ үсэрчихсэн

Сэлэнгэ аймгийн Ерөө голд нэг гэр бүлийн дөрвөн хүн  усанд живж амь насаа алдах шахжээ. Хүүхдийн баярын тэр өдөр  голын эрэг дээр олон хүн амарч, сэрүүсэж байсан ч тэдэнд туслах хэмжээний “ус мэддэг” хүн байгаагүй бололтой. Харин УИХ-ын гишүүн, Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Ч.Улаан зам зуур тэнд саатаж таарч. Аврал эрсэн хүүхдүүдийн дуу, үймсэн олны дундуур усч гишүүн  Ерөө гол руу үсэрч оржээ. Сандарсандаа малгайгаа авч шидчихээд, нүдний шилтэйгээ харайчихаж.

Хүний амь аварсан гавьяатай Улаан гишүүний тухай “Өнөөдөр”-т анх мэдээлсэн. Гишүүн сонин харж амжилгүй бүлгийнхээ хуралд яваад очтол ангийнхан нь түүгээр бахархаж, баяр хүргэсэн гэнэ. Төсвийн орлого, зарлагыг тооцож санал, дүгнэлт боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар АН-ын бүлэгт мэдээлэл хийхэд нь гавьяатай андаараа тэд бахархаж буйгаа мөн илэрхийлжээ.  Эрдэнэт хүмүүний амь аварч, Парламентын нэр хүндийг өргөсөн хүнд Төрийн тэргүүн “Шударга журам” хүртээх ёстой гэсэн бодолтой гишүүдтэй ч таарав. Эрхэм гишүүн Ч.Улаантай болсон явдлын тухай хийгээд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх талаар нь ярилцлаа.

-Таныг мундаг усч гэдгийг олон хүн мэддэггүй бололтой. Үнэхээр бахархмаар гавьяа байгуулжээ. Тэнд яг юу болсныг ярьж өгөх үү?

-Их халуун өдөр байсан учир  Ерөө голын хөвөөнд олон хүн амарч байв. Бидний очсон газар голын эргэлдсэн их устай хэсэг таарсан. Би голын захын усанд сэрүүчихээд амарч байтал хүмүүс орилолдоод, хүүхэд болохоо болилоо, живлээ гээд  л явчихсан. Гүйгээд очтол үймэж, сандралдсан хүмүүс урт мод хайгаад  давхиад байсан. Голын тохойд, эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд ил нэг гарч, далд нэг ороод  живж байсан. Шигүү бургастай учир цаг алдахгүй нь тулд дээгүүр нь үсэрч гол руу орохоос  өөр арга олдоогүй. Эрэгтэй хүүхдийг нь аваад буцтал цаана нь бас нэг хүүхэд сарвалзахаар нь  эргэж хоёуланг нь сугандаа хавчаад гарсан. Гэтэл ахиад нэг хүүхэд үлдсэн гэж хүмүүс хэлэхээр нь эргэж орсон.
Тэд аавтайгаа усанд орж байсан юм билээ. Хүүхдүүд нь живэх үеэр аав нь шоконд ороод бас усанд уначихсан байсан. Түүнийг бас уснаас гаргасан.  Би ч тухайн үед их сандарсан. Ус руу яаж орсноо ч мэдэхгүй. Малгайгаа авч шидчихээд, нүдний шилтэйгээ л үсэрчихсэн байна лээ. Иргэний үүргээ биелүүлчихлээ гэж бодож байгаа шүү дээ.  Сүр болгоод хэрэг байна уу. Уг нь тэр хүмүүст, энэ тухай олонд яриад хэрэггүй гэсэн л дээ.

-Ойр хавьд хэр олон хүн байв?

-Халуун байсан учраас  усанд сэрүүцэх гэсэн олон хүн байсан. Ихэнх нь сэлж чаддаггүй хүн байсан бололтой. Надаас өөр хүн ус рүү гүн ороогүй байх аа.

-Аварсан хүмүүс тайвширсан хойноо л таныг таньсан байх. Сэтгэгдлээ ямар байдлаар илэрхийлэв.

-Их  баярлаж байна лээ. Арга ч үгүй байх л даа. Гэр бүлийн хүмүүс юм билээ. Нөхөр, хүүхдүүд нь усанд орчихсон. Авгай нь л сандраад гүйгээд байсан.  Нэг хэсэг гэнэтийн цочирдлоос гараагүй ээ. Нэлээд тайвширсаны дараа хамтдаа зургаа авахуулсан.  Бага нь сүүлд надад дээр ирчихээд л уйлаад байсан, хөөрхий.  Хоёр охин нь нугардаг, их авьяастай гэсэн.

-Голын хэсэг ямархуу байсан бэ?

-Загасчилдаг голын тохойд гүнзгий ус тогтчихдог юм. Хэрвээ ширүүн урсгал руу орчихсон бол хэцүү. Аль нэгийг нь аврах байсан байх. Их өндөр эрэгтэй учраас биднийг хүмүүс татаж гаргасан.

-Өмнө нь  амь сөрсөн ийм зүйлтэй таарч байв уу?

-Анх удаа л таарлаа. Болгоомжтой байхгүй бол гал, усны аюул хэцүү шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.