2010.06.08

Ч.Улаан: Хоёр хүүхдийг эрэг дээр гаргатал

УИХ-ын гишүүн Ч.Улаан хүний амь аварсан тухай мэдээлэл өчигдрийн таатай мэдээ байлаа. Ингээд түүнтэй уулзлаа.

-Таныг тийм мундаг сэлдэг гэж бодоогүй юм байна. Болсон үйл явдлын талаар сонирхож явна?

-Надтай биш, тэр хүмүүстэй уулзах хэрэгтэй юм биш үү.

-Та сайхан үйл хийсэн байна шүү дээ. Тийм болохоор тантай бас уулзъя гэж бодлоо. Нөгөө хүмүүстэй нь уулзана аа.

-Зургадугаар сарын нэгний өдөр би Сэлэнгэ явсан юм. Замаараа Ээж хайрханд мөргөөд буцаж явсан юм. Халуун өдөр байсан учир Ерөө голын хөвөен дээр түр үдэллээ. Хажуугаар зөндөө улсууд байсан л даа. Бидний очсон газар бол усанд сэлэхийн аргагүй Ерөө голын яг эргэлтийн хэсэг. Их халуун өдөр байсан болохоор би захад нь орж сэрүүцчихээд байж байтал тэнд байгаа улсууд бахиралдаад явчихсан. Тэгээд л очсон чинь баахан улс тал талаас нь хараад "Урт мод олъё, урт мод олъё" гээд гүйлдээд байсан. Яах аргагүй голын тохойд хоёр хүн байсан. Нэг жаахан эрэгтэй хүүхэд далд ороод л, ил гараад л байсан. Цаана нь дахиад нэг эмэгтэй хүүхэд бас далд ороод, ил гараад л байсан. Тэгээд л ус руу орж эрэгтэй хүүхдийг нь сугадаад эргэсэн чинь цаана бас нэг хүүхэд сарваганаад л байсан. Орох гэтэл бургас тээглээд орж болохгүй байсан болохоор дээгүүр нь үсрээд орчихсон доо. Хоёуланг нь аваад арай гэж эрэг дээр гаргаад иртэл "Дахиад нэг хүүхэд байна" гээд хүмүүс хашгиралдаад байсан. Эргэж ороод тэр хүүхдийг гаргасан. Тэр хүүхдүүд аавтайгаа усанд орж байсан юм билээ. Аав нь үйл явдал болоход усны захад байсан гэнэ. лээ. Айснаасаа болоод бие нь муудаад шоконд ороод уснаас гарч чадахгүй байх үед нь бас эрэг рүү чирч гаргасан.

-Хүн авартлаа хэзээ ингэж сэлж сураа вэ?

-Хүүхэд байхаасаа усанд сэлдэг байсан, Усанд сэлэх бол яахав хүний сонирхол шүү дээ. Би тэр улсуудад "Ийш, тийш нь яриад хэрэггүй ээ" гэж хэлсэн юм аа. Би чинь Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч шүү дээ. Гэхдээ сэлдэг сэлдэггүй нь хамаагүй. Гол нь тэр ус руу орох нь л гол юм шүү дээ.

-Зориг шаардсан үйл явдал гэж бодож байна. Та тэр үед өөрөө живчих вий гэж бодоогүй юу?

-Тэр эрсдэлийг бодоогүй. Бодлоо гээд усанд орохгүй мод хайгаад гуйж байлтай нь биш. Малгайгаа авч шидчихээд л ус руу үсэрсэн чинь нүднийхээ шилтэй л орчихсон байна лээ. Бас өөрөө нэлээд яарсан юм шиг байгаа юм.

-Ойр орчимд нь хэр олон хүн байсан бэ?

-Олон хүн байсан. Гэхдээ ус руу орсон хүн байгаагүй юм аа.

-Таныг "Шударга журам" медалиар шагнавал та авна биз дээ?

-Та нар тийм юм ярьж болохгүй шүү.

-Яагаад болохгүй гэж. Та хүний амь аварсан шүү дээ?-(инээв)

-Амийг нь аварсан тэр хүмүүс мэдээж баярласан байх.

-Дараа нь танд юу гэж байна?

-Тэд гэр бүлээрээ, аав, ээж нь гурван хүүхэдтэйгээ явсан юм билээ. Усны захад сэрүүцээд л нүүр, гараа угаагаад байж байсан гэсэн. Тэгтэл хүүхдүүд нь хөвөөд явчихсан байгаа юм. Бүгдээрээ ийм байдалтай байхад голын эрэг дээр эхнэр нь сандраад бахирч байсан. Нэг хэсэгтээ тэр хүмүүс шоконд орчихсон юм шиг байна лээ. Нэлээд тайвширсны дараа "Баярлалаа" гээд хүрч ирээд зураг хөргөө та туулаад явсан. Бас тэр нэг жаахан хүүхэд нь бүр сүүлд над руу ирээд уйлаад байна лээ, хөөрхий,

-Хэд орчим насны хүүхдүүд байв?

-Арван гурав, дөрөвтэй болов уу гэмээр хүү байсан. Хоёр эгч нь 15-17 настай болов уу.

-Гэр бүлийн хоёр хэдий насны хүмүүс байна?

-Дөч гаруй насны залуу хүмүүс байна лээ Хоёр охин нь нугардаг гэсэн. Авьяастай охид юм шиг байна лээ.

-Тан руу дахиж холбогдсон уу?

-Үгүй ээ. Ер нь бол тэр газар загасчилдаг голын тохой юм билээ. Тэрүүхэндээ ус нь тогтчихдог, тэгээд их гүнзгий байсан. Азтай нь голын ширүүн урсгал руу орчихвол би гүйцэхгүй байсан юм. Яг тэр ширүүн урсгал руу ус нь яваад байсан байхгүй юу. Сүүлд нь надад тэгж бодогдсон юм. Яг тэр тохой дотор нь байхад гаргаж ирсэн нь болсон юм. Их өндөр эрэгтэй учраас гарч ирж чадахгүй улс амьтан татаж байж эрэг дээр гарсан даа.

-Өмнө нь танд хүний амь аврах тохиолдол таарч байв уу?

-Таарч байгаагүй ээ.Ер нь бол би Хараа голын эрэгт өссөн хүн. Н.Энхбаяр Ерөнхий сайдыг Засгийн газар тэргүүлж байхад бид спортоор их хичээллэдэг байсан юм. Долоо хоногт нэг, хоёр удаа бассейнд очиж сэлээд бүр тогтмол хэвшил болчихсон байсан шүү. Яахав, энд тэнд явахад далай, тэнгист сэлдэг ч яг ингэж хүний амь аврах тохиолдол гараагүй. Хүүхэд байхад бие биенээ уснаас татаж гаргах тохиолдол байж л байсан. Ер нь гал, усны аюул хэцүүлдээ.

-Өглөө бүлгийн хуралд ороход "нэг ангийнхан" чинь яаж хүлээж авч байна?

-Би сонин хараагүй байж байгаад орсон. Манай гишүүд хуралд ормогц л урдаас "баяр хүргэе" гээд байсан. Би гайхсан л даа. Гэтэл сонин дээр гарсан байна лээ. Дараа нь би АН-ын бүлгийн хуралд орж төсвийн ажлын хэсгийнхээ ажлыг танилцуулсан юм. Тэд бас бүгдээрээ баяр хүргээд байсан. "Их хурлын нэр хүндийг өргөсөн сайхан үйл явдал болжээ" гэж хэлж байна лээ. Сайхан л санагдсан.

-Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчөөр хэдэн жил ажиллаж байгаа билээ?

-2000 оноос. Одоо яг арван жил болж байна.

-Энэ спортын зэрэг цол бий юу?

-Байхгүй ээ, байхгүй.Уулзаж суухад өрвөгөөр нь орж. ирсэн хүмүүс түүнд баяр хүргэсээр байв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.